Дээхнэ үед гэсэн. Завхан аймагт тээвэр хийж явсан жолооч замын гуанзанд буужээ. Жолооч эр ихэд өлсч, ядарч явсандаа ч тэр үү “150 бууз авья” гэж. Тогооч бууз байхгүй, өндөг л байна гэхэд мань эр буузнаас арай бага юм даа гэж бодон “арвыг авья” гээд, бүгдийг нь нэг дор идчихээд яваад өгчээ. Замдаа жолооч эр хордлогод орж, үхдэгийн даваан дээр азаар замын хүн таарч амийг нь аварсан гэдэг.
Монгол байгалийн баялгаар элбэг. Алт, зэс, нүүрс, уран, төмөр гээд Монголын газрын хэвлийн дор зүсэн зүйлийн ашигт малтмал бий. Чанар сайтай, нөөц ихтэй. Гэхдээ байгалийн баялагтаа хэтэрхий шунавал өндөг хэтрүүлж идсэн өнөөх жолооч шиг болохгүй гэх газаргүй болж. Байгалийн баялгийг хэт шүтсэнээр бид хараалд нэрвэгдэж, хордлогод ороход ойртжээ.
Сингапур, Хонгконк бол газрын дороо баялаггүй хэрнээ улс хэрхэн хөгжиж болдгийн тод жишээ. Монголчууд хэнэггүй, эсвэл тэнэг, бүр дүлийдээ ч юм уу хүний үгийг сонсч, хүлээж авахдаа маруухан. Гадаадын судлаачид, шинжээчид, ОУВС, Дэлхий банкны зүгээс өгөх “Монгол байгалийн хараалд нэрвэгдэх эрсдэл өндөр байна шүү” гэх анхааруулгыг анзаарч байгаа эрх мэдэлтэн тун цөөн.
Бага хуралд оролцон илтгэл тавьсан өөрийн орны Ерөнхий сайд болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларкийн хэлсэн үгийг сонсч байхад монголчууд баялгийг шүтэх үү, эсвэл захирах уу гэдгийг одоо л сонгох хэрэгтэй болж. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр олноор бий болгон ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, мэдлэгт суурилсан, иргэдэд ээлтэй эдийн засагтай, хүнээ хөгжүүлэн өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохыг зорьж байгаагаа, засаглалаа сайжруулж, ил тод, тунгалаг, хариуцлагатай байх, хуулиа мөрдөж, бүх салбарт шинэ стандарт, хэм хэмжээг нэвтрүүлэн, төрийн албанд байгаа хүнд суртал, авлига зэргийг устгах ёстойгоо Ерөнхий сайд С.Батболд гадаадынханд дуулгав.
Харин НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк эрдэс, шатахууны экспорт нь Австрали, Канад, Норвеги зэрэг өндөр хөгжсөн зарим улс орны эдийн засагт чухал байр эзэлдэг нь үнэн хэдий ч байгалийн баялаг экспортлогч орнуудын дийлэнх нь хөгжиж буй ертөнцийн орнууд байгааг анхаарах хэрэгтэйг бидэнд сануулав. Байгалийн баялгийг хэрхэн ашиглах нь гэрийн эздээс шалтгаална. Гэрт байгаа хурааж хуримтлуулсан бүхнээ цөлмөж идээд дуусах уу, эсвэл үр ашигтай зүйлд зарцуулж, өв хөрөнгө болгох уу гэдэгт өнөөдөр монголчууд тун хариуцлагатай хандах хэрэгтэй болж. Гадаадын шинжээчид байгалийн эрдэс баялаг зөв ашиглавал ихээхэн үр ашигтай, харин байгаа баялагтаа сагсуурч, баялгийг хэт шүтвэл хараалд нэрвэгдэж, халаас хоосон хоцорно гэдгийг монголчуудад олонтаа сануулсан. Норвеги, Канад, Австрали, Ботсвана, Чили зэрэг улс байгалийн баялгаа оновчтой ашиглаж хүний хөгжлийнхөө түвшинг дээшлүүлж чадсан байна. Ботсвана гэхэд Монголтой адил далайд гарцгүй. Гэсэн атлаа тус улс эрдэнийн чулуу олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг. Тус улс уул уурхайн орлогынхоо ахиухан хэсгийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж, орлогынхоо тодорхой хэсгийг тусгай санд, мөн ирээдүй хойч үедээ зориулж хуримтлуулдаг болжээ. Харин монголчууд байгалийн баялгаасаа орж ирсэн мөнгийг бэлнээр нь тараахыг чухалчилж байна. Улс төрийн амлалтаа гүйцээж, ирэх сонгуульд иргэдээс “коко” авахын тулд Монголын шийдвэр гаргагч, хууль батлагчид ирэх жилээс сая саяар нь мөнгийг тараахаар зэхэж буй.
XX зууны эхэнд Европын хамгийн ядуу орны нэг байсан Норвеги одоо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэлхийн хүний хөгжлийн индексийг тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл Норвеги, Ботсвана улс байгалийн баялгийн сайн, оновчтой удирдлага, менежмент хэрэгжүүлж чадсан байна. Өмнөд Номхон далайн Науру фосфатаа экспортолж, 1960-1970-аад оны үед нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд хоёрдугаар байрт орж байжээ. Тухайн үед науручууд баян, бас бардам байж. Тэд хэзээ ч хоосорч, сайхан байсан цагаа санагалзаад суухын чинээ санаагүй байх. Өнөөдөр Науру ямар байна вэ. Тус улс байгалийн баялгаа зүй бусаар ашигласнаас орлого нь тасарч, иргэд нь фосфатын уурхай байсан газраа л тойрч амьдардаг, байгаль, экологи нь авах юмгүй болж. Энэ аюул Монголд ойрхон байгааг, Монгол Улс “Голланд өвчинд” өртчихөөд байгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк бас л санууллаа.
Тэгэхээр баялгийг шүтэх үү, эс эсвэл захирах уу. Хэрвээ шүтвэл Науругийн түүхийг л давтана. Тиймээс л Монголын хууль батлагч, шийдвэр гаргагчид гадаадынхны сануулгыг нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ битгий л гаргачихаасай билээ. Монголчууд науручуудыг дуурайх бус Ботсвана, Норвеги, Канад, Австралийн туршлагыг хэрэгжүүлж болохгүй гэж үү.
"Ардын эрх" сонин