Д.Энхбат: Огцруулах асуудалд бид оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Огцруулах асуудалд бид оролцохгүй

УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга Д.Энхбаттай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УДШ-ээс Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн. Гэтэл та албан ёсны байр сууриа дэлгэрэнгүй тайлбарлалгүй өнөөдрийг хүрсэн. Цөөн хүмүүс л таны хувийн блог дээрээс чинь тодорхой ойлголт авсан байх. Тайлбар, ярилцлага хийхгүй байсан шалтгаан юунд байв?

-Бидэнд ямар ч бичиг, шийдвэр ирээгүй байсан болохоор тайлбар хийгээгүй юм. Юу болсныг бид өөрсдөө ч ойлгоогүй болохоор юуг тайлбарлах вэ. УДШ-ийн шийдвэр үндэслэлийг ч нь ойлгоогүй. Миний оронд ямар ч хуульчийг тавьсан хариуг яагаад ийм шийдвэр гарсныг нь хэлж чадахгүй байна. 

-УДШ-ийн шүүгчидтэй уулзсан уу?

-УИХ-ын гишүүнийхээ хувьд УДШ-д мэдээлэл хүссэн өргөдлөө явуулсан байгаа. Ямар баримт материалыг үндэслэн МНН-ын дүрмийг өөрчилсөн тухай шийдвэр гаргасан тухай нь асуусан. УДШ нь удахгүй нөгөөдүүлийн бүрдүүлж өгсөн материалын хуулбарыг үзүүлэх байх.

-Албан бусаар ч гэсэн танилцсан уу?

Хэвлэл мэдээллээс л үзсэн.

-Хэр үндэслэлтэй юм байна?

-Би анх гайхсан. Гэхдээ манай намынхан огт айж цочирдоогүй. Уг нь бид олны нүдэн дээр найман зуугаад гишүүдийн төлөөлөлтэй хуралдаж нэгдэх шийдвэрээ гаргасан. Иргэний Зориг-Ногоон нам нь бүртгүүлэх өргөдлөө УДШ-д өгсөн. Энэ асуудал нь тав дахь сардаа үргэлжлээд явж байгаа. Гэтэл гэнэтийн зүйл гарч ирсэн нь тэр.  Уг нь найман зуугаад гишүүдийн гаргасан хамтын шийдвэрийг УДШ өөрчлөх эрх огт байхгүй.

-Хуулийн мэргэжлийн хүмүүстэй уулзахад?

-Өмнө манай намын гишүүн ч байгаагүй н.Батбаатар, С.Маам нарын тамгагүй, гарын үсэгтэй өргөдлийн дагуу л асуудлыг шийдсэн юм билээ. Надаас тамга нэхээд байгааг бодоход УДШ нь ямар ч тамгагүй материал хүлээн авсан бололтой юм. Хуульчид хоёр янзын тайлбар хийж байна. Нэгдүгээрт, ИЗНН-ын бүртгэлийн ажил явагдаж байхад ийм шийдвэр зэрэгцүүлэн гаргасан  нь маш эргэлзээтэй. Хоёрдугаарт, уг шүүх нь намын бүртгэлийн асуудлаар тамгатай материал л хүлээн авах ёстой. Иргэн хүний өргөдлөөр байгууллагын дүрмийг өөрчилж болдог юм уу гээд бодоход л ойлгомжтой. Тэгвэл маргааш хаа нэгтэй зуун хүн цуглаад МАН-ын дүрмийг өөрчилж болно гэсэн үг үү.

-Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлснийг чинь З.Алтай гишүүн “яах вэ, гомдлын мөр. Нэг бичиг өгөөд үзье л гэх шиг боллоо” гэж хэлж байна билээ. Тэр бичгийг явуулснаараа ямар нэг үр дүн гарах байх гэж найдаж хүлээсэн зүйл байна уу?

-Ерөнхийдөө шүүх засаглалын асуудал нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд байдаг. Энэ нь зөвхөн Ногоон намынх биш, Монголын шүүхийн тогтолцооны асуудал. Ганц хоёрхон шүүгчид энэхүү шүүхийн тогтолцоо, зарчмыг эвдэж болохгүй биз дээ. Өнөөдөр яах вэ, Ногоон намын л асуудал шиг харагдаж байна. Гэвч тэд юуг ч бусниулж болох нь. Үүнийг л бид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асууж байгаа юм. Та “шударга ёсыг тогтооно гэсэн. Түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх юм” гэж асуусан. Бид мэдэгдлээ явуулахдаа Ерөнхийлөгчийг огт буруутгаагүй. Харин шударга ёсыг бий болгох санаачлагаа улам эрчтэй явуулахгүй бол болохгүй нь байна шүү гэдгийг сануулсан.   

-Намын гишүүд юу гэж байна?

-Зөвхөн гишүүд ч гэлтгүй иргэд хүртэл надаас асууж байна. “УДШ ийм зүйл хийж байхад, маргааш бид яах болж байна” л  гэж байна. Намын дотоод асуудалд шүүх оролцдоггүй. Үүнийг нам дотооддоо олонх цөөнхөөрөө шийддэг. Тэгвэл Монголын бүх төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлийнхөө хурлаар биш, шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэсэнтэй адил утга болох нь гэж байна.

-О.Бум-Ялагч, С.Маам нарын МНН-ын дүрмийг өөрчлөх болсон хурлыг анхнаасаа нэг их ойшоогоогүй нь алдаа болжээ, та нарын хувьд?

-Намын их хурлыг хуралдуулах шийдвэрийг Ногоон намын удирдах зөвлөлийн 21 гишүүний 15 нь дэмжсэн. Ер нь бол хоёр хүн нь төрийн албанд орсон байсан болохоор 19 хүнээс 15-ийнх санал гарсан гэсэн үг. Намуудын нэгдэх шийдвэрийг дөрвөн хүн эсэргүүцсэн. Гэтэл тэдний дүрмийн өөрчлөлт хийх хурал гэгчийг нь тэр дөрвийн нэг нь л зохион байгуулсан. 

-Энэ бүхний ард нь томоохон улс төрчид байгаа гэж зарим хүн таамаглаж байна. Тухайлбал, Н.Энхбаяр ч юм уу?

-Хөндлөнгийн хүмүүсийн дүгнэлт холбогдож байгаад би гайхаж байна. МАХН-ын нэрийг бүртгэсэн шүүгч нарын нэр давтагдаж байгаа. МАХН-ын нэрийг хөөцөлдөж байсан хуулийн баг өнөөдөр Ногоон намын дүрмийг өөрчлөх хуулийг баг болчихсон явна. Тэд бүгд мөн сонгуулийн жагсаалтын гуравт багтахаар эвсэл байгуулахаар ярьцгааж байна. Миний хувьд “энэ бүхний ард Н.Энхбаярыг байна” гэж хэлэхээс илүү “бүх зүйл давхцаж байна” гэж хэлж чадах нь. Одоо төрийнхөн, улстөрчид шүүхийн хараат бус байдлын ард нуугдчихаад, төр гэдэг зэвсгийг хэрэглээд байвал яах вэ гэдэгт л хариулт олмоор байна.

-УДШ гэнэтийн шийдвэр гаргахаас өмнө та бүхэнтэй ямар байдлаар ярилцаж байсан бэ,  таван сарын хугацаанд?

-Дээд шүүхээс ярьж байсан зүйл нь “та нарыг бүрдүүлж өгсөн материалуудад ийм зүйлүүд дутуу байна” гэх тухай л зүйл ярьж байсан. Тухайлбал, “танай найман аймгийн төлөөлөгчдөөс өргөдөл гомдол ирсэн. Үүнийхээ учрыг ол” гэх албан бичиг бидэнд явуулсан. Уг албан бичгийг явуулснаараа УДШ хоёр том алдаа гаргасан. Эхнийх нь намын бүртгэлийн асуудлыг гэм буруутнуудыг шүүж байгаа мэт нотлон шалгах үйл ажиллагааг шүүх хийдэггүй. Гэхдээ тэр өргөдлийг нь бид шалгасан чинь тал нь хуурамч болох нь тогтоогдсон. Тэгээд ч өргөдөл гомдол бүрийн араас явбал хэдэн ч өргөдөл ирэхийг үгүйсгэхгүй. Ингэхээр намын бүртгэлийн асуудлыг зуун жил үргэлжлүүлэх юм уу.

-С.Оюун гишүүн, ИЗН нь дангаараа олон улсын улс төрийн байгууллагад гишүүнээр элссэн мэдээлэл нь зарим хүнийг бүр ч төөрөгдүүлчих шиг боллоо?
 
-Үүнд гайхаж, эргэлзээд байх зүйл үгүй. Шинэ тамга тэмдгээ авах хүртэл намууд тусдаа гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлээд л явдаг. Тэр ёсоор л болсон зүйл.

-“МНН-аас Д.Энхбатыг хөөсөн тухай” мэдэгдлийг өгөхөд та тамгаа өгөхгүй гээд бичгийг нь урж хаясан гэсэн. Их л бухимджээ дээ?

-Тамга миний хувийн хөрөнгө биш намынх. Түүнийг би өгье гэсэн ч өгөх эрх байхгүй. Намайг тамгаа өг гэж мэдэгдэл өгөхөөр нь би түүнийг нь урж хаясан тухай бас л жүжиг зохиосон байсан. Гэтэл би ядаж тэр мэдэгдлийнх нь цаасыг ч олж хараагүй л байна. Хэн нэгэн хүмүүс хаа ч хамаагүй цуглаад намайг хөөсөн тухай шийдвэр гаргаж болно. Гэвч тэд намайг намаас хөөж чадахгүй.

-МАХН-ын жишээтэй адилхан замаар л явчих нь ээ?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүртэл УДШ нь хүлээж авалгүй МАХН-ын нэрийг бүртгэчихсэн л дээ. Ер нь бол намын үнэмлэхтэй хүмүүс л намынхаа асуудлыг шийдэх болохоос биш намд хамааралгүй хүмүүс аль нэг намын асуудлыг шийднэ гэж болохгүй. Иймд бид О.Бум-Ялагч нарын УДШ-д өгсөн материалтай нь танилцмаар байна. Ямар тамга тэмдэгтэй, ямар үнэмлэхтэй хэн хэн гаргасан гэдгийг нь хармаар байна.

-Шүүхээс гаргасан шийдвэрийг үндэс болгоод ирэх сонгуульд тэд оролцох  боломжтой болох нь. Харин та нар?

-Намайг хэн болчихов гэж асууж байх шиг байна. Би ИЗНН-аас албан ёсоор сонгогдчихсон, тамга тэмдгээ хүлээж буй дарга. С.Оюун ч түүнийг хүлээж, ИЗН-ынхаа үйл ажиллагааг авч явж буй дарга нь. Үүнийг манай намын 800 төлөөлөгч шийдчихсэн. УДШ-ээс бидний хамтын шийдвэрийг хүлээж авах боломжгүй, Үндсэн хууль зөрчсөн байна гэх шийдвэр гараагүй болохоор удахгүй бүртгэх байх.

-Өмнө гаргасан шийдвэрээ үндэслэл болгоод та нарын материалыг дээд шүүх бүртгэхээс татгалзах юм биш үү?

-Энэ чинь харин Монголын шүүхийн системийг мухардалд оруулж байна. Чиний асуултыг арай өөрөөр ойлговол “Монголын шүүхийн систем мухардалд орсон үед та нар ирэх сонгуульд яаж оролцох вэ” гэж байх шиг байна. Гэхдээ амьдрал чинь ганцхан замаар явдаггүй шүү дээ.

-Одоо та нарын зүгээс ямар алхам хийх вэ?

-Бид өмнө гаргасан намын их хурлынхаа шийдвэрийн дагуу л явна. Бид нарын шийдвэрт дээд шүүх саад болоод байгаа болохоос биш бид шийдвэрээ өөрчлөөгүй. Гэвч энэ үйл явдал биднээс хамааралгүй боллоо шүү дээ. Хэн хаана, юу хийгээд явж байгааг бид мэдэх боломжгүй. 

-Тийм л юм бол яг тэдэнтэй адилхан алхам хий л  дээ. Дахиад өөр газар хэдэн хүн хуралдуулаад намынхаа дүрмийг өөрчилчих. Тэгээд түүнийгээ УДШ-д өгвөл адилхан тохиолдолд нэгэнд нь зөвшөөрөөд нөгөөд нь татгалзахгүй байлгүй?

-Хэрэв тэгэх юм бол бид адилхан луйварчин болох байлгүй. Нээрээ зарим хүмүүс ч МАН-ын, Ардчилсан намын дүрмийг өөрчилье гэж ярьж байх шиг байна лээ /инээв/. Гэхдээ бид хуулийг дээдлэх зорилго тавьсан атлаа, тэдэн шиг аашилж болохгүй байх аа.

-Манайхан чинь албан тушаал, эрх мэдэлтэй болсон нэгэнд тал засаад, дагаад гүйлдчихдэг. Харин үгүй болчихвол эсрэг зүйл болдог. Магадгүй таныг юу ч үгүй болчихлоо гэж бодоод зангаа хувиргах хүн гарсан уу?

-Үгүй ээ. Харин хамгийн сонирхолтой нь энэ бүх үйл явдал манай намын гишүүдийг улам ойртуулж байна. Өөрөөр хэлбэл олон зуун хүний хамтын шийдвэрийг нулимж хаясан энэ зүйлийн эсрэг нэг бодолтой байгаа. Их хуралд сууж байсан тэр хүмүүс, түүнийг дэмжиж байсан орон нутгийн мянга мянган иргэд юу бодож байгаа бол.

-Танай нам ч гэлтгүй улс төрийн нөхцөл өөрөө хөдөлгөөн ихтэй байна. Засгийн газрын хийсэн гэрээнээс үүдэлтэйгээр огцруулах бичиг ч гишүүдийн гар дамжин явж буй. Зарим нь нэгдэж байхад зарим нь эсрэг байр суурьтай байна. Засгийн газартай холбоотой энэ хөдөлгөөнд та оролцож байгаа юу?

-Бид Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаанд оролцохгүй. Угтаа энэ Засгийн газар нь анхнаасаа Үндсэн хуулийн эсрэг байсан. Төр хэн барихыг ард түмэн шийддэг. Ард түмэн МАН-ыг төр барь, бусад нь сөрөг хүчин байг гэж шийдсэн. Гэтэл Ардчилсан намыг төр барихад оролцохыг МАН-ын удирдах зөвлөл шийдсэн. Ингэхээр Үндсэн хуулийн дээрх тулгуур зарчмыг зөрчсөн болж таарч байгаа биз.  МАН өөрсдөө бантан хутгасан юм чинь одоо өөрсдөө л учраа олог.

-Үндсэн хуулийг өөрчлөх төсөл мөн л энэ өдрүүдийн сэдэв болж байгаа. Энэ талаар боловсруулагдсан хэд хэдэн төслүүдийг нэгтгэж нэг хуулийн төсөл бэлэн болсон байна. Тус тусад нь байсан төслүүдийн нэгнийх нь “автор” байсных нь хувьд та нарын гишүүдийн санаачилсан өөрчлөлт одоогийн хуулийн төсөлд хэр туссан байна?

-Бид Үндсэн хуулийн олон өөрчлөлтийг дэмжиж байхад заримыг нь эсэргүүцэж байгаа. Бүхэлд нь дэмжих, эсэргүүцэх боломж байхгүй нь. Ингэхээр асуудал бүрт тусад нь санал өгөөд хамгийн олон дэмжлэг авсныг нь оруулахаар шийдсэн.

-Эсрэг байр суурьтай байгаа нь юу гэж?

-Тухайлбал, сая орж ирсэн өөрчлөлт дээр Улаанбаатар хотын даргыг Ерөнхий сайд томилдог хуучин байдлаараа орж ирсэн байна. ИЗНН-ын байр суурь бол Улаанбаатар хотын даргыг иргэд нь өөрсдөө сонгодог байх тухай.

-Хууль тогтоох байгууллагыг гүйцэтгэх байгууллагаас салгах тухай санаа чинь нэгтгэсэн хуулийн төсөлд Засгийн газрын гишүүнийг нь УИХ-ын гишүүний гуравны нэгээс бүрдэж болох тухай зохицуулалттай орсон байна. Үүнийг шууд салгачих боломж байхгүй юм уу?

-Нэгдүгээрт Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байх хэрэгтэй байгаа юм. Мөн гадаадад улсаа төлөөлөх ГХЯ-ны сайд нь гишүүн байсан нь ач холбогдолтой. Мөн Сангийн сайд УИХ-ын дарамтад оролгүй ажиллах ёстой. Иймэрхүү шалтгаанаар гурав, дөрвөн сайд гишүүн байсан нь дээр байгаа юм.  Салбарын яамдад бол ийм шаардлага байхгүй л дээ.

-Нэгтгэсэн хуулийн төслөөс олон нийт шууд салган авч шүүмжилж буй зүйл бол гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай асуудал. Үүнийг яаж харж байна?

-Өнөөдрийн парламентын нэр хүнд уначихсан тул ард түмэн шүүмжлэлт нүдээр хараад байгаа юм. Уг нь бол гишүүдийн тоо 100 орчим байхад зөв гэж бодож байна. Их хуралд олон байнгын хороод төрөлжсөн байдлаар байдаг. Өнөө цөөхөн гишүүд юм болгон руу ордог. Харин арай олон гишүүн байвал тодорхой салбар чиглэлээр төрөлжин мэргэшиж болно. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төрийг барихад арай олон хүн орог гэж харж болно. Хүмүүс яагаад эсэргүүцээд байгааг ч ойлгож байна. Өнөөдөр УИХ-ын гишүүнийг мөнгөөр сонгогддог, олигархи болгочихсон учраас иргэд эсэргүүцэж байгаа. УИХ-д шударга хүмүүс ордог, сайн ажилладаг байвал иргэд аль болох олон л хүн байлгахыг бодно. Өнөөдрийн их хурлыг байгаа жишгээр 100 хүнтэй болно гэвэл маш асуудалтай.

-Иргэд олон нийтийн хардлагаас салахын тулд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оноос эхлүүлэх байдлаар тавьж болохгүй юм уу?

-УИХ-д өрсөлдөөн орсон цагт намууд сайжирч эхэлнэ. Бид ганцхан зүйл хийж чадах нь өрсөлдөөнийг бий болгох.

-Сонгуулийн тогтолцоон дээр эрх баригч намууд бараг л тохирч байгаа гэх юм. Энэ талаар ямар хандлага байна?

-Монголын ард түмэн парламентад төлөөлөлтэй байх гэж л сонгуулиа хийдэг. Хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл, хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлийн төлөөлөл гээд олон зүйлийг тусгахын төлөө сонгуулийн хуулийг хийх хэрэгтэй. Түүнээс биш МАН, Ардчилсан намд ашигтай байдлаар сонгуулийн тогтолцоог шийдэж болохгүй.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж