Тэнгис хүүгийн талаар дурсах болсон нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын санаачлагаар “Хүүхэд хамгааллын төв”-ийг шинээр нээж, Хаяг тогтоох төвд удаан хугацаагаар амьдарч байсан хүүхдүүдийг гэр оронтой болгож, асран хүмүүжүүлж байгаа аж. Тус төвийн нээлтэд НХХ-ийн сайд Т.Ганди оролцож байна лээ. Хүүхэд хамгааллын төв нь 53 хүүхэдтэй бөгөөд тэд нь 4-17 настай. Тэнгис хүү энэ төвийн хамгийн бяцхан хүү. Аав аа, ээж ээ гэж дуудахгүй ч тэднээс нь илүү хайр халамж, энхрийллээр дүүрэн “ах аа, эгч ээ” гэж дуудах гэр бүлтэй болсон. Хаяг тогтоох төвийнхөн хүүг хэн гэдэг, эцэг эхийг нь хайх боломжтой бүх байгууллагаас хүссэн боловч олоогүй гэнэ лээ. Яг Тэнгис шиг зовлонтой бяцхан хүүхдүүдээр өрх гэрээ бүрдүүлсэн нэгэн айл ийнхүү үүд хаалгаа нээлээ. Энэ төвд Хөвсгөл, Дархан-уул, Сэлэнгэ зэрэг аймгаас, мөн хаяг тогтоох төв, “Гэртээ харих зам”-ын хүүхдүүд байдаг.
“Гэртээ харих зам” төсөл хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын Т.Гандигийн санаачлагаар эцэг эхийн хайр халамжаас орхигдсон, хараа хяналтгүй хүүхдүүдийг гэрт нь хүргэх, тэднийг эцэг эхтэй нь хамт амьдрах боломжийг эрэлхийлэх сайн үйлсийн аян хийж байгааг олон хүн мэдэх учраас энд ярих нь илүүц биз. “Хүүхэд хамгааллын төв”-д харин хаягдсан хүүхдүүдийн гэр болно. Ахлах, дунд, бага насны гэх ангиллаар тус тусдаа өрөөнд амьдардаг. Хичээлдээ явах гэж байгаа дүүгээ “Зузаан цамцаа өмсөөрэй” гэх “ах”-ын үг нэг өрөөний хэд нь ах дүүгээс ялгаагүй болсныг илтгэнэ.
Биднийг очих үеэр бага насны буюу нэгдүгээр ангийн хэсэг хүүхэд хичээлдээ явах цаг нь болсон ч “Бид энэ ах эгч нарт хурдхан дуулаад өгчихье” гэх нь биднээс нэг л зүйл нэхээд байх шиг санагдав. Аав аа, ээж ээ гэж дуудах битүүхэн хүсэл ямар их байгааг тэдний нүднээс харж болно. “Нааш ир, аниа” гэж Тэнгис хүү намайг дуудахад тэр мөчид өөрийн эрхгүй орхиод явсан эцэг эхийг нь үзэн ядах сэтгэл төрүүлсэнийг нуух юун. Дуудаж ирээд л налж суугаад зургаа авахуулах тэр бяцхан хүү хэнд ч хэрэггүй хог шаар мэт үзэгдэж, гудамжинд гурав хоносон гэж бодохоор зүрх зүсэгдэнэ. Гэхдээ одоо түүний ирээдүй гэгээтэй болсоон гэж өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Тэр одоо алзахгүй ээ. Ах эгч, сайхан гэр орон, олон хүний хайр халамж тэднийг аз жаргалтай болгоно гэдэгт итгэхийг хүснэм. Тэр замыг Т.Ганди гэх эмэгтэй тавьж чадсан. Энэ өдөр сайд, улстөрч гэдгээс илүү энгийн, өөрөөр харагдаж байлаа.
Бидний эргэн тойрон гуйлга гуйж, тэнүүчилж, хоол горьдож явах халтар хүүхдүүдтэй бид өдөр бүр таардаг ч үг сольж үзээгүй. Бидний хийж чадаагүй тэр зүйлийг Т.Ганди гэх эмэгтэй хийсэн байна. Энэ төв байрныхаа бололцоо, багтаамжид тааруулаад цөөхөн хүүхдийг л авч чадсан байна. Гэхдээ дахиад хүүхэд ирсэн ч бид татгалзаж чадахгүй гэдгээ асрах төвийнхөн хэлж байна. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.
"Ардын эрх" сонин