ДОХ-оос айж болох ч хүнээс айж болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

ДОХ-оос айж болох ч хүнээс айж болохгүй

“Энэ бол төгсгөл биш, харин ч эхлэл”. АНУ-аас Монгол Улсад ирсэн сайн дурын ажилтан Жой Кээри ийн ярьж байна. Тэр энгийн нэг сайн дурын ажилтан биш. Кееригийн амьдралын сүүлийн 28 жил “тэмцэл” дунд өрнөсөн гэж хэлж болох. Учир нь 28 жилийн турш ДОХ-ын халдвартайгаа тэмцэж байгаа нэгэн.

1983 он бол ДОХ-ын вирусыг нээгээд удаагүй байсан үе. Тэр үед хүмүүс, тэр ч байтугай өөрөө ч энэ өвчнийхөө тухай хангалттай мэддэггүй байжээ. “Би шүдний эмчээр ажилладаг байсан. Хамгийн анх халдвар авсанаа мэдээд чухам яаж ажилтайгаа үлдэх вэ л гэж бодсон” гэж Жой Кээри ярьж байна. Тухайн үеийн нийгэм энэ өвчнийг хүлээж авах сэтгэл зүйгүй байсан болохоор халдвартайг нь мэдсэн л бол тухайн хүний ажил, карьер, бүх зүйл байхгүй болох хувь заяа хүлээж байсан хэрэг. Халдвартайгаа мэдсэнээс хойш тэрээр хүнд өвчин туслаа гэж шаналсангүй. Харин ч энэ өвчин туссан олон арван хүмүүст өвчнөө хэрхэн даван туулах тухай таниулж, олон нийтэд ДОХ-ын халдвартай хүн бусад хүмүүстэй л адил гэдгийг ойлгуулахын тулд сайн дурын ажилтан болжээ. Тэрээр “Анагаах хандлага” сайн дурын байгууллагын гишүүн. Өөрийн улсдаа болон ОХУ, Украйн, Японд уулзалт, сургалт зохион байгуулж байжээ. Жой Кээри манай улсад аравдугаар сарын 20-30-ны хооронд ажиллах юм байна.

Хайр айдсаас илүү хүчтэй…

ХДХВ/ДОХ-ын халдвар туссан хүний хамгийн гол дайсан нь айдас гэдгийг Жой Кээри баталж байна. “Энэ өвчнөөс айж л болохгүй. Намайг хайрлах гэр бүл, найз нөхөд гээд олон хүн байна. Би ингэж хайрлаж байгаагийнх нь хариуд зүгээр л яваад өгчихөж болохгүй” гэж Жой Кээри ярьж байна. Түүний ээж 94 насыг зооглон АНУ-д эрүүл, энх амьдран сууж байна. Магадгүй, хүүгийнхээ хүнд өвчнөө хэрхэн даван туулж байгааг харах гэж тэр байх. Мөн түүний төрсөн ах нь өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болоод ач, зээгээ тойруулан аж төрдөг гэнэ. Анх ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгийг нь мэдээд түүнийг гэр бүл нь улам их хайрлаж, илүү их хамт байх болжээ. “Би энэ их хайран дунд аз жаргалтай амьдарч байгаа азтай хүн. ДОХ-ын халдвар авсан хүмүүст гэр бүл нь ингэж ойлгох, дэмжих аз тэр бүр тохиолдоод байдаггүй. Тиймээс би их азтай хүн” гэж Жой Кээри ярьж байна.

ДОХ-оос айж болох ч хүнээс айж болохгүй…

Хэдийгээр ДОХ-ын халдвар авсан ч тэр  бол бидний л адил хүн. Хүнд байдаг эд эрхтэн, оюун ухаан, баяр гуниг бүгд түүнд бий. Биднээс ганц л зүйлээрээ ялгаатай нь тэр ДОХ-оор халдварласан. Гэвч ялгаварлан гадуурхах байдал тэр бүр арилахгүй л байна. “АНУ бол эрх чөлөөтэй орон. Гэхдээ л халдвар авсан хүмүүсээс айж жийрхэх явдал нэг мөр арилаагүй байна. 30 жилийн өмнөхөө бодвол дээрдсэн л дээ. Бага насны хүүхдүүд ч энэ өвчний талаар мэдэх болсон. Тиймээс бусад улсуудыг бодвол харьцангуй гайгүй. Гэхдээ айдас байдаг” гэж “Анагаах хандлага” олон улсын сайн дурын байгууллагын ажилтан Каролин Смит ярьж байна. Тиймээс тэд илүү олон хүмүүст энэ өвчний талаар зөв мэдээлэл өгөхийн тулд ажилласаар л байна.

Нуугдана гэдэг зөв сонголт биш…

1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр ДОХ-ын халдвартай хүмүүс олон нийтийн өмнө ил гарч өвчнийхөө талаар ярих нь зөвхөн зоригтнууд нь л хийдэг үйлдэл байжээ. Халдвар авсан хүмүүс нуугдах тусам олон нийт энэ өвчний тухай бага мэдэж, бага мэдэхийн хэрээр тэднийг улам их гадуурхах болсон байна. Харин өнөөдөр АНУ-ын өнцөг булан бүрт халдвар авсан хүмүүс олон нийттэй уулзах арга хэмжээ зохион байгуулсаар байгаа. Сүм, албан байгууллага, сургууль, цэцэрлэгт хүртэл уулзалтууд болсоор. Интернет, цахим хуудсаар энэ өвчин болон халдвар авсан хүмүүсийн талаар олон нийтэд зөв мэдээлэл өгсөөр байна.

Олон улсын сайн дурын байгууллагын гишүүд энэ сарыг дуустал Монголд ажиллах юм байна. Тэд халдвар авсан хүмүүс болон эрүүл мэндийн байгууллагуудтай уулзаж сургалт зохион байгуулах аж. “Танайд энэ өвчний талаарх олон нийтийн хандлага тааруу байдаг юм байна. Тиймээс бид хэрхэн зөв мэдээлэл хүргэх талаар мэдэх бүхнээ хэлэх болно” гэж Каролин Смит, Жой Кээри нар ярьж байна. Мөн тэдний ажилладаг “Анагаах хандлага” байгууллага Монголд салбараа нээж байгаа гэнэ.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж