Шүүхийн тухай багц хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Шүүхийн тухай багц хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулсан юм.

Түүний танилцуулснаар Шүүхийн тухай хуулийн төсөлд Шүүхийн ажлын ачаалал хот суурин газар, хөдөө орон нутагт харилцан адилгүй байдгаас эдийн засгийн үр ашгийн хувьд учир дутагдалтай байна. Түүнчлэн, шүүхийн тогтолцоо нь орон нутгийн засаг захиргаанд тулгуурласанаар тухайн засаг захиргааны хөндлөнгийн нөлөөлөл бий болгож байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс шүүхийн тогтолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршил, хэрэг, маргааны шийдвэрлэлтийн тоо зэргийг харгалзан тойргийн зарчмаар байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Аливаа иргэн, эрүү, захиргааны маргааныг  шийдвэрлэхэд шүүгчийн тухайн салбарын нарийн мэдлэг, мэргэшсэн байдал нь  нэн чухал байдаг ба энэ нь иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болдог тул анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм байна.

Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийн зорилт нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны  зарчим, шүүхийн ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгчид тавих шаардлага, шүүгчийн бүрэн эрх үүсэх ба дуусгавар болох үндэслэл, журам зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн зорилго чиглэжээ.

Харин Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.Энэ хуулиар  иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн статус, шалгуурыг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд бодитой, үр нөлөөтэй оролцох боломжийг бүрэн нээж, холбогдох зохицуулалтыг нарийвчлан оруулсан. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон байна. . Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөлд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахдаа талууд хүсэл зоригоо харилцан зөвшилцөх, сайн дур, талуудын тэгш эрх, зуучлагчийн хараат бус, хөндлөнгийн байдал, нууцлалыг хадгалах зэрэг зарчмуудыг баримтлах талаар тусгажээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хуульд боловсон хүчний нэгдсэн бодлого, баримтлах чиглэл, мэргэжил чадварыг дээшлүүлэх талаар тусгасан заалт байгаа эсэхийг тодрууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан “Өнөөдөр Монголд 435 шүүгч ажиллаж байгаа. 1998 оноос шүүхийн шинэчлэл явагдаж эхэлсэн учраас тасралтгүй сургалт явуулах үүднээс шүүгчдийг давтан бэлтгэх байнгын сургалт явагдаж байгаа. ХБНГУ, Европын холбоо АНУ болон бусад хандивлагч орнууд төсвөөсөө мөнгө гаргаад, шүүгчдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар тасралтгүй сургалт явуулахад хууль эрх зүйн болон хөрөнгө санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа” гэсэн хариу өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил эдгээр хуулиудыг хэлэлцэх эсэхийн тухайд хууль тус бүр дээр санал хураалт явуулах саналтай байгаагаа хэлээд “Шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч гэдэг нь зөвлөлдөх тасалгаанд ордоггүй, гэтэл энэ хуулиар тангарагатны шүүхийн журам рүү дөхөж байна.  Цалин хөлс авна урамшуулал авна. Анхан шатны бүрэлдхүүнтэй хуралдаанд гурван шатны төлөөлөгч гурвуулаа,  шүүгчидтэй зөвлөлдөх танхимд орж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн гурван шүүгч, иргэдийн гурван төлөөлөгч зөвлөлдөж олонхийн саналаар шийдвэрлэх юм байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг орвонгоор нь өөрчлөгдөж байгаа юм биш үү” гэж байлаа. “Ийм хэмжээний шүүгч, иргэдийн төлөөлөгч манайд байна уу. Асар том зарчмын өөрчлөлт рүү явж байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй” гэлээ. Түүнд “Хуулийн төсөл маш өргөн хүрээнд маш олон удаа хэлцэгдсэн. Харин шүүгчдийн иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах асуудлыг бид ярьж байгаад энэ хувилбараар оруулж ирсэн. Шүүгчид ч дэмжиж байгаа” гэж Ерөнхийлөгчийн зөвлөх П. Цагаан хариулав. Тус багц хуулиудыг хэлэлцэх эсэх талаар хууль тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ үеэр Ц.Цэнгэл нарын гишүүд санал тооллогын автоматжуулсан системийг сайтар хянаж шалгаж байж хэрэглэхгүй бол асуудал гарна шүү гэдгийг анхаарууллаа. Ийм системийг МАН нэг удаа туршиж үзсэн. дараа нь асуудал гарч байсан гэдгийг жишээ татсан юм. Хэрэв сонгуульд хэрэглэсэн машин асуудал үүсгэвэл юун 2008 оны долдугаар сарын 1 байтугай зүйл гарна шүү гэдгийг ч гишүүд анхааруулж байлаа. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 18.00 цагт өндөрлөв.

                             
  Д.ОЮУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж