С.Ганбаатар “Уолл Стритийнхэн”-тэй нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар “Уолл Стритийнхэн”-тэй нэгдлээ

Дэлхий нийтийг хамраад буй “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийг Монголд санаачилж буйгаа МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр Монголын банкууд зээлийн хүүгээ хэт өндөр тогтоон иргэд болон бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа тул үүнийг эсэргүүцэн ажиллахаар болжээ.

С.Ганбаатар “Дэлхий дахинд жилийн 6 хувийн зээлийн хүүг эсэргүүцэн тэмцэж байхад жилийн 20-25 хувийн хүүгээр дарамтлуулж, дээрэлхүүлж байгаа Монголын ард иргэд бид зүгээр сууж болно гэж үү. Яг л Манжийн үед мөнгө хүүлэлтээр ард түмэн нь туйлдаа хүрч байсан шиг гадаадынхны гар хөл болсон Монголбанк, Сангийн яамны золиос болж Монголчууд бид маш их хохирч байна. Энэ байдлаас гарахын тул энэ хөдөлгөөнийг бид өрнүүлж байна. Зээлийн хүүнд баригдаж, эзлэгдсэн байгаа Монгол орноо аваръя. Зээлийн хүүг дор хаяж нэг оронтой тоонд шилжүүлэх бүрэн боломжтой. Бид үүний тулд тэмцэнэ” гэлээ.

Мөн тэрбээр Сангийн яам, Монголбанк, эрдэмтэд, ажил олгогч эзэд болон МҮЭХ-ны төлөөллөөс бүрдсэн зохих хүмүүс хэлэлцээр хийн, зээлийн хүүг эхний ээлжинд нэг оронтой тоонд оруулах талаар ярилцах хэрэгтэй хэмээв.

Д.Дорж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж