
Хүн ам цөөтэй сумын төвд намаар талцах үзэл газар авч тухайн сонгуулийн жилд ямар нам гарснаас хамаарч цөөн тооны ажлын байр, төсөл хөтөлбөрийг өөрийн намын харъяаллаар тараах, улмаар иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрч байгаа байдал нь орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчилж намын харъяаллаар бус тухайн орон нутгийн удирдах дээд байгууллагад иргэд дундаасаа нэр дэвшиж сонгогддог, үүнийгээ дагаад хууль бус ажиллагаа явуулсан, иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн нэр дэвшигчийг орн нутгийн иргэд өөрсдөө эргүүлэн татдаг механизмыг оруулах нь бодит байдалтай нийцэх болсон тул энэ тал дээр Ардчилсан нам анхаарч ажиллахыг ЕНД Д.Эрдэнэбатаас хүслээ.
Хамтарсан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг иргэд бид шүүмжлэх биш харин дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд цаашид хэрэгжүүлэх ажлаа хурдасгах нь иргэд бидний амьдралд их чухал байна. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө өнөөдрийн байдлаар хэрэгтэй байгаа ч сар бүр тогтмол ордог орлогын эх үүсвэр хэрэгтэй байна. Ардчилсан намаас анх санаачлан хэрэгжүүлж байсан “Хүүхдийн мөнгө” хөтөлбөр нь нүдээ олсон ажил байсан. Сар бүр хүүхдэд олгодог мөнгө зогссон нь олон өрхийн амжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Иймд Ардчилсан намаас хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх саналыг тавьж байлаа. Засгийн газрын зүгээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн дээр өнгөрсөн өвлийн зуднаар малчин иргэдэд ТВ-ээр их хэмжээний тусламжийг үзүүлээд байгаа тухай гаргаад байсан. Гэтэл бодит амьдрал дээрээ тэр их тусламж нь жинхэнэ иргэддээ очихгүй байгааг орон нутгийн иргэд нуусангүй ээ. Цаашид байгалийн хүнд ширүүн энэ байдал үргэлжилсээр байх тул өвлийг өнөтэй давсан малчинг төрөөс урамшуулж шагнадаг жишиг тогтоовол малчин иргэдийг дэмжсэн бодлогын бас нэгэн ажил болох тул энэ ажлыг Ардчилсан намаас санаачлан бодит ажил болгохыг санал болголоо. Мөн Ардчилсан намаас санаачилсан “Мах,Сүү,Ноос” төслийг хэрэгжүүлж малчид бидний санхүүгийн эх үүсвэр болсон мах, сүү, ноос, ноолуурыг зах зээлийн ханшаар борлуулах тэрхүү бодит боломжийг бүрдүүлсэн ажлыг бид дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлж байлаа.
Уулзалтын төгсгөлд иргэд 2010,2011 онуудад Хамтарсан засгийн газар, УИХ Монгол улсынхаа хөгжлийн төлөө бодлогын олон асуудлыг хамтдаа шийдвэрлэж иргэд биднийхээ итгэлийг дааж ажиллахыг хүсч байгаагийн дээр одоо Монголчууд бид эв эеийг хичээн цаг мөч бүртэй уралдан ирээдүй хойч үеийнхээ төлөө зөв бодлого гарган ажиллах болсныг сануулж ерөөлийн үг айлдан уулзалтууд өндөрллөө. Уулзалтын дараа сумын иргэд, бяцхан хүүхдүүддээ зориулан хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн бэлтгэсэн тоглолтыг сонирхууллаа гэж Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.