”Бид арван жилийн дараа дэлхийд тэргүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”Бид арван жилийн дараа дэлхийд тэргүүлнэ”

Чанда Кочар: Бид арван жилийн дараа дэлхийд тэргүүлнэ

    
Энэтхэгийн “ICICI” банк гэрлийн хурдаар өргөжин тэлж, түүний захирал нь дэлхийн санхүүгийн зах зээлд од болон гялалзаж явна. Өдгөө 49 настай Чанда Кочар тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод дөнгөж гурав дахь жилийнхээ нүүрийг үзсэн ч байгууллагынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж чадсан. 2008 оны хямралаар томоохон банкууд толгой дараалан хиарч байх үед Чанда Кочар байгууллагаа алдрын оргилд хөтөлсөн. Түүний удирдсан хугацаанд банкны ашиг 30 хувиар дээшилсэн нь үүнийг баталж буй мэт. Харин энэ үеэр олон улсын санхүүгийн салбар ямар эмгэнэлт байдалд орж, хэчнээн сайн сайхан өнгөтэй өөдтэй банк дампуурсныг бид бэлхнээ мэднэ.Бусад нь уруудаж байхад “ICICI” дотоодын санхүүгийн салбарт тэргүүлэх зэрэгтэй хувийн банк болсон. Энэ нь удирдлагын ухаалаг оновчтой, эрс шийдэмгий бодлогын ач тус хэдий ч нөгөөтэйгүүр Энэтхэгийн нийт эдийн засгийн хөгжил нөлөөлсөн. Ялангуяа нийгмийн дундаж давхаргын иргэдийн амьдралын түвшин эрс дээшилсэн нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр болжээ. Энэ тухай болон амжилтынхаа нууцын талаар Чанда Кочар АНУ-ын “Fortune” сэтгүүлд ярилцлага өгснийг хүргэе. Дашрам хэлэхэд тэрбээр энэ оны дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн эхний тавд бичигдсэн.

-Та бага хугацаанд чамгүй амжилтад хүрч, манай сэтгүүлээс гаргасан дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад дээгүүрт бичигдлээ. Амжилтын оргил өөд мацах хэцүү байв уу?

-1947 онд болсон Пакистаны дайны үеэр манай гэр бүл Энэтхэгийн Синдх мужид нүүж ирсэн. Төд удалгүй миний эцэг намайг 13 настай байхад нас барж, ээж минь гурван өнчин хүүхдээ хүний газарт тэжээх үүрэг хүлээсэн. Тэрээр бидэнд ядуугийн зовлон амсуулаагүй өсгөснөөр барахгүй, хувцас загварын салбарт амжилт олсон. Энэ нь миний хувьд амьдралын сургууль болсон. Ээж минь надад амжилтад хүрэх замыг минь зааж өгч, унаж болох доод хязгаарыг мэдрүүлсэн. Иймээс би зөвхөн энэ хязгаараас дээгүүр амьдрах болно гэж өөртөө тангараг тавьсан.

-Таны амжилтад эхийн хайр халамж, сургааль хүмүүжил нөлөөлсөн бололтой. Харин танай банк Энэтхэгийн санхүүгийн салбарт тэргүүлсэн нууц юунд оршиж байна?

-Би амьдралынхаа сүүлийн 27 жилийг “ICICI” банкинд зориулсан. Манай байгууллага харьцангуй бага хугацаанд дотоодын тэргүүний хувийн банк болж чадсан нь эдийн засгийн өсөллтэй холбоотой болов уу. Дэлхийн э­дийн засагт хямрал нүүрлэсний ул­маас хөгжингүй улс орнууд зогсонги байдалд орсон. Гэсэн ч манай улс эрчимтэй хөгжих аж үйлдвэрийнхээ ачаар байран дээрээ зогсохгүй урагшилж явна. Төр засгийн оновчтой бодлогын ачаар нийгмийн дундаж давхарга улс орныг авч явж байна гэхэд хилсдэхгүй. Манай улс нийт 1.2 тэрбум хүн амтай бөгөөд дундаж орлоготой иргэдийн тоо жилд 20 саяар нэмэгдэж, 2027 он гэхэд энэ тоо 600 саяд хүрнэ гэсэн тооцоог гаргасан. Эдгээр хүмүүсийн дунд компьютерийн программист, эмч, багш нар зонхилж байна. Энэ хүмүүс бүгдээрээ эрхэлсэн ажилтай, цалин орлоготой гээд төсөөлөөд үз дээ. Үүнийг дагаад эдийн засгийн эргэлт, мөнгөний гүйлгээ асар хурдацтай нэмэгдсээр байна. Өсөн нэмэгдэх үзүүлэлтийг дагаад оновчтой бодлого явуулснаар бид харилцан ашигтай ажиллаж байгаа юм.

-Аливаа улсын хөгжлийн гол хөшүүрэг нь дундаж давхаргад оршдог гэж үздэг. Энэтхэгийн зах зээлийн гол онцлог юунд оршиж байна вэ?

-Дундаж орлоготой иргэд нэмэг­дэхийн хэрээр санхүүгийн үйлчилгээний салбар өргөжин тэлж, макро эдийн засгийг тэжээн тэтгэж байдаг. Нийт хүн амын бараг 40 орчим хувь нь дундаж давхаргад шилжиж буй нь ихэд олзуурхууштай хэрэг юм. Манай иргэдийн зан төлөв бусдаас зарим талаар онцлог байдаг. Жишээ нь хадгаламж нээлгэх, үл хөдлөх хөрөнгө авах тал дээр америкчуудтай харьцуулахад маш болгоомжтой ханддаг. Тэдний айдсыг харгалзан үзэж, итгэлийг нь алдахгүйн тулд бид ажиллах учиртай.

-Дэлхийд данстай “J.P Morgan” “Chase”, “Well Fargo” мэтийн аваргууд 2009 онд бараг нэг хүрэхгүй хувийн ашигтай ажиллахад танай байгууллага 28 хувийн ашиг олсон. Таны хатуу чанга, зарчимч чанар хямралын үед банкаа аюулаас холуур байлгасан гэдэг үнэн үү?

-Манай банк хямралын өмнөх жилүүдэд ипотекийн оновчтой бодлого явуулсан. Үүний ачаар бид хямралыг даван туулах санхүүгийн чадвартай болсон гэж боддог. Хямралын дараагийн жил буюу 2009 онд бид 1.2 тэрбум долларын ашигтай ажилласан. Өнгөрсөн онд гэхэд манай зээлийн актив 21 тэрбум долларт хүрсэн. Гэтэл улсын Төв банкных дөнгөж таван тэрбум орчим шүү дээ.

-Санхүүгийн хямралын үеэр дэлхий донсолж байхад танай банк огт ажраагүй учир юу вэ?

-2008 оны тэр хар өдрүүд өчигдөр мэт санагдаж байна. Хэзээ ч ганхахгүй мэт санагдаж байсан банкууд шилээ даран дампуурч, төр ивээлдээ авахаас аргагүйд хүрч байв. АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудын хувьд хар дарсан зүүд мэт байсан ч хөгжиж буй манайх шиг улсад харьцангуй зөөлөн туссан. Хувийн секторын цөөн хэдэн банк дорвитой арга хэмжээ аваагүй ч гайгүй өнгөрсөн юм. Харин хямралын дараагийн үе шат хөгжиж буй орнуудад хүндээр тусах магадлал өндөр байгаа.

-Танай банкны гол давуу тал бол зардлаа хэмнэх бодлого гэж ярьдаг. Асар хурдацтай өргөжин тэлэхийн хэрээр зардлаа нэмэхгүй яаж болоод байна вэ?

-Хэрэв зардал 30 хувиас илүү бол банк ажиллуулаад хэрэггүй. Би захирлаар ажилах хугацаанд нийт ажилчдын тоог 60 мянгаас хэтрүүлээгүй байж, үйл ажиллагааны зардлаа арван хувиар бууруулж чадсан. Би жилд 500 салбар шинээр нээж, хэрэглэгчдэд үйлчилгээгээ илүү ойртуулсан. Манай банкны хувьд дотоодод өрсөлдөгч үгүй. Харин АНУ болон өрнөдийн томоохон банкууд хүч түрэн орж ирэх эрсдэлтэй. Гэвч бид үүний эсрэг урьдчилсан арга хэмжээ хангалттай авсан гэж үзэж байна.

Бид ойрын арван жилийн хугацаанд “ICICI”-ийг дэлхийн шилдэг банкуудын нэг болгож чадна. Үүний тулд бид 90 тэрбум долларын активаа өдрөөр биш цагаар үржүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Ж.Даш

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж