”70 мянган айлыг орон сууцжуулах боломжтой”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”70 мянган айлыг орон сууцжуулах боломжтой”

Ч.Баярбат: Одоогийн байдлаар 70 мянган айлыг орон сууцжуулах боломжтой

100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд барилгын ажилд оролцох хүсэлтэй компаниудын урьдчилсан шалгаруулалтын бүртгэлийг өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 10-ныг хүртэл зарласан. Гэсэн хэдий ч компаниуд саналаа хангалттай ирүүлээгүй учраас энэ сарын 27-ныг хүртэл бүртгэлийн хугацааг сунгасан. Энэ талаар ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, барилга, геодези, газарзүйн газрын Хот, байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Баярбатаас тодрууллаа.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрт оролцох хүсэлтэй барилгын компаниудад ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Шалгаруулалтын баримт бичиг гэж бий. Үүнд оролцох хүсэлтэй компани нэн түрүүнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн газартай байх шаардлагыг тавьж байна. Энэхүү газарт ямар нэг асуудал байх учиргүй. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орон сууц барих ажлаа төлөвлөсөн, мөн хэсэгчил­сэн ерөнхий төлөвлөгөөг зохих эрх бүхий байгууллагуудаар батлуулсан байхыг шаардана. Хоёрдугаарт, барилга барих эдийн засгийн тооцоо чухал. Тухайн орон сууцыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйлчилгээ гэх мэт иж бүрнээр нь барих урьдчилсан тооцоог бүрэн гаргасан байх ёстой. Мөн инженер, дэд бүтэц, цахилгаан дулаан, холбоо мэдээлэл, зам сүлжээ, ногоон байгууламж зэргийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх хэрэгтэй.

-Барилгын зураг төсөл, хэмжээ, айлуудын талбайн хэмжээнээс болж асуудал үүсдэг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ийм асуудал гардаг нь нууц биш. Барилгын зураг төслүүдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулж, үүнийг зохих мэргэжилтнүүдээр хянуулна. Орон сууцны хороолол, хотхоны шугам сүлжээний урт, диаметр, хэрэгцээт эх үүсвэрийн цэгүүдийг тодорхойлж заасан байхыг тусгасан.

Барилгын эдийн засгийн тооцоонд барилгын хэмжээ, давхрын тоо, үндсэн хийцийн төрөл, талбайн хэмжээг тус тус тодорхой заасан байх шаардлагыг тавихаас гадна үүнийг ажлын хэсэг хянах учир асуудал гарахгүй гэж бодож байна.

-Одоогийн байдлаар хэчнээн төсөл ирэв. Гадаадын компаниуд оролцох хүсэлтээ ирүүлж байна уу?

-Нийт 126 байгууллагын урьдчилсан материал ирээд байгаа. Түүнчлэн 60 гаруй төсөл ирсэн. Гадны хөрөнгө оруулалттай компани байгаа. Гэхдээ яг гадаадын компани гэж ойлгож болохгүй.

-100 мянган айлыг орон сууцжуу­лахад гадаадын компаниудын тусламж хэрэггүй гэж үү?

-Энд ирсэн материалуудаас харахад одоогийн байдлаар 70 мянган айлыг орон сууцжуулах боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн урьдчилсан тооцоо. Гадаадын компаниудын хувьд үүнд оролцох боломж нь нээлттэй.

-Орон сууцжуулах хөтөлбөрийг бүсийн тулгуур аймгуудад хэрэгжүүлнэ гэсэн. Иргэд эдгээр байрыг зээлээр авах боломж хэвээрээ байгаа юу
?

-Бүсийн тулгуур аймгуудын төвүүдэд орон сууц барина. Иргэдэд Хүний хөгжил сангийн мөнгөөр орон сууцны зээл авах боломж байгаа.

-Нийслэлд орон сууц барих газар хэр хангалттай байгаа вэ?

-Хүн амын нягтаршил их байгаа. Тиймээс бид аль болох шаардлага хангасан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана. Гүйцэтгэл, техник эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ч чанартай байх тал дээр анхаарсан. Энэ нь хот төлөвлөлттэй уялдаж буй. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлуудаас гэрээгээр газар авахаас гадна, хотын төвөөс зайтай цэвэр газарт барилга барихаар төлөвлөсөн.

-Шинэ бүтээн байгуулалт эхэлмэгц эрчим хүчний асуудал хүндэрнэ гэж байгаа. Үүнийг хэрхэх вэ?

-Эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Гэвч үүнийг хүлээгээд бид зүгээр суухгүй. Гол нь одоо хамтран ажиллах байгууллагууд чанарын шаардлага, стандартыг хангасан байх тал дээр анхаарч, төслийн хариуг харах л үлдэж байна.

-100 мянган айлын орон сууцны төслийн бүртгэл хэзээ дуусах вэ?

-Төслийн бүртгэл энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Аж ахуйн нэгжүүд урьд­чилсан шалгаруулалтын баримт бичгээ авчирч бүртгүүлнэ.

Т.Очгэрэл

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж