
Онегин М.Болд /МУГЖ/
Ленский Г.Шижирболд
Татьяана Б.Энхтуяа /СТА/
Ольга Ц.Ариунаа
Ларина А.Долгор /АЖ/
Асрагч эх Д.Долгормаа /БУГЖ/
Гремин Р.Батболд нар тоглон, тосгоны иргэд, зочдод найрал дуучид, симфони найрал хөгжим, балетын жүжигчид оролцон тоглолоо.
Үдшийн гэгээнд Ларина авхай эдлэн газарт охид модны доорх сандал дээр дуулан, эх Ларина асрагч эмэгтэйн хамт үйл урлаж байгаагаар нэгдүгээр үзэгдэл эхэлнэ. Ларисагийн охидууд болох Татьяна, Ольга нар цэцэрлэгийн сандал дээр мөрөөдлийн романс дуулан сууцгаана. Хоёр охины хоршин дуулахыг сонссон Ларина, асрагч эх нар залуу цагаа дурсан ярилцана. Тариан талбайгаас ургацаа хураасан тариачдын дуулах нь алсаас сонсогдоход асрагч эх, Ольга хоёр тэр зүг хараа сунган догдлон хүлээнэ. Тариачид уламжлалт наадамдаа бэлдэцгээж байгаа энэ ажээ. Тариачдыг тэдний эдлэнд ирхэд Ларина дуулж бүжиглэхийг хүссэнээр бүгд хөгжилдөн дуулан бүжицгээнэ.

Шөнө дөл болжээ.Хоёр дугаар үзэгдэл Татьяанагийн өрөөнд эхэлнэ. Татьяанагийн өрөөний бүдэг гэрэлд асрагч эх цонхны хөшиг хаан, түүнийг халамжлана. Татьяанагийн сэтгэлд үргэлж Онегин бодогдоод асрагч эхийгээ явуулсны дараа Онегинруу тэмүүлэх хүчтэй мэдрэмж нь түүнийг захидал бичихэд хүргэнэ. Тэрээр шөнөжин юу гэж бичихээ мэдэхгүй эргэлзэн түүнийг юу ингэтэл нь догдлуулаад байгааг гайхан хайраа илчилхээр шийдэн захиа бичдэг ч өөрийгөө хэт түргэдлээ хэмээн бичсэнээ базан ахиж бичсээр үүр цайлгана. Энэ нь Татьяанагийн хөдөөний, цэвэр орос охины хиргүй тунгалаг сэтгэлийн илэрхийлэл байлаа. Тэрээр хайр сэтгэлээ илчлэхээр шийдэн захиа бичиж асрагч эхийгээ ирэхэд яаравчлан Онегинд хүргэж өгөхийг гуйдаг. Асрагч эх Татьяанагийн хүсэлтийг биелүүлэхээр явсанаар хоёрдугаар үзэгдэл өндөрлөнө.
Гурав дугаар үзэгдэл Ларины эдлэнгийн ойролцоох цэцэрлэгийн хусан төгөлд жимс түүж буй бүсгүйчүүдийн хөгжилтэй дуулах цээл, цовоо хоолой сонсогдоно. Сэтгэл хөдөлсөн Татьяана Онегин нарын уулзалт. Үнэн сэтгэлээ илэрхийлсэн Татьяана хайр сэтгэлд туршлагатай гэж өөрийгөө боддог Онегины илэн далангүй яриа энэ төгөлд болно. Тэрээр Татьяанад хайрын тухай ярин тэдний хайр сэтгэлийн холбоо аз жаргал авчрахгүй гэж номлоход сэтгэл догдлолоо барьж ядан байсан Татьяанагийн итгэл найдвар талаар болсонд харуусан нулимсаа барьж ядан гүйн оддог.

Цас бударсан ойн цоорхойд болзсон газраа Ленский хүлээж байгаагаар тав дугаар үзэгдэл эхэлнэ. Онегин цагтаа ирдэггүй. Түүнийг хүлээх зуураа залуу найрагч хоромхон зуурын амьдрал, өршөөлгүй хувь заяа, сүйт бүсгүй Ольгагийнхаа тухай бодлогширон гунигтайгаар дуулна. Онегин хоцорч ирсэндээ уучлал гуйн хоёр талын дагуулан ирсэн гэрчүүд буудалцах бууг шалгана. Тэд найз нөхдийн ёсоор эхлээд тэврэлдэн буугаа аван халз буудалцаанд салан алхацгаадаг. Ленский, Онегин хоёр гадуур хүрмээ цасан дээр хаялан эргэн харж буудалцана. Буун дуу орчныг цочоон тас хийхэд Ленский хөсөр уналаа. Онегин хөдлөж ч чадахгүй дуугаа хураан яахаа мэдэхгүй хэсэг зогсоход гэрч Ленскийг “үхжээ” гэдэг үг түүнийг ухас хийн Ленскийн зүгрүү хөтөлнө. Найзыгаа дэргэд гашуудан уйлж буй Онегины эмгэнэлт хувь заяагаар тав дугаар үзэгдэл төгсөнө.

Ван Гремины гэрт охин насныхаа цайлган дурлалыг санагалзан буй Татьяанаг өрөөндөө ганцаараа байх үед гэнэт Онегин орж ирэн өвдөг сөхрөн урьдын алдаандаа харамсаж буйгаа хэлэн тэр сайхан мэдрэмжээ эргүүлэн өгөхийг үнэн сэтгэлээсээ Татьаянагаас хүснэ. Эдүгээ хүртэл түүнд хайр сэтгэлтэй байгаагаа Татьяана хэлдэг ч түүнд бидэнд цаашид ямар ч боломж байхгүй би одоо өөр хүнийх болсон, миний хувь заяа шийдэгдсэн, би түүнд үүрд үнэнч байна гээд Онегины тэврээс мултран орхин гардаг. Цор ганцаар үлдсэн Онегин үнэнч дурлалын өмнө яаж шившиг болсноо ойлгон харуусан шаналж буйгаар дуурь төгсөнө. Онегины хувьд аз жаргалгүй төгсгөл ч амьдрал түүнд ихийг ойлгуулсан. Хайр сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг ухааруулан үзэгчийн суудлаас догдлуулж, тансаг үдэшлэгт гэгэлзүүлэн , цайлган бүсгүйтэй захиа хамтран бичүүлсэн сайхан дууриас сэтгэл хангалуун гэрийн зүг харилаа.
Г.Даша