МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.
– Яагаад ҮШН-ын нэрийг өөрчилж МҮАН гэх болов?
-ҮШН анхнаасаа үндэсний, ардчилсан, шудрага ёсны үзлийг намын үзэл санааны тулгуур гэдгээ тунхагласан юм. Өнгөрсөн жилүүдэд үндэсний үзлийг улс төрийн эргэлтэд оруулахад үйл ажиллагаагаа чиглүүллээ.Үндэсний үзлээ чөлөөтэй илэрхийлж үндэсний ухамсар сэргэх бололцоог ардчилал олгож байгаа. Бас үндэсний үзлийг улс төрийн хөтөлбөр болгон томъёолоход ардчилал суурь дэвсгэр нь болох ёстой. Харамсалтай нь үндэсний хүчин зүйлээ тооцоогүй өнөөгийн ардчилал гадна дотнын цөөн хэдэн хүний буруу аргаар мөнгөжих халхавч төдий завхрал болоод байна. Үндэсний хүчин зүйл гэдэг нь ардчилал завхрахаас хамгаалах хил хязгаар юм. Манай нам бол үндэсний ардчилсан үзэл санааг тээгчдийн нэгдэл. Иймээс намын нэрээ манай үзэл санааг товчлон илэрхийлж буй МҮАН болгон өөрчилсөн.
-Үндэсний үзлийг төрийн бодлого болгоно гэж яг юуг хэлээд байна вэ?
-Олон зүйл ярьж болно. Гол нь үндэсний эдийн засгаа босгоё гэсэн үг. Ингэхийн тулд таван жилээр хөгжлөө төлөвлөдөг горимд шилжье. Эдийн засагт уул уурхай голлож байгаа үед манай эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь ашгийн татвараас чөлөөлье гэж байгаа. Энэ нэг л жишээ хэлье. Төрийн бүх социал бодлогыг өрх гэр рүү чиглүүлье. Нийгэм эдийн засгийн бодлогоо төлөвлөхдөө ямагт үндэсний хүчин зүйлээ буюу бидний аж байдлын онцлог, хөгжлийн түвшин, ухамжлал зэргээ харгалзах ёстой. Энэ үүднээс гадны тархи угаасан олон төслөөс татгалзах хэрэгтэй. Товчхон хэлбэл, монгол хүн төрсөн нутаг газар шороон дээрээ шахагдаж, ядуурахгүй амьдрах ёстой. Үүнийг төр хангах ёстой л гэж байгаа юм.
-МАХН-тай эвсэх шийдвэр гарсан уу?
-Шийдвэр гараагүй байгаа. Харин МАХН-ыг эвсэл зохион байгуулахад гол тулгуур нь байх болов уу гэж харж байна. Ер нь өнөөдрийн төрийн эрх мэдлийг хянаж буй олигархи бүлгийн эсрэг эвсэл байгуулахыг нам хөдөлгөөнүүдэд уриалсан байгаа.
-Эвсэл байгуулаад задарч байсан гашуун туршлага бий?
-Тийм, эвсэнэ гэдэг ур ухаан шаардсан улс төрийн нарийн технологи бүхий ажил. Нийгмийн захиалга эвссэн, цул, гуравдагч хүчнийг эрэлхийлж байна. Тиймээс бид эвслийг зохион байгуулж чадах болно. Эвсэл байгуулах түүнийг үр дүнтэй удирдлагаар хангах туршлага, мэдлэг, улс төрийн соёл бидэнд байна. Гуравдахь хүчний эвсэл нийгмийн шинэ дэг журмын төлөө том зорилго дээр нэгдсэн туршлага, шинэ залуу эрч хүч хосолсон улстөрчдийн баг байх болно.
-Эвслийн удирдагч хэн байх вэ. Н.Энхбаяр уу, М.Энхсайхан уу?
-Хэн ч байж болно, эвслийг удирдан амжилт гаргаж чадах олон түмэнд танигдсан лидер байх ёстой. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын хэн нь ч өнөө цагийн шалгарсан цөөхөн удирдагчдын нэг. Харамсалтай нь тогтолцооны алдаанаас үүдэлтэй бие биеэ хараар будаж гутаадаг байдал газар авч түүнийгээ ардчиллын үед ингэж өрсөлддөг мэт гаж ойлгож, ойлгуулж байгаад л хэргийн учир байна. Ингээд улсаа аваад явчихаар цөөхөн хэдэн дарга нарынхаа урмыг хугалдаг, зоригийг мохоодог, хооронд нь яс хаядаг, ийм байдал хэнд хэрэгтэй юм, монголчуудад л лав хэрэггүй.
-М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр ч гэсэн хоорондоо хонь чоно хоёр шиг байсан биз дээ?
-2004 онд нам намаа толгойлоод, сонгуульд ялуулах гээд үзэлцэж байсан. Хариуцаж байсан хийж байсан ажил нь юм чинь өөр яах вэ дээ, Тэгж үзэлцээд хэн нь ч ялаагүй, тэнцсэн биз дээ.
-Та нар эвслээ хэзээ албан ёсоор зарлах юм бэ?
-Бага зэрэг хүлээж бай. Цаг нь болохоор би чамд хэлж ярилцлага өгнө өө. Дээр би хэлсэн шүү дээ, эвсэнэ гэдэг нарийн технологи бүхий ажил гэж. Одоо бид хамтын ажиллагааныхаа талаар ид ярилцаж байна. Их олон талтай ажил хэргийн уулзалтууд болж байна.
"Өдрийн шуудан" сонин
"Өдрийн шуудан" сонин