УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгойн талаар хэлэлцсэн гэж байна. Ямар шийд гаргав?
-Тавантолгойн хувьцаанаас иргэдэд олгох 10 хувийг 20 болгох талаар маргасаар байгаад л өнгөрлөө. Энэ асуудлыг АН-ын бүлэг дэмжчихсэн юм байна билээ.
-Танай намын бүлэг энэ асуудлыг дэмжих нь үү?
-Хувьцаа хэлбэрээр өгөх учраас нэгж хувьцааны үнэ ямар байх вэ гэдгээс эхлээд олон асуудал бий. Баталгаатай зүйл хийе гэдэг үүднээс нухацтай ярилцаж байна. Ер нь бол дэмжиж байгаа.
-Сонгуулийн тухай хуулийг хоёр намын бүлгээр ид ярьж, нэлээн ахиц гарч байгаа бололтой. Хэзээ батлах шинжтэй байна?
-Өчигдөр АН-ын бүлэг хуралдсан байна. Тэд тоо чухал биш гэж яриад байгаа юм. Уг нь хамгийн чухал нь тоо гээд байсан биз дээ. Манай намын хувьд 48:28 гэсэн хувилбараар явуулъя гэсэн саналыг гаргасан. АН ч хүлээж авсан бололтой. Өмнө нь манай Завхан аймгийн есдүгээр тойрог гэхэд гурван мандаттай байсан. Хэрэв 48:28 хувилбараар баталчих юм бол хоёр мандаттай болох юм байна билээ. Гэхдээ хоёр мандаттай гээд тойрог жижигрэхгүй томоороо байна шүү гэсэн саналыг АН гаргасан байна. Миний харж байгаагаар ирэх долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг баталчих байх.
-Сонгуулийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байхад нэр дэвшиж байгаа тойрогтоо хувиасаа хөрөнгө оруулалт хийж болох юм уу гэж та асууж байсан. Хувиасаа хөрөнгө гаргаж сонгуульд өрсөлдөх хэрэг байна уу?
-Дэлхийн бүх улсад сонгуульд нэр дэвшихдээ ямар ч нам иргэддээ заавал амлалт өгдөг. Хэрвээ бид сонгогдвол ийм зүйл хийнэ гэсэн ганцхан зүйлийг ярих ёстой. Тойргоор явж байхад иргэд “21 мянган төгрөг тарааж байгаа нь маш үр дүнтэй байна. Ялангуяа орлого бага, ам бүл олонтой айлд их хэрэгтэй. Тийм учраас үүнийгээ үргэлжлүүлээч” гэдэг хүсэлтийг их тавьдаг. Гэтэл сонгуульд өрсөлдөж байгаа намууд “хуулиараа мөнгө амлаж болохгүй” гэж хэлэх эрх байхгүй. Яг сонгууль дөхөөд ирэхээр энэ хуулийг зөрчинө. Амьдралд хэрэгжихгүй хууль батлах гээд байна. Энэ чинь улсын төсвийн мөнгийг хувааж өгнө гэж байгаа юм биш шүү дээ. Хүний хөгжил сангийн тухай хуулиар зургаан төрлийн мөнгийг бэлнээр өгнө гээд заачихсан байгаа. Энэ хуулийн эсрэг хийх гэж байна гэсэн үг. Тойрогт хувиасаа хөрөнгө оруулалт хийнэ гэж амлаж болох уу гэсэн чинь “нэрийг чинь татна” гэж байсан. Тэгэхээр амлахгүйгээр хийж болох юм байна гэж ойлгосон.
-Хэрвээ Сонгуулийн тухай хуулийг бэлэн мөнгө амлахгүйгээр гэж баталчихвал Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгоно гэсэн үг үү?
-Тэгж таарах гээд байна.
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Дэвшинэ гэж бодож байгаа. Би УИХ-д сонгогдоод дөрвөн жил болж байна. Дахиад дөрвөн жил ажиллаж нутагтаа хийх ажил их бий.
-Намаас тань нэр дэвшигчиддээ босго мөнгө тавьж байна уу?
-Тавих байх. Одоохондоо тэдэн төгрөг өг гэж хэлээгүй байна. Манай “Дуусдаггүй яриа” клубынхан намын хатуу гишүүнчлэлийг больё гэсэн хуулийн төслийг санаачлаад энэ сард багтаан өргөн барих бодолтой байна. Иргэдээс ч “Үүнийг л ажил болгоод өг. Иргэдийг намаар талцуулдаг байдлыг болиулах нь маш их хэрэгтэй байна” гэсэн санал ихээр ирж байгаа.
-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг нэр бүхий 20 гишүүн Засгийн газарт хүргүүлсэн. Тэдний нэг нь та. Энэ асуудал юу болсон бэ?
-Оюутолгойн гэрээ 2004-2008 оны парламентаар яригдаж байгаад орхигдсон. 2008 оны УИХ-ын шинэ бүрэлдэхүүн бий болоод 40 дүгээр тогтоол гэдгийг гаргасан. Энэ тогтоолд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа ордыг түшиглэн байгуулах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбарыг сонго гэж заасан байгаа. Энэ уламжилж явсаар байгаад Оюутолгойн гэрээ батлагдах үед 57 дугаар тогтоол болж гарсан. Үүн дээр хамгийн гол нь төрийн оролцоог 51-ээс доошгүй хувьд хүргэх, Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, 40 дүгээр тогтоолын үндсэн зарчимд тулгуурлан гэрээ байгуулахыг Засгийн газарт даалгасан. 2009 оны есдүгээр сард Оюутолгойн гэрээг хийхдээ дээрх тогтоолд нийцүүлэх боломжгүй байна гээд зөрүүтэй гэрээ хийсэн байгаа юм. 20 гишүүний тухайд “Энэ гэрээг хийсэн нь зөв. Гэхдээ дутуу байна” гэдгийг л хэлсэн. Одоо энэ гэрээнд хяналт тавих үүрэгтэй Эдийн засгийн Байнгын хороо ажлаа хиймээр байна.
-Гишүүд шаардлага тавьж байгаатай холбогдуулан Оюутолгой компани мэдэгдэл гаргасан байсан. Тэр мэдэгдлийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Харсан. Тэнд “УИХ-ын 20 гишүүний асуудлыг бид маш хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. Гэхдээ энэ гэрээг яг одоо өөрчлөхөд манай талд хэцүү байна” гэсэн. Хэцүү байгаа нь үнэн. Оюутолгой үйлдвэрээ дөрвөн жилийн дотор барих гэж асар их хөрөнгө оруулалт хийж байгаа. Гаднын 60-аад компанид тоног төхөөрөмж захиалчихсан, бирж дээр хөрөнгө босгочихсон. Тийм болохоор энэ шаардлагаа цаг хугацааны хувьд түр хойшлуулахгүй юу. Бид эхлээд ордоо бариад дуусгачихъя гэсэн. Энэ ордыг барьж дуусгана гэдэг тийм амар ажил биш. Үйлдвэр барих ажлыг 50 хувь хийчихсэн байна гэдгээ Монголын ард түмэнд ойлгуулах гэж хэвлэлээр их мэдээлэл цацаж байна. Үнэхээр бид нэг зуслангийн байшин барих гэж яаж зовдог билээ. Түүнтэй яг адилхан. Ямар нэгэн ажлыг ярихад амар, хийж дуусгана гэдэг бол хэцүү л дээ. Тийм болохоор энэ хүсэлтийг нь хүлээж авах боломжтой. Нэгэнт үйлдвэрээ барьчих юм бол Монголын тал 50 хүртэлх хувиа эзэмших нөхцлийг 20 гишүүнээс гадна Засгийн газар ч тавьж байна. Монголын нутагт байгаа баялгийг нэг шөнийн дотор аваад гарчихгүй нь ойлгомжтой. 20 гишүүн ярьдгаараа яриад л энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусна. 2012 онд дараагийн шинэ гишүүд нь үргэлжлүүлээд ярина. Монгол төрийн ажил үргэлжлээд л явна шүү дээ. Энэ 20 гишүүнээр дутахгүй, тэд баатар биш. Харин сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Оюутолгойн гэрээний ийм заалт нь дутуу байгаа учраас Монголын талд ашиггүй байна гэдгийг хэлж өгсөн. Түүнийг нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч ойлголоо. Одоо Монголын ард түмэнд буруугаар ойлгуулах шаардлага байхгүй. Аливаа шүүмжлэл хоёр талтай. 1700 метрийн гүнээс баяжмалыг нунтаг болгон уутлаад гаргаад ирэг. Ашигт малтмалын тухай хууль өөрчлөгдчихсөн хүлээгээд байж байна. Тэр үед нь 5+10 гээд 15 хувийн татвараа авчихна. Энэ хуульдаа хамруулчих юм бол Оюутолгой Монголын талд ороод ирнэ. Үүнийг алдчихна гэж айгаад хэрэггүй. Харин гэрээгээ сайжруулах талаар хангалттай ярина. Гэхдээ ярина гэдэг өөр хэрэг. Ажилтайгаа уялдуулж шүүмжилнэ үү гэхээс биш тасалж аваад шүүмжлээд байх нь утгагүй.
-Та Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн хувь заяа хаашаа эргэв?
-Эрүүгийн төрөлжсөн хууль гэж шинэ нэр томъёотой гаргаж байгаа. Одоо бол 2002 онд баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байна. Эрүүгийн төрөлжсөн хууль гэдэг нь дан эрүүгийн хэргийг ярина. Эдийн засаг болон иргэний хэрэгтэй хольж хутгахгүй гэсэн санаа. Энэ хуулийн төслийг 13 гишүүн өргөн барьсан. Яамны явцуу хууль биш. Яаманд ажилладаггүй, УИХ-д орж чаддаггүй гадна байгаа нэлээн сайн хуульчид орсон. Үүнийг академич С.Нарангэрэл ахалж хийсэн байгаа. Мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид сайн хууль болсон гэж үнэлдэг. Үүнээс гадна С.Эрдэнэ, З.Энхболд нарын өргөн барьсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гээд нийт тав, зургаан хуулийн төслийг нэгтгэн ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэж Байнгын хорооны дарга надад хэлсэн.
-Байнгын хороо дэмжчихсэн юм уу?
-Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн санал хураалт явуулъя гэсэн. Тэгээд хэлэлцэх эсэхийг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар ярих гэж байна. Тэр үед С.Нарангэрэл хуульч болон миний бие тайлбараа хийнэ.
-Байнгын хороогоор дэмжээгүй асуудлыг шууд чуулганы хуралдаанд оруулж болдог юм уу?
-Би тус Байнгын хорооны гишүүн биш учраас ороогүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы хуралдаанд оруулъя гэсэн санал тавиад, тэр нь дэмжигдсэн юм байна билээ.
-Байнгын хороон дээр ярьж байхад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таны санаачилсан хуулийг хатуу шүүмжилж байсан?
-Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдын албыг олон жил хашлаа. Тийм учраас тэр хүнд бодсон зүйл байдаг байх. Яг амьдрал дээр энэ хууль болохгүй байна гэдгийг нийт иргэдийн дунд амьдарч байсан мань мэтийн хүмүүс сайн мэдэлгүй яах вэ. 2002 оны хуулийг бүхэлд нь өөрчлөх гээд байгаа юм биш. Одоогийн үйлчилж байгаа хууль анх удаа хэрэг үйлдсэн 16-26 насны залуучуудад маш хүнд тусаад байна. Зүгээр л иргэдийн дунд хүмүүжүүлчих хэрэгт 5-10 жилийн хорих ял өгчихөөд байгаа юм. Энэ байдлыг өөрчилье гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хийсэн хэрэгтээ тохирсон ялыг л эдэлдэг болъё гэж байгаа юм.
"Өдрийн шуудан" сонин