“Зоос” банк дампуурсан нь Олон овоотын алтны ордтой холбоотой гэсэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат нарын мэдээлэл чамгүй шуугиан тарьж байна. Эрхэм гишүүнийг ямар шалтгаанаар энэ асуудлыг хөндөж буйг сонирхож хэвлэлүүд ч янз бүрээр бичиж байгаа. Хэдийгээр тэдний хийсэн энэ мэдээлэл, хэвлэлд өгч буй олон ярилцлагынх нь хариуд энэ асуудалд нэр холбогдсон “Жаст” группийн зүгээс мэдэгдэл гаргаснаас өөрөөр байр сууриа илэрхийлээгүй юм. Харин тус группийн захирал Ш.Батхүү өнгөрсөн мягмар гаригт Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож өрнөж буй асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэр бүр хэвлэл мэдээллээр гараад байдаггүй энэ эрхмийн ярилцлага сонирхолтой байсны дээр, олны дунд зөв буруу нь үл ойлгогдох олон асуудалт хариулт өгсөн уг нэвтрүүлгийг хөтлөгч сэтгүүлч Б.Оюунчимэгээс зөвшөөрөл авсны үндсэн дээр бүрэн эхээр нь нийтэлж байна.
-Сүүлийн үед “Хадгаламж” банк, Хүний хөгжил сангийн мөнгө олголт, зарим улстөрчдийн хийсэн Олон овоотын лиценз болон ордтой холбоотой мэдэгдэл гээд олон асуудал анхаарлын төвд байлаа. Энэ бүх үйл явдлын талаар “Жаст” группийн албан ёсны мэдэгдэл гэж гарсан. Та хамгийн эхний эх сурвалжийн хувьд энэ талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй юу?
-Өнгөрсөн долоо хоногт манай компанийн талаар, тэр тусмаа над руу нэлээд дайралт явлаа. Ер нь бол бид энэ асуудалд нэлээд хүлээцтэй хандаж байсан. Гэхдээ сүүл рүүгээ энэ мэдээлэл, гүтгэлэг хэрээс хэтэрсэн тул бид байгууллагынхаа нэрийн өмнөөс албан ёсны мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ Их хурлын энэ гишүүдийн яриад байгаад маш тодорхой хариулт өгсөн. Үнэхээр бодит байдал юу байна, энэ хүмүүс юу яриад байгаа, яахаараа илт үнэнийг гуйвуулж мэдээлэл хийгээд буй талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн байгаа.
-Мэдэгдлийг тань хэвлэлээс уншсан хүмүүс сайн мэдэж байгаа. Харин жирийн иргэдийн хувьд хэсэг хүмүүс мэдээлэл гаргаад, араас нь нөгөө компани нь мэдэгдэл гаргачихаж л гэж харж байгаа байх. Ер нь энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгээ яагаад та бүхэн ширээний ард суугаад шийдэж болдоггүй юм бэ?
-Тантай санал нийлж байна, аливаа нэг үл ойлголцох явдал болбол үйл явдалд оролцож байгаа талууд ярилцаад эхлээд учраа ололцох хэрэгтэй юм. Үнэхээр хичээгээд болохгүй бол энэ талаараа олон нийтэд мэдэгдэж болно, бүр болохгүй бол манайх чинь бас төртэй хуультай цаазтай улс. Шүүх, хууль хяналтын байгууллагад хандаад асуудлаа шийдвэрлүүлж болно. Гэтэл өөрийн давуу байдлыг ашиглаж, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл хийнэ гэдэг бол маш хариуцлагагүй үйлдэл. Тэр тусмаа төрийн түшээд ийм үйлдэл гаргаж байгаад харамсч байна.
-Олон овоот гэж уурхай тантай нэр холбоотой юм байна, их өр зээлтэй орд гээд байх юм. Энэ их өр зээлтэй ордыг авсны учир юу вэ. Ер нь яагаад нэр холбогдсон юм бэ?
-Маш товчхон тайлбарлая. Анх Олон овоотын төслийн удирдагч нь Ц.Мянганбаяр захиралтай “Монгол газар” компани байсан юм. “Монгол газар” компанитай бид нэлээд олон жил түншилж ажиллаж байсан. Тэд уул уурхай эрхэлдэг, бид шатахуун нийлүүлдэг. Ийм байдлаар бид мэддэг. 90-ээд оны сүүл үед шүү дээ. 2006 оны аравдугаар сард “Монгол газар”, “Жаст” групп хоёр Олон овоотын төсөлд хамтарч ажиллахаар тохирсон юм. Хамтрах гол шалтгаан нь тэд энэ ордыг өмнөх эздээс нь авсан, хайгуул хийлгэсэн, хайгуулдаа хөндлөнгийн гадаадын компаниар дүгнэлт гаргуулсан байсан.
Түүнээс гадна Ашигт малтмалын газрын нөөц тогтоодог комиссоор ороод 18 тонн алтны нөөцтэй гэдгийг тогтоочихсон нь бидний энэ төслийг сонирхох нэг шалтгаан болсон. Энэ бүгдээс бид ажиллаж болох юм байна гэж үзсэн. Тэгээд ч бидний хувьд хийж чадах, мэргэшсэн ажлууд бий. Нэгдүгээрт, санхүүгийн удирдлагыг зөв сайн хэрэгжүүлж чаддаг чадварлаг боловсон хүчинтэй бүхэл бүтэн баг байна. Дээрээс нь шаардлагатай төслийн зээлээ гадаадын компаниас оруулаад ирэх боломжтой, нөгөө талдаа орд байна гэж ярилцаад 60:40 хувийн оролцоотой “Олон овоот гоулд” компанийг байгуулсан юм. 60 хувь нь “Монгол газар”-ынх, 40 хувь нь манайх. Дээрээс нь бид 40 хувийн оролцоондоо шаардлагатай нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан. Бас тэр үед дотоодын банкуудаас гаргах боломжгүй нэлээд их хэмжээний мөнгийг гадаадын байгууллагаас авах тохиролцоо хийсэн. Ер нь бол ажил эхлээд овоо урагштай явж байлаа. Бид гадаадын нэр хүндтэй банктай яриад эхний ээлжинд дөрвөн жилийн хугацаатай зээл авахаар тохиролцоод үүнийгээ ч “Монгол газар”-ынханд мэдэгдсэн байв. Тэгээд ч манайх гэрээгээр оруулах ёстой хөрөнгө оруулалтаа графикийн дагуу бүгдийг хийсэн. Хамтарч байгуулсан компани дээрээ Олон овоотын лицензийг шилжүүлж авсан. Энэ төсөлд гадны зээлийн шалгалт орж иртэл аж ахуйн ажил зогсож болохгүй, тиймээс үүндээ дотоодын банкуудаас зээл авч байсан. Ингээд энэ ажил үргэлжилж байтал хагас жилийн дараагаас түншлэгчийн маань хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдөөд ирсэн. Сүүлд мэдэхэд “Монгол газар” компани “Голдман сакс”-тай биднээс далдуур давхар яриа хийчихээд “Бид та нартай ярьж байгаагаас хавьгүй их мөнгө олохоор боллоо. Тийм болохоор энэ хүмүүстэйгээ ажиллана. Танай оруулж ирж байгаа чинь миний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна” гэсэн. Бизнест гадны байгууллагаас хөрөнгө босгоно гэдэг амар зүйл биш. Хамгийн наад зах нь зардал нь хэдэн арав зуун мянган доллараар яригддаг. Тиймээс бид хэрэв тэгж байгаа бол манайх зууралдаад байхгүй, та нар манай оруулсан болоод манайд өгөх ёстой мөнгийг эргүүлж төл гээд “Монгол газар” компанитай гэрээ байгуулж мөнгөө төлүүлэх графикаа тохирсон. Нэгэнт тухайн компани манай үйл ажиллагааг үл ойшоож байхад бид зууралдах шаардлагагүй л дээ. Үүний дараа 2008 оны дөрөвдүгээр сард манайх руу “Зоос” болон дотоодын банкууд хандсан. “Бидний энэ төсөлд өгсөн мөнгө эргэж төлөгдөхгүй, байдал их хүнд байна гэж. Та нар ч бас авлагатай юм байна, бид банк санхүүгийн байгууллага, танайх аж ахуйн байгууллага тиймээс хамтаръя” гэсэн. Энэ хугацаанд “Монгол газар” компани манайд графикийнхаа дагуу төлөх ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс бид 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд гэрээ байгуулаад “Монгол газар” компанид, ялангуяа “Олон овоот” төсөлд санхүүгийн шинжилгээ хийсэн юм. Ингэхэд энэ төсөл маш хүндэрсэн нь мэдэгдсэн. Бүр 187 тэрбум төгрөгийн зээл өр үүссэн байсан. Үүнээс 100 гаруй нь дотоодын байгууллага, нөгөө талд “Голдман сакс” компанид 15 сая долларын өртэй гэсэн дүгнэлтийг бид бүх холбогдох байгууллагад явуулсан юм. Төслийн санхүүжилт хүндэрснийг бид анх илрүүлж, энэ төсөлд оролцож байгаа бүх хүн, байгууллагад мэдээлсэн.
Тэр ч бүү хэл амьдралд аль хүндэрч байхыг тэр гэх вэ гээд судалгаа хүртэл хийж үзсэн. Энэ төслийг яах вэ гэдэг том асуудал байсан. Бид эндээс 20-д тэрбумын авлагатай, “Зоос” банк хамгийн их нь 67 тэрбум, “Анод” банк 20 орчим тэрбум гэх жишээтэй. Тиймээс хамгийн зөв гарц бол энэ төсөлд нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд ашигт малтмалыг нь олборлох гэж үзсэн. Үйл ажиллагаа явуулж байж энэ их өрийг дарж болно гэсэн дүгнэлт гарсан. Ингээд эргээд “Монгол газар”-тайгаа ширээнд суулаа. Манайхыг төслөөс гарснаас хойш байдал улам хүндэрсэн, төсөлд хэр баргийн байгууллага хөрөнгө оруулалт хийхгүй байгааг ч ярьсан. Ингээд эцсийн дүнд эзэмших хувиа 50:50 болгоё гэхдээ бид удирдлагаа авна. Учир нь хөрөнгө оруулалт хийхэд та бүхнийг зөв зарцуулна гэдэгт итгэхгүй байгаа учраас ийм нөхцөлд тохирч болох юм гэсэн. Түүнээс гадна манайхыг төслөөс гарснаас хойш үүссэн өр зээлийн асуудлыг хариуцахгүй гэдгийг ч тохирсон. Тэгээд бидний хэлснээр хувийг тавь тавиар тогтож, үүнээс хойш л бид энэ уурхайтай ноцолдож байна. “Олон овоот” төслөөс хамгийн их авлагатай нь “Зоос” банк байсан. Биднийг төслийн удирдлагыг аваад тун удаагүй нэг сар орчим болж байтал “Зоос” банкинд шинэ удирдлага ирсэн. Тэр нь “Зоос” банкны 25 хувийг эзэмшдэг Европын сэргээн босголт банкныхан. Тэд ирэнгүүтээ банкныхаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд энэ төслийн зээл, хүү аль аль нь төлөгдөөгүй, хамгийн том асуудал нь ямар ч барьцаагүй байсанд тэд үнэхээр цочролд орсон юм билээ. Манайхыг гэрээ хийгээд энэ төсөлд ороод ирсний дараа үзэхэд Олон овооттой холбоотой бүх лиценз олон улсын “Голдман сакс” компанийн барьцаанд оччихсон байсан. Тэгээд “Зоос”, “Анод” банкны аль аль нь ямар ч барьцаагүй болчихсон.
-Тэр олон тэрбумын зээл гарсан байхад яагаад барьцаагүй байдаг юм бэ?
-Анх төсөл эхлээд дотоодын банкуудаас зээл авч байхад нь тэр төсөлд байсныхаа хувьд ямартай ч хоёр лиценз байсныг мэдэж байна. Харин дунд нь юу болсныг сайн мэдэхгүй юм. Эргээд биднийг очиход Европын сэргээн босголт банкныхан “та нар ийм найдваргүй болчихсон зээлтэй дээрээс нь барьцаагүй” гэсэн. Тэгээд бид гэрээ хийсэн л дээ.
Энд Монголын 100 гаруй байгууллагад “Голдман сакс”-ын өгсөн зээлээс 10 дахин өглөгтэй хэрнээ зээл байтугай хүүгээ ч өгч чадаагүй. Зарим хүмүүс нь хэдэн жилээр авлагаа авч чадахаа больчихсон. Байдал ийм л байсан. Тэгээд “Олон овоот гоулд” компанийг удирдах болсон, хамгийн зөв шийдвэр нь нэмж хөрөнгө оруулалт хийх гэж үзсэн юм.
-Тэгэхээр лицензээ ямар ч байсан авч чадсан юм уу?
-“Олон овоот гоулд”-ын лицензийн талаар бид “Голдман сакс”-тай гурван сар ярилцсан. Ердөө ч тийм нууц далдуур биш шүү дээ. Бид зохих журмынх нь дагуу Лондонд төвтэй олон улсын байгууллагатай нь ярилцаад өөрийн төлөөлөгчөө Сингапур руу хоёр ч удаа томилолтоор явуулж, “Өөрт байгаа лицензээ дундын барьцаанд тавьчихаач ээ. Тэгэхгүй бол хамгийн наад зах нь Монголд байгаа “Зоос” банк их эвгүй байдалд орох гээд байна. Энд зориулсан энэ их мөнгийг нэг айл эзэмшээд байх нь зохимжгүй юм” гэхэд тэр байгууллага зөвшөөрөөгүй л дээ. Тэгээд судлаад үзэхэд тэд манай дотоодын дүрэм журмыг зөрчөөд лиценз барьцаанд авчихсан байсан. Тиймээс зохих байгууллагад нь хандаад хууль дүрмийнх нь дагуу лицензийг Монголын талд буцааж авсан.
-Яаж энэ өрийг дараад, яаж ард нь гаръя гэж бодож байна даа?
-Бид судалгаа хийсэн. Судалгаа гэдэг чинь нэмж өрөмдлөг хийж байна гэсэн үг. Энэ бас л зардал. Манай мэргэжилтнүүдийн хэлснээр Олон овоотод 8,4 тонн алт байгаа гэдгийг тогтоосон. Бүх талын тооцоо судалгаа хийгээд үзэхэд 2013 оны эцэс гэхэд хэрвээ алтны үнэ энэ хэвээрээ байвал, дээрээс нь бид санхүүгйин хувьд дээд зэргийн зохион байгуулалттай, зардлаа хэмнэж ажиллаж чадах юм бол энэ бүх өрийг хаагаад дуусах тооцоо гарч байгаа. Энэ лицензийг эзэмшиж байгаа ч нэмээд бид 187 тэрбумын өртэй байсан. Өнөөдрийн байдлаар дахиад 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Дээр нь энэ ордын нэг онцлог нь үндсэн хүдэр нь их гүнзгий 140 м-ээс эхэлдэг гэдгйиг мэргэжлийн хүмүүс мэднэ дээ. 2009 оны зургадугаар сараас хойш байнга шороо зөөсөн. Одооноос л үндсэн хүдэр рүүгээ орж байна. Нэмээд хэлэхэд “Зоос”, “Анод” банкны эрх хүлээн авагчид мэдэж байгаа. Энэ зээл барьцаагүй байсныг. Биднийг шүүмжлээд байгаа хүмүүс барьцааг зарсангүй гээд байгааг би ойлгохгүй байна. Барьцаа нь гадаадын компанид очсон байсан, бид нар ямартай ч хөөцөлдөж байгаад хуулийн хүрээнд энэ барьцааг “Олон овоот” компанид буцааж авчирсан. Дахиад хэлье, ямар ч байсан амласныхаа дагуу бүх зээл төлүүлэгчдийн дундын барьцаанд бүртгүүлсэн. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл энэ төслөөс авлагатай бүх хүмүүсийн барьцаа баталгаажсан гэсэн үг. Тэр дотроо төрийн авлага ч баталгаажиж байгаа юм.
-Одоо яриагаа “Хадгаламж” банк руу шилжүүлье. Та яагаад энэ банктай нэр холбогдов. Ямар ч байсан Хүний хөгжил сангийн мөнгөний ачаар “Хадгаламж” банкийг олон хүн мэддэг боллоо?
-Ер нь хямралын үеэр манай банкны салбар их дэнжигнэсэн шүү дээ. Энэ үеэр “Хадгаламж”, “Монгол шуудан” банкны эзэд бизнесээ зармаар байна гэж санал тавьсан. Бид судаад болохгүй юм алга гэж үзсэн. Сайн ажиллаад Монголын эдийн засаг сэргэнэ гэж тооцвол болмоор санагдсан. Бас нэлээд хэцүү хоёр банкийг авсан юм. Нэг нь оросуудын мэдэлд 100 хувь байсан, нөгөө нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Хувийн компани болохоор бид банкны эзэдтэй хэлэлцээ л хийсэн. Түүнээс төрийн мэдлийн зүйл хувьчилж авсан юм биш шүү дээ. Үүнийг нэгдүгээрт, хэлмээр байна. Хоёрдугаарт, энэ хоёр банкинд нэлээд их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлага гарсан. 60 тэрбум төгрөгийн дүрмийн санг нь нэмэгдүүлсэн. Монголын хамгийн том дүрмийн сантай банк болгосон. Үүний хүчинд үйл ажиллагаа нь тогтворжсон. Бас мэргэжлийн баг ирж ажилласны хүчинд үйл ажиллагаа нь их өөдрөг байгаад би их баяртай байгаа. Санхүүгийн байгууллага банк бол итгэлцэл дээр ажилладаг байгууллага. Эзэд нь өөрийнхөө бизнест оролцоод байна гэдэг сайн зүйл биш. Тиймээс “Хадгаламж” банкинд менежмент хийж чадах мэргэжлийн хүмүүсийг бид урьж ажиллуулсан. Би ТУЗ-ийн дарга нь. Харьцангуй хамгийн бага оролцдог. Сүүлийн үед намайг Хүнийн хөгжлийн мөнгийг авчихлаа, будилуулж байна гэж сонин хэвлэлээр ярьж бичиж байгаа нь гүтгэж буй л хэлбэр. Хүний хөгжил сангийн мөнгийг аль банкаар тараах вэ гэдэгт ТУЗ-ийн даргын оролцоо байдаггүй юм. Яам, агентлагууд санал тавьсан, манай банкны гүйцэтгэх удирдлагууд шийдсэн л асуудал. Энэ талаар өөрсдийнхнөөсөө асуухад Хүний хөгжил сангийн мөнгийг тараах саналыг бүх банкинд тавихад олонх банк зөвшөөрөөгүй гэсэн. Надад авчирсан баримтуудаас үзвэл ХААН банк төрд нэлээд их дарамт шахалт үзүүлсэн юм билээ. Нэг тавина, нэг тавихгүй гээд л. Яг үнэнийг хэлэхэд банкны хувьд бол энэ амар ажил биш. Нэг талдаа хүмүүс дугаарлана, хаалга цонх хагалахаас өгсүүлээд. Төрөөс өгч байгаа мөнгө зардлаа үнэхээр нөхөж чадахгүй. Тэгэхээр мэдээж ХААН банк татгалзаж болно л доо. Тэрийг ойлгож болно. Эхний хэд хэдэн удаад манайх зөвшөөрөөгүй юм билээ. Наадмын дараа дахиад манайд хандсан байсан. ХААН банк тараахаа болилоо, эсвэл эндээс чинь дөрвөн сарын зээл хүн болгонд өгөөд тэндээсээ шууд хүү суутгана гэсэн шахалт үзүүлсэн байдаг. Хүчээр зээл өгөөд, хүчээр хүү суутгана гэдэг болохгүй л дээ. Тэгэхээр манайхан ярилцаад энэ асуудлыг авъя гэж шийдсэн. Тэгээд Хүний хөгжлийн мөнгө тараахад зориулж шинээр салбар байгуулъя, үүний тулд хоёр тэрбум төгрөгийн зардал гарна, дээр нь урсгал зардал нэмэгдэнэ. Гэхдээ нэгэнт бид энэ яам, агентлагтайгаа хамтарч байгаа тохиолдолд зардлыг бууруулахад хамтарч ажиллах боломжтой байх. Тиймээс нэгдүгээрт, орон нутагт тавьдаг тэтгэврээ манайхаар тавиулаачээ, хоёрдугаарт, нийгмийн даатгалд байдаг депозитоосоо байршуулаачээ гэсэн хүсэлт тавьж болно гэсэн. Мөн манайхан “Бид хувь нийлүүлэгчийн хувьд ашиг харалгүй яах вэ. Гэхдээ бидний явуулж байгаа монгол хүн бүртээ үйлчилье гэсэн бодлогод нэгдүгээрт нийцэж байна. Хоёрдугаарт, үнэхээр алдагдалтай ч бид алдагдлаа маркетингийн зардал гээд харчихвал ямар вэ. Энэ бүх хүнд үйлчилж байна гэдэг давуу тал” гэж хэлсэн. Би тэдэнд шийдэх эрхийг нь өгсөн. Тэд ажлаа мэддэг улс өөрсдөө шийдсэн. Түүнээс надад өдөр тутмынх нь ажилд оролцоод байх боломж, цаг зав ч байдаггүй юм.
-Ерөнхийдөө сонирхсон гол хоёр асуудалдаа тайлбар авчихлаа. Гэхдээ энэ бүх мэдээ мэдээлэл гараад л, та бүхэн ч гэсэн мэдэгдэл гаргаад байгааг харахаар өнөөдөр бид нар зүгээр л талх маслоныхаа тухай ярьж байгаа юм шиг болчихлоо шүү дээ. Ямар нэгэн бизнест заавал улстөрч байдаг, ямар нэгэн улстөрчийн ард ямар нэгэн бизнес эрхлэгч байна гээд. Энэ үнэхээр ийм болчихсон байна уу. Бид нар зүгээр энгийн юм ярьж байгаа юм шиг болчихлоо.
-Чөлөөт нийгэмд ард иргэд нь улстөрчдөө хардах эрхтэй л дээ. Тэр бол жирийн амьдралд ч гэсэн хардах сэрдэх хэрээс хэтрээд эхлэхээр өвчин маягийн зүйл болдог. Аливаа зүйл ийм хялбар байна гэж хаана байх вэ дээ. Бүх бизнес нь асгаж цутгаж байдаг, нөгөөхийг нь санаа зоволтгүй авч хэрэглээд бужигнуулж л байдаг юм гэж байхгүй. Энэ нийгэмд ч бас болдог ч юм бий, болдоггүй ч юм байдаг. Энэ бизнесийн орчинд ажиллаж байгаагийнхаа хувьд бол бүх зүйл тартагтаа тултал больчихсон гэж харагдахгүй байгаа. Мэдээж бизнес хийж байхад тэр хүндрэл бэрхшээл ойлголцох, ярьж хөөрөх таниулах бие биенээ хамтран дэмжих зүйл байлгүй яахав. Үүнийг хялбаршуулж ойлгож болохгүй л дээ.
-Бид буруу ойлгоод байна уу?
-Би тэгж л ойлгож байна. Би бизнест 20 жил ажиллаж байна. Бизнесийн хүрээнийхэн манай компанийг, бидний хийж байгаа зүйлийг бол мэднэ. Гэтэл гэв гэнэт гараад ирсэн юм шиг харах юм. Ялангуяа биднийг Ерөнхий сайд асантай их холбодог л доо.
-Тийм зүйл нэг биш удаа гарч байгаа шүү дээ?
-Манай бизнес Оростой холбоотой. С.Баяр даргыг Орост Элчин сайд байх үеэс нь мэднэ. Миний хүндэтгэж явдаг хүн. Гэхдээ бизнесийг бий болгох, өсч дэвжих нэг хүний дэмжлэгээр хэзээ ч бий болдог зүйл биш шүү дээ, ямар үлгэр биш. Олон жилийн олон зуун мянган хүний өдөр тутмын уйгагүй хөдөлмөрөөр бий болдог болохоос үлгэрийн саваагаар ч юм уу нэг хүн гарч ирээд крант татчихдаг ажил огт биш шүү дээ.
-Бизнес томрохын хэрээр ер нь байдал хэцүү байна уу?
-Айхавтар хэцүүдээд байна гэж харахгүй байна. Аливаа байгууллага өсч томроод ирэхээр орчны нягтаршил нэмэгдэнэ. Би энэ утгаар нь харж байна. Ерөнхийд нь харахад Монголын эдийн засаг тэлж байна. Монгол Улсыг хэн ч тоодоггүй байсан бол одоо танайх байгалийн баялагтай, ер нь ирээдүйтэй гэж анхаардаг улс олон болсон. Ялангуяа Олон овоотын хэлэлцээр хийгдсэнээс хойш бидэнд хандах хөрөнгө оруулагчдын хандлага их өөрчдөгдсөн. Тэгэхээр би 2000 онд 400 хүнтэй компанитай байсан бол өнөөдөр 4000 хүнтэй болж өргөжсөн. Энэ хэрээр асуудал нэмэгдэнэ. Гэхдээ Монгол Улс бүр нэг амьдарч болохоо байчихсан, хийморьгүй болчихсон, сөнөж байгаа газар огт биш шүү дээ. Ирээдүй бий, юм ерөнхийдөө болоод сайхан явах байх. Гэхдээ амьдралд ч, нийгэмд ч зөв гэгээлэг юм байна, дундаж юм байна, бас тэр нэг хар юм биднийг хүссэн ч, эс хүссэн ч байдаг болохоор бие биеэ гүтгэдэг, хулгай хийдэг, уравдаг тэрсэлдэг юм байдаг л юм байна. Үүнтэй тулахаар харин няцаалт өгч байх ёстой.
-Яриагаа эхлэхдээ та дайралт хийлээ гэсэн ч няцаалт өглөө. Нэлээн тийм гэгээлэг өөдрөг байдлаар хандаж хариулах шиг боллоо. Энэ үйл явдал яг тантай, танай бизнест ямар нөлөөтэй байна?
-Ямар ч байсан энэ бол таатай зүйл биш. Ажлаа хийж байгаа хүмүүс рүү ул үндэслэлгүй дайрч гүжирдэж байна шүү дээ. Тэр тусмаа төрийн өндөр тушаалтай хүмүүс ингэж хариуцлагатай хандаж болох уу. Манай хамт олон хийж байгаа зүйлээ маш сайн мэддэг. Хариуцлагатай, ажилдаа ач холбогдол өгдөг болохоор гуйвж дайвсан юм алга. Гэхдээ л манайхан сая гадны байгууллагатай ажиллаж байх үед жаахан гайхсан байдалтай асууж байна л даа. Ийм юм яригдаад байх юм захирал аа, юу болж байна аа гэж. Тэгээд биднийг тайлбарлахаар ойлгодог. Дээрээс нь олон жилийн түншлэл болохоор надад итгэж байна. Гэхдээ энэ их ажлын хажуугаар овоо саад болох юм.
-Энэ үл ойлголцлыг тодорхой болгохын тулд нээлттэй ярилцъя гэвэл та оролцох уу. Эсвэл ийм санаачлагыг та гаргаж чадах уу?
-Би дуртайяа хүлээж авна. Тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үүнийг дэмжих юм бол маш баяртайгаар хүлээж авна. Би харин гайхаад байна, монгол жижигхэн шүү дээ. Одоо бидэн рүү дайраад байгаа УИХ-ын гишүүдийг би танина шүү дээ. Уулздаг мэддэг, заримтай нь хойно дээд сургууль төгссөн. Эдгээр хүмүүс ингэж их пижигнүүлээд шуугиан тарьж байхдаа бидэнтэй нэг ч удаа ирж уулзсангүй. Намайг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол надтай биш манай байгууллага руу албан ёсоор хандаж болно биз дээ. Дээрээс нь энэ хүмүүс энэ төсөлтэй ерөнхийдөө холбоотой гэдгийг олон нийт гадарлаж байгаа. Миний бас нэг гайхаад ойлгохгүй байгаа зүйл бол аливаа нэг зүйл шударга байна гэдэг чинь эрх ашгийн сонирхол зөрөхгүй байна л гэсэн үг шүү дээ. УИХ аль ч асуудлыг сөхөж болно, хэнийг ч дуудаж тайлбар авч болно. Би үүнийг ойлгож байгаа. Гэхдээ эрх ашгийн зөрчилтэй хүмүүс өөрсдөө энэ асуудлыг гаргаж тавиад өөрсдөө тэрэндээ ороод өөрсдөө энэ ажлын хэсгийнхээ хүрээнд судалгаа хийгээд байгаа мөртлөө хамгийн гол хамаатай айлаас нэг ч мэдээ авахгүй, нэг ч уулзахгүй, нэг ч лавлахгүй өөрсдөө дүгнэлт гаргаад гүйгээд байдаг. Өөрсдөө хэлж байсан шүү дээ, эндээс муухай үнэр үнэртэж байна гээд. Тэгвэл миний бодож байгаагаар харин ч тэдний хийж буйгаас тун эвгүй үнэр үнэртэж байгаа. Тийм л байсан юм бол үнэхээр хараат бусаар олон хүмүүсийг байлгаад ьаны хэлсэн шиг нээлттэй шийдэж болно шүү дээ. Ер нь бол энэ дайралт 2009 оноос эхэлснийг бид мэдэж байгаа. Энэ асуудалд бид маш хүлээцтэй хандаж байгаа, яагаад гэвэл монголчууд ярьдаг шүү дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж. Тэр тусмаа монгол жижигхэн.
-Тэгэхээр таныг энэ асуудлыг шийдье, яг яах ёстой вэ гэдэг талаар яриаг эхлүүлж чадах хүн байна гэж ойлголоо.
-Ямар ч эргэлзээ байхгүй. Яагаад гэвэл бид хийж байгаа зүйлээ хуулийн дагуу, энд хийж байгаа бүх зүйл маань улс эх орны эрх ашигт нийцсэн гэдэгт, ялангуяа олон тэрбумын авлагатай банкуудын эрх ашигт нийцсэн гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Энд ганцхан бид биш, Монгол Улсын Засгийн газар, агентлагууд, Төвбанк, эрх хүлээн авагчид эргэлзэлгүйгээр бүгд санал нэгтэйгээр ажиллаж байна шүү дээ. Түүнээс биш би ганцаараа учир начиргүй шуугиулаад байгаа юм биш. Тэгээд ч энэ яриад байгаа зүйл бүгд баримттай, гэрээ нь зурагдсан, гадны нэр нөлөө бүхий байгууллагуудаар тооцоо судалгааг нь хийчихсэн, хуулийн дагуу явж байгаа ажил юм.