Хүндэтгэлийн концерт, ёслолын ажиллагааг Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх Үндэсний хорооны гишүүн, Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсад албан ёсоор айлчилж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк нар нээж үг хэлэв.
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрч, аюулгүй байдлаа бататгах түүхэн ач холбогдолтой байсныг дурдаад, өнгөрсөн 50 жилийн хугацаанд НҮБ-аас Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж дэмжлэг нь манай улсын хөгжил, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон арван салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Х.Кларк Монгол Улс нь НҮБ-ын хариуцлагатай, идэвхтэй гишүүн улс бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд тухайлбал, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэнхэр дуулгатнаа илгээж, бодит хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлээд, НҮБ-д элссэний 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.