Оросын “Юникс” баг Евролигийн улирлын тоглолтоо өөрийнхөө талбай дээр нээж Италийн “Монтепаши”-г хүлээн авчээ. Д хэсэгт багтсан хоёр багийн тоглолт эхнээсээ энэ тэнцүү өрнөж байсан ч зочин баг “Сиена” гуравдугаар үед илүү тоглолт үзүүлж, улмаар давуу байдлаа хадгалж явсаар үндсэн цагт 79:71 харьцаатай ялалт байгуулжээ. “Монтепаши”-гаас Бо Маккалебб 22 оноо авч, багаа тэргүүлсэн байна.
А хэсэгт Туркийн “Фенербахче Уолкер” талбай дээрээ Испанийн “Каха Лаборал” багийг хүлээн авч тоглосон. Хэдийгээр талбайн эздээс гарааны тоглогчид нь жигд байсан ч “Лаборал” багийн Мирза Телетович, Пабло Прижиони нар довтолгоонд гайхалтай байснаар тус бүр 21 оноо авч, улмаар баг нь 69:66 харьцаатай ялалт байгуулжээ. Энэ жилээс Евролигт оролцох болсон Италийн “Бэннэт Канту” баг өөрийнхөө талбайд улирлаа нээсэн. Тэдний эхний өрсөлдөгч нь Францын “Нанси” клуб байсан юм. “Канту” хэдийгээр Евролигийн туршлага багатай ч 80:69 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, илт илүүрхсэн тоглолт гаргажээ. Гэхдээ энэ орой талбайн давуу байдлаа хадгалж чадсан цор ганц баг нь тэд болон хувирсан. Сүүлийн тоглолтод Польшийн “Ассеко Проком” 72:76 харьцаатай “Галатасарай” багт хожигдсон байна. Тэд мөн л талбай дээрээ тоглосон ч ялалт авч амжаагүй байна.