Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Daisy + Ганг

Энэ залууг Ганг гэдэг. “Madness” хамтлагийн анхны соло гитарчин Гангийг гайхалтай ая зохиогч гэвэл огт буруудахгүй. Ганг бас их гоё шүлэг бичдэг. Магадгүй зарим хүмүүс түүнийг дуучин Daisy-гийн нөхөр гэхээр илүү сайн таньж болох юм. Рок, попын хамгийн өвөрмөц, авьяаслаг энэ гэр бүлийн хоёр уран бүтээлийн маш сайн хамтрагчид байж чаддаг нь гайхал төрүүлдэг. “Madness” хамтлаг, уран бүтээлээрээ холбогдон танилцсан хосууд одоо гурван хөөрхөн охинтой болжээ.

Ганг Daisy-гийн уран бүтээл, цомгийн ажлын бараг 70 хувийг нугалдаг гэдгийг хайрт гэргий нь нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Заримдаа Гангийн зохиосон аялгуу яг л Daisy-д зориулсан юм шиг, Daisy-гийн дуулсан дууг Ганг л тэгж бичиж чадах байсан юм шиг санагддаг. Жишээ нь, Daisy-гийн хамгийн гоё дуунуудын нэг “Зөрлөг” киноны дуу байна.

…Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд би яаж хэлэх вэ?
Дурлал чи надаас юу хүснэ вэ?…

Энэ дууны үг, аяыг Ганг өөрөө зохиосон. Гангийн дуунуудаас сүүлийн үед хамгийн их таалагдаж байгаа цоо шинэ уран бүтээлийг нь сонсоод үзээрэй. Энэ бол  “Madness”-ын Сайхнаагийн “Madness-2 Saikhnaa” цомогт багтсан, Гангийн үг, ая “Амьдрал чамд” гэж дуу.

…Амьдрал чамаасаа би юу хүсэх вэ дээ
Атгаж болох бүхнийг чи өгсөн
Алд хэрчим газар амьдрал бүхлээр оршдогийг
Би мэдсэнгүй, Юу ч гэхэв дээ

Саарал ч гэсэн хайрт хот минь сүндэрлэсээр
Сая сая цонхны цаана
Мянга мянган амьдрал
Сайн бүхний дундаас чи бид хоёрын
Учрал гэрэлтдэг шүү, Энэ гайхамшиг шүү

Гадаа ирчихээд эртний танил дуу эгшиглэсээр
Зүрх сэтгэлийг минь хөглөнө
Амьдралд би одоо ч эрхэлсээр
Энэ гудамжаар гараа халааслан алхана
Элдвийг эргэцүүлж бодно
Цонхыг чинь ширтэн зогсоно…

Нэг найзын маань хэлснээр зөвхөн Гангаас л гарах үг, Ганг л бичих гоё хэмнэл. Сонсоод үзээрэй.

Б.Баясах

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж