Хагас жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байгаа Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр Дээд шүүхэд 9:30 цагт болох байсан ч долоо хоногоор хойшиллоо. Учир нь Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг нар өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй тул шүүх хурал хойшлов. Шүүх хуралд улсын яллагчаар Нийслэлийн прокурорын орлогч, прокурор Ё.Сагсай, өмгөөлөгчөөр Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол, Ж.Эрдэнэбулган, Ө.Алтангадасын өмгөөлөгч С.Цэдэндамба, Л.Одончимэг нар оролцож, илтгэгч шүүгчээр Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, нийт таван шүүгч хэргийг хэлэлцэхээр орсон юм. Анхнаасаа хэрэг нь төрийн нууцын зэрэглэлд хамаарч байсан тул энэ удаа ч шүүх хурал хаалттай болов. АТГ-ын удирлагуудыг өнгөрсөн гуравдугаар сарын 21,22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Ч.Сангарагчаад 2.4 жил хорих ял, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож байсан. Харин давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ийнхүү ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүх хянан хэлэлцэхээр болсон юм. Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт заасан таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Үүнтэй адил зүйл ангиар буруутгагдаад байсан АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдоогүй учир анхан шатны шүүхээс цагаатгасан билээ. Харин одоогоор Ч.Сангарагчаа ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид хуваарилагдсан ангийн эд хогшлыг хариуцан ажиллаж байна. Дарга нарынхаа хөлд чирэгдэн хийгээгүй хэргийн төлөө хоёр жилийн хорих ял сонссон гэх Д.Сундуйсүрэн Зайсан дахь хорих ангид ял эдэлж буй. Түүний өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган ажиллаж байгаа. Тэрбээр хяналтын шатны шүүх хуралд нэмж Ц.Монгол өмгөөлөгчийг авсан байна. Өмгөөлөгчид нь “Сундуйсүрэн хэрэг хийгээгүй, хилсээр ял үүрч байгаа тул энэ удаагийн шүүх хуралд түүний хэргийг цагаатгах талын байр суурьтай оролцож байна” гэдгээ хэллээ. Д.Сундуйсүрэн Зайсан дахь хорих ангид ялаа эдэлж байгаа ч биеийн байдал нь тааруу, эмчийн хяналтад байдаг. Ар гэрийнхэн нь байнга эргэж очдог юм байна.
Харин хоёр шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотын хорих ангид ял эдэлж байгаа. Түүний өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, Л.Одончимэг нар ажилласан хэвээр байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 87.1, 133.1 дэх хэсэгт зааснаар төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Шүүх хурал хойшилсны дараа өмгөөлөгч С.Цэдэндамбаагаас зарим асуултад хариулт авлаа.
-Хамгийн сүүлд хэзээ Ө.Алтангадастай уулзсан бэ. Биеийн байдал нь ямархуу байна?
-Хоёр хоногийн өмнө уулзсан. Биеийн байдал нь харьцангүй гайгүй байгаа.
-Хяналтын шатны шүүх хуралд ямар байр суурьтай орох вэ?
-Шүүхийн шийдвэр яаж ч гарч болно шүү дээ. Хэлж мэдэхгүй юм. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл оноосон ялыг нь ч хэвээр үлдээчихэж магадгүй. Энэ хэрэг Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй хэрэг. Тэгэхээр яаж ч магадгүй юм даа.
-Ө.Алтангадастай уулзахад юу ярьж байна?
-“Өөрийн биеэр шүүх хуралд оролцдог болоосой. Үнэнийг хэлэх юмсан” гэж байна билээ.
"Өдрийн шуудан" сонин