Дэлбэрэлтээс болж тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлтээс болж тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Баянгол дүүргийн XX хороонд үйл ажиллагаа явуулдаг “Стройка” компанийн блокны үйлдвэрт энэ сарын 17-18-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед уурын тогоо дэлбэрчээ. Дэлбэрэлтээс болж шидэгдсэн  хагас тоннын жинтэй төмөр тэрэг ойролцоо байрлах “Эх газар”  компанийн  хүлэмжинд унаж ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Уурын тогоон дотор байсан хүнд жинтэй төмөр тэрэг 500-гаад метр газар шидэгдсэнээс үзэхэд ихээхэн хүчтэй дэлбэрэлт болсон нь тодорхой байв. Мөн “Стройка” компанийн үйлдвэрийн байр дэлбэрэлтэд өртөн нуржээ.

Биднийг очиход тус компанийнхан барилгын засварын ажлаа гүйцэтгэж байлаа.  Хүчтэй дэлбэрэлт болсныг  нотлох өөр нэгэн зүйл бол “Эх газар” компанийн блокон хашааг дэлбэрэлтэд шидэгдсэн төмөр цөм цохисон байгаа юм.  Шөнө байсан болохоор азаар хүний амь эрсдээгүй өнгөрсөн байна. 

Хэрвээ ажлын цагаар дэлбэрсэн бол хэчнээн хүн өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирох байсныг төсөөлөхийн ч аргагүй. “Эх газар” компани хүлэмжээ голланд технологоор, материалаа гадаадаас зөөж авчирч хийсэн учраас их хэмжээний хохирол учирсан байна. 

Мөн дэлбэрэлт болсон “Стройка” компанид “Тэрбум шахам төгрөгийн хохирол урьдчилсан байдлаар гарч байна” хэмээн гүйцэтгэх захирал нь ярьсан. Дэлбэрэлт болсны маргааш Баянгол дүүргийн Цагдаа­гийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийгээд буцжээ. “Стройка” компанийн удирдлага “Энэ дэлбэрэлт хүний буруутай үйл ажиллагаанаас болоогүй.  Цэвэр техникийн осол. Савны металл хийц даралтыг тэсвэрлэж чадаагүй байх” гэж өгүүлсэн юм.

Үүнээс үзвэл ямар нэгэн ажилтны хариуцлагагүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас болж дэлбэрэлт болоогүй гэдгийг   илэрхийлэхийг оролдож байв.  Гэхдээ эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргах учиртай. Бид “Эх газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бүргэд, “Стройка” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар нартай дэлбэрэлт болон учирч буй хохирлын талаар ярилцсан юм.

“Эх газар” ХХК-ийн захирал Л.Бүргэд: Хохирол 20-иод сая төгрөг болох байлгүй

-Дэлбэрэлт болох үед та­найд хэдэн хүн ажиллаж бай­сан бэ?

-Бүх ажилчид тараад явчихсан байсан. Түүнээс биш өдрийн цагаар дэлбэрэлт болсон бол аюул болох байлаа. Хагас тоннын жинтэй төмөр тэрэг дэлбэрэлтэд шидэгдэн хүлэмжинд унасан. Тэр үед манай ажилчид байгаагүй нь яамай даа. Хүнд төмөр хүлэмжийн гол нурууг цөмлөн унаснаас болж  маш олон шилэн хана дээвэр хагарсан.

-Ногоогоо хураагаад дуусч байсан юм байна, тийм үү?

-70 хувийг нь хураасан. Ирэх сарын 20-ноос өвлийн тарилт  эхлэх гэж байгаа. Гэтэл ийм зүйл болчихлоо.  Хүлэмжийг барих бүх материалыг Голландаас захиалгаар оруулж ирсэн. Монголд  үйлдвэрлэдэггүй, барилгын материалын захуудаар ч байхгүй.

-Бусад хүлэмжтэй газрууд барилгын материалын дэлгүүрээс шил аваад дээвэрлэдэг шүү дээ. Танай энэ хагарсан шилнүүд яагаад Монголд байхгүй гэж?

-Нарийн ногоог тусгай нөхцөлд тарьдаг. Голландаас оруулж ирсэн энэ шил халахгүй, хөлрөхгүй хүйтэнд ч тэсвэртэй. Хүлэмжийн стандартад нийцсэн орц найрлагатай байгаа юм.

-М.кв нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Сайн мэдэхгүй байна. Үүнийг худалдаж авсан Гол­ландын компанитайгаа холбоо тогтоосон. Мэргэжлийн бай­гууллагын  дүгнэлт гарсны да­раа үнийн дүнгээ танилцуулах байх. Мөн халаалтын шугам гэмтсэн. Ер нь доргилтоос болж манай 2,5 га талбайтай хүлэмжний шилний  нэлээдгүй хэсэг хагарсан байгаа.

-Хурааж аваагүй ногоо нэлээд байна. Эдгээр ногоо­нууд хүйтэнд хэр тэсвэртэй вэ?

-Хугацаа алдах тусам хо­хи­­рол нэмэгдэх зүйлс бол хурааж аваагүй ногоонууд. Дэлбэрэлтэд өртөж хохирол амссан ч гэлээ бид хөршийн хувьд “Стройка” компанийг нэг их шахаж шаардаагүй байгаа. Адилхан л үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс нэг нэгнийгээ ойлгох нь зүйтэй байх. Тийм учраас манайхан өөрсдөө мөнгө гарган хүлэмжээ гялгар цаасаар битүүлээд байна. Гэнэтийн явдал тохиолдчихоод байхад нь “алив ингэ, тэг” гээд байхыг хүсээгүй.

-Засвар хийж өгье гэж орж ирсэн үү?

-Ирсэн. Гэхдээ хэдий барилгын мэргэжлийн хүмүүс ч гэлээ хүлэмжийг засахад төвөгтэй олон асуудал тулгарна. Үүнийг бид өөрсдөө л засна. Азаар ойрын хоёр өдөр хүйтэрсэнгүй. Хэрвээ хүйтэрсэн бол ногоо хөлдөж хохирол нэмэгдэх байсан. Гэхдээ л хүйтний улирал эхэлж байгаа шүү дээ.

-Шил захиаллаа гэхэд хэд хоногийн дараа ирэх вэ. Тэр хүртэл эдгээр ногооны ургац хэвийн байж чадах уу?

-+10 градусаас доошлох юм бол ургацаа алдана. Шил захиаллаа гэхэд хэдхэн хоноод ирнэ гэж байхгүй. Хугацаа алдахгүй л байх шаардлагатай байна. Бусдаас болж бидний хохирол хугацаа өнгөрөх тусам нэмэгдээд байна. Тэглээ гээд бид тус компанийг шаналгаад байгаа юм биш. Би тарьдаг бол тэд барьдаг. Адилхан бизнес хийж яваа хүмүүс. Тийм учраас хүлээцтэй хандаж байгаа.

-Та сая албан бичиг өгсөн гэж байсан. Юу тухай байсан бэ?

-Хамт суугаад хохирлын талаар ярилцья гэсэн.

-Хохирлын талаар танд багцаа дүн бий биз дээ?

-Бодиттой зүйлээ нэхэмжилнэ шүү дээ. Яг сайн хэлж мэдэхгүй байна. 20-иод сая төгрөг болох байлгүй дээ. Гэхдээ цаашид ямар хохирол нэмж гарахыг мэдэхгүй байна.
 

“Стройка” ххк-ийн захирал Л.Ганбаатар: Манайх тэрбум төгрөгөө р хохирсон, гэхдээ хүн эрсдээгүйд баярлаж байна

-Дэлбэрэлт танайд маш их хохирол авчирсан байх?

-Би юм яримааргүй байна. Хэнд хэрэгтэй юм. Энд хувь хүн хохирчихоод хэцүү байна. Адилхан монгол хүн нэг нэгнийгээ ойлго л доо.

-Гэмтэж бэртсэн хүн байх вий л гэж бодсон юм?

-Аз болоход тийм зүйл бо­лоогүй. Дэлбэрсэн, тэгээд л болоо. Хэний ч биед шарх ч үүсээгүй.

-“Эх газар” компаниас танайд ямар бичиг өгсөн юм бэ?

-Харж амжаагүй байна. Гэхдээ эд биднийг ойлгох л хэрэгтэй. Дэлбэрэлтэд тэдний хүлэмж өртсөн нь үнэн. Бид хохирлыг төлнө. Өчигдөр манай инжинерүүд ороод юмыг нь засаад өгье гэсэн, өөрсдөө оруулаагүй. Тийм байж сүр үзүүлээд хэвлэлд хандах шаардлагагүй. Би ямар төлж өгөхгүй гээд байгаа биш.

-Бид сураг сонсоод ирсэн юм аа. Танайд ч гэсэн их хохирол учирсныг ойлгож байна?

– Манайх тэрбумаар хохирсон. Гэхдээ “Эх газар”-ын хохирлыг би одоо ч төлж өгөхөд бэлэн байна. Гэнэтийн осол хаана ч гардаг шүү дээ. Хөрш хүмүүс нэг их сенсаац болгох хэрэггүй л байсан юм.

-Яагаад дэлбэрэлт болсон юм бэ?

-Эд материалыг ямар ч байдлаар төлж болно. Уурын тогоо дэлбэрсэн.  Мэргэжлийн байгууллага нь өчигдөр ирээд холбогдох шалгалтаа хийгээд шинжилгээ хийх шаардлагатай зүйлийг аваад явсан. Энд хүний буруутай үйл ажиллагаа огт болоогүй.  Цэвэр техникийн осол. Даралт савны металл хийцээс болсон гэж бид үзэж байгаа.

-Уурын тогооны металл хийцээс нь үү?

-Одоо бид сорьцын лабораторид дээж өгөх гэж байна. Химийн элемент, физикийн шинж чанар бүрийг үзээд дүгнэлт гаргана. Төмрийн найрлага нь дутуу байсан ч юм билүү.

-Хэдэн жил болсон тогоо вэ. Ашиглах хугацаа нь дууссан юм болов уу?

-Таван жил болж байгаа. МХЕГ тэр тогоонд хяналт тавиад 2012 оны есдүгээр сар хүртэл ашиглах боломжтой гэсэн зөвшөөрөл өгсөн байсан.

-“Эх газар” компанийн хүлэмжинд байсан хагас тонн жинтэй төмөр хаана байсан болоод тэр хол шидэгдсэн юм бэ?

-Асар хүчтэй дэлбэрэлт болсныг түүнээс харж болно. Уурын  тогоонд блок шатаадаг тэрэг байсан юм. Тэр л шидэгдсэн юм. Өчигдөр би гүн шоконд орчихсон байсан. Хүн алаагүйдээ л баярлаад сууж байлаа. Манайхныг оруулаад янзлуулах юм, эсвэл өөрсдөө бариад мөнгөн дүнгээ гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан бид хөршийнд учирсан хохирол бүхнийг төлнө.
 
-Дэлбэрэлт болоход хэдэн хүн танай компанийн хашаанд байсан бэ?

-Ганц слесарь байсан. Тэр хүн хамгаалалтын өрөөнд байдаг юм. Тийм болохоор бэртэж гэмтсэн явдал болоогүй.


Л.Цэрэн

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж