Х.Чойбалсангийн хөшөөний нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Х.Чойбалсангийн хөшөөний нээлт болов

Маршал Х.Чойбалсангийн хүрэл хөшөөг нээх ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, маршал Х.Чойбалсангийн зээ охин н.Халиун, УИХ-ын гишүүн Д.Одбаяр болон МАН-ын гишүүд дэмжигчид оролцлоо. Мөн энэ өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр тохиож буй тул маршал Х.Чойбалсангийн хөшөөнд МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

МУИС-ийн нэгдүгээр байрны өмнө сүндэрлэж буй маршал Х.Чойбалсангийн хөшөөг шинэчлэх санаачлагыг МАН-ынхан гаргаж, улмаар нийслэлээс хөрөнгийг гаргаж хоёр сар орчмын хугацаанд шинэчлэн засчээ. Тодруулбал, долдугаар сарын 28-наас есдүгээр сарын 18-ны хооронд шинэчлэн засварласан байна. Хөшөөг бүхэлд нь хүрэлдэж, суурийг байгалийн боржин чулуугаар хийсэн юм байна. Энэ ажлыг уран барималч А.Очирболд тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд дээрх арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Маршал Х.Чойбалсан нь МАН-ыг үндэслэгчдийн нэг байсан төдийгүй улс орныхоо энх цагийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэлээ. Мөн Оросын хувьсгалчидтай холбоо тогтоохоос эхлээд Монгол Улсын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсаа НҮБ-д эслүүлэх зэрэг чухал үйл явдлыг гардан гүйцэтгэж явсан болохыг онцоллоо.

Монгол Улсын хувьд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Одоогоос 66 жилийн өмнө 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр Монголын ард түмэн анх удаа бүх нийтийн санал асуулгаараа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж байжээ.  Түүхийн хуудас сөхвөл 1945 оныг хүртэл Монголын тусгаар тогтнолыг Дундад улс  зөвшөөрөлгүй явж ирсэн бөгөөд "Ард түмэн нь өөрсдөө тусгаар тогтнолоо баталж чадвал Монголыг тусгаар тогтносон гэж бид хүлээн зөвшөөрье" гэсэн нот бичиг ирүүлсэн тул тухайн үеийн удирдлагууд "Монгол бүрэн эрхт, тусгаар улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү" гэсэн санал асуулгыг орон даяар явуулж,  монголчууд 98.7 хувийн саналаар “Монгол Улс бол бие даасан тусгаар улс” хэмээн  санал өгсөн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж