Хөдөлмөрийн төв биржийн гадаад хөдөлмөр зуучлалын албаныхны хэлж буйгаар эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэдийн дийлэнх нь бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгээр өвчлөгсөд их байжээ.
Энэ жил НХХЯ-ны харьяа хөдөлмөр халамж үйлчилгээний газар гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг анх удаа хариуцан, хөдөмөрийн төв биржээр дамжуулан зохицуулж байгаа юм. Өмнө нь БНСУ-д ажиллах хүчээр илгээгдсэн иргэдийн эрх зөрчигдөж, цалин хөлсөө бүтэн авч чадахгүй байх, хөдөлмөрийн нөхцөл хүнд байх гээд олон асуудал сөхөгддөг байсан. Харин энэ жил ажиллах хүчээр илгээгдэх иргэдийн хөдөлмөрийн болон хүний эрхийг илүү сайн хамгаалсан гэрээ хийсэн гэдгээ холбогдох албаныхан хэлж байна.
Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн 4108 иргэнээс эхний байдлаар 1383 иргэний нэрийг БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршуулаад байгаа аж. Хэрэв БНСУ-ын үйлдвэрүүд монголоос ажиллах хүч авах хүсэлтээ ирүүлбэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн энэ жилийн шалгалтад тэнцсэн иргэд БНСУ-ыг зорих юм байна.