Засгийн газрын наймдугаар байрны үүдэнд нэг өвгөн “Энэ нийгэм ер нь юу л болоод байна аа. Эмч нар ч таарсан амьтад. Засгийн мөнгө идээд л. Дараа нь юу ч болоогүй юм шиг мэдэн будилаад л…” гэж амандаа үгэлсээр бухимдуу цааш явлаа. Настаны ороод гарсан газар бол Эрүүл мэндийн яам. Иргэд цалингаасаа сар бүр эрүүл мэндийн даатгалд тодорхой хэмжээний мөнгө төлснийхөө төлөө жилд ойролцоогоор 1,2 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээг “үнэ төлбөргүй” авах эрхтэй байдаг. Үнэ төлбөргүй ч гэж юу байхав дээ. Хуримтлал үүсгэн өөрөө өөрийгөө эмчилдэг гэхэд болно. Нэг хүнээс жилд дээрх хэмжээний мөнгийг авдаг бол хоёр сая иргэний эрүүл мэндийн даатгалд төлдөг мөнгө хэд болох нь ойлгомжтой. Өвчтөний түүх хуурамчаар үйлдсэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагт холбогдох хэргийн талаар сурвалжиллаа. Тэрбээр анхан шатны байцаалтаар 2000 гаруй хуурамч өвчний түүх бичин 200 гаруй сая төгрөг хувьдаа завшсан гэсэн хэрэгт холбогдсон боловч дараа, дараагийн байцаалтын явцад энэ тоо 300 сая гаруй болж өссөн. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсээр түүнд холбогдох хэргийн талаар “хэрэгсэхгүй болгосон” хэмээн иргэдэд ташаа мэдээлж байсан. Харин энэ мэдээллийн дагуу энэ сарын 13-ны өдөр тус дүүргийн цагдаагийн газраас “Түүний хэргийг шалгаж дуусаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн удаатай. Хамгийн сүүлд “Прокурорын газарт шалгагдаж байгаа” гэсэн мэдээлэл бий. Мөрдөн байцаалтын явцад хүн нэг бүрийн өвчний түүхийг шалгаж байгаа тул ийнхүү удааширсан гэнэ. Эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс хуурамч өвчөний түүх бичиж, улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулчихаад одоог хүртэл “Би буруугүй” гэж хээвнэг инээж байсан гэдэг. Мөрдөн байцаалтын явцад С.Тунгалаг нь 2009-2010 оны материал бүрдүүлэлтэд үзлэг хийхэд нийт 94752 хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 20194 хүний өвчтөний түүх зөрчилтэй болгосон байсныг олж тогтоожээ. Мөн тэрбээр их хэмжээний мөнгө завшихын хэрээр өөрийн нэгдлийн эмч нарыг хуурамч өвчний түүх “зохиохыг” шаардаж, дарамталж байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон билээ. Жишээ нь тус эмнэлгийн дотрын эмч Б.Тунгалаг үүнийг нь баталсан байна. Түүний мөрдөн байцаалтын мэдүүлэгт “Би эхлээд тийм олон эмч хуурамчаар бичдэг гэж мэдээгүй. Лав 17 эмчээр хуурамч түүх бичүүлсэн нь нотлогдсон болов уу. Бид нарт овог нэр, регистр, даатгалын дугаар бичсэн өвчний түүхийг хуваарилж өгөхөд С.Тунгалаг дарга доторхийг нь бөглөж буюу зохиож бичихийг үүрэгддэг байсан. Нэг ёсны дарамталдаг байсан. Тэгээд эмч нар чиглэл чиглэлийн дагуу онош бичдэг болсон” хэмээн тэмдэглэн үлдээсэн. Энэ мэдүүлэг түүнийг арав гаруй жил хорих ялтайг баталж буй тухай байцаагчид дүгнэж байгаа юм.
Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны хэвлэл, мэдээллийн ажилтан А.Сарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэрэг юу болж байгаа бол. Уг хэргийн дараа танай яам хэд, хэдэн эмнэлэгийн байгууллагуудад гэнэтийн шалгалт явуулсан гэсэн?-Тиймээ, С.Тунгалагийн уг хэргийн дараа аймаг, дүүрэг, хорооны эмнэлгүүдэд гэнэтийн шалгалт явуулсан. Хэд хэдэн дүүргийн эмнэлгүүдэд бичиг баримтын зөрчил илэрсэн. Гэхдээ санхүүгийн тал дээр бус бүртгэл, иргэдийн гомдол дээр асуудалтай байсан. Харин одоогийн байдлаар эдгээр зөрчил илэрсэн хүмүүс дээр арга хэмжээ авч, одоо бүх зүйл хэвийн болсон.
-С.Тунгалагийн хэрэгт Нийгмийн даатгалын газрын ажилтан Р.Наранчимэг холбоотой байж болзошгүй гэсэн. Эрүүл мэндийн салбарт иймэрхүү хэрэг өмнө нь гарч байсан уу?
-Гарч байгаагүй. Манай Эрүүл мэндийн яам ч гэсэн С.Тунгалагийн хэрэгт давхар хариуцлага хүлээх болсон. Мөрдөн байцаалтын явцад “Эрүүл мэндийн яам болон Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд хариуцлага тооцож магадгүй юм байна” хэмээн анхааруулсан.
-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг хэрэг ямар шатанд явж байгаа бол. Танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Хамгийн сүүлд энэ сарын 16-ны өдөр С.Тунгалагийн хэрэг прокурорын шатанд шалгагдаж байгаа гэсэн. Хүн бүрийн өвчний түүх дээр ажиллаж байгаа болохоор удаашралтай байгаа юм шиг байна лээ. Ямар ч байсан Эрүүл мэндийн яамны зүгээс өөрсдийн харьяа эмнэлгүүдэд хараа хяналтаа сайжруулж, зөрчлүүдээ шийдвэрлэсэн байгаа гэсэн юм. С.Тунгалагийн хэрэг прокурорын шатнаас шүүх рүү шилжих үед энэ талаар дахин сурвалжлах болно.
Б.Баатар"Улс төрийн тойм" сонин