“Долоодугаар сарын 1 шиг явдал болвол яах вэ”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

“Долоодугаар сарын 1 шиг явдал болвол яах вэ”

УИХ-ын сонгууль болоход найм хүрэхгүй сарын хугацаа үлдсэн. Энэ нь УИХ-ын гишүүд төдийгүй ард иргэдэд “Долоодугаар сарын 1 шиг үйл явдал дахин болох вий” гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа. Ямартай ч гишүүдийн дунд “Сонгуулийг будилаантуулбал тэр үеийнх шиг явдал болохыг үгүйсгэх аргагүй” гэж хэлэх хүн бий. Бас “Монголд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дахин үүсэхгүй” гэж хэлэх  хүн түүнээс  ч олон байгаа ажээ. Гэсэн ч үүнийг урьдчилан таамаглах аргагүй учраас эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм. “2008 оны долоодугаар сарын 1-нд зэвсэгт хүчний үйл ажиллагаа дутмаг, эрх зүйн хангалттай зохицуулалт байгаагүйгээс болж хүний амь эрсэдсэн” гэсэн шүүмжлэлийг олон хүн хэлдэг билээ. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Жагсаал цуглаан хийн журмын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Эдгээр хуульд өөрчлөлт оруулах гэж байгаагийн гол шалтгаан нь 2008 оны долоодугаар сарын 1 шиг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд яаж ажиллах вэ гэдэг юм. Мөн үүнд онц байдал зарлах, шаардлагатай арга хэмжээ авах тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргах уу, эсвэл Засгийн газар тодруулбал Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргах уу, галт зэвсэг ашиглах хэрэгтэй юу, цагдаа, шүүх,  онцгой байдал, хил хамгаалах газрыг ямар үүрэгтэй оролцуулах вэ зэрэг олон асуудал багтаж байгаа. Ямартай ч байнгын хорооны гишүүд багц хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжиж байгаагаа өчигдөр илэрхийлсэн. Харин хуульд чухам ямар асуудлыг нарийвчилж тусгах вэ гэдэг дээр харилцан адилгүй байр суурь илэрхийлж байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг цагдаагийн байгууллага өөрсдийн хүчээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд Засгийн газар асуудлыг хэлэлцээд Онцгой байдлын ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрыг татан оролцуулах тухай хуулийн төсөлд тусгасан” гэж мэдээлсэн. Түүний хэлсэн үгэнд “Засгийн газар асуудлыг хэлэлцэнэ” гэсэн нь байгаа онц байдал зарлах тухай шийдвэрийг хэн гаргах тухай юм. Ц.Нямдорж сайд “Ерөнхийлөгч онц байдлын асуудлаа яах вэ гэдгийг бодож байгаа байх. Миний хувьд үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч хүч хэрэглэх, буу шийдэм ашиглах тухай шийдвэрийг гаргах нь хэр зохимжтой вэ гэж бодож байгаа” гэв. Хууль зүй, дотоод хэргийн  сайдын энэ санаа “Зэвсэгт хүчний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх хуулийн төсөл санаачилсан” гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Гэсэн ч тэрбээр энэ санал нь зөв гэдэг бодлоосоо ухраагүй байгаа ажээ. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг сонсох бодол ч түүнд бий гэнэ. Харин байнгын хорооны гишүүд дээрх асуудлыг болон цагдаа, цэргийн байгууллагын уялдаа холбоо ямар байх зэргийг нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байсан юм. Улмаар хуралдааны үеэр хуулийн төслийг нягталж, боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх үеэр Н.Батбаяр гишүүн “Онц байдал зарласан үед цагдаагийн байгууллага галт зэвсэг ашиглаж болох тухай төсөлд тусгасан байна. Иргэд рүү буу чиглүүлэх нь зохимжгүй. Усан буу, нулимс асгаруулагч, бороохой ашиглаж яагаад болохгүй гэж” гэсэн шүүмлжлэлийг хэлсэн.  Мөн Л.Гүндалай гишүүн “Би хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байна. Гишүүд одоо төсөв, нийгмийн асуудлыг хэлэлцээд сууж байх ёстой. Долоодугаар сарын 1 шиг үйл явдал дахин болохгүй байх. Тэр үед иргэд эд хөрөнгөнд халдаж, нэг байшин шатаасан нь үнэн. Тэр байшингийн суурь дээр илүү том байшин барьчихсан байна. Харин амиа алдсан хүмүүсийн асуудлыг яах юм бэ. Ар гэрийнхэнд нь хэдэн халтар төгрөг өгөөд өнгөрсөн шүү дээ” гэсэн нь хуулийг багц төслийг хэлэлцэхийг эсэргүүцсэн цорын ганц хүн болов.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж