Анх 2007 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-аас Ч.Сангарагчааг Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалд томилж байв. Тэрбээр дарга болсноосоо хойш өөрийн багаа бүрдүүлэлгүй, хуучин бүрэлдэхүүнээр нь төрийн ажлыг урагшлуулж байсан гэлцдэг. Гэтэл нэг л өдөр түүнийг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2.4 жилийн жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхээс шийдвэр гаргасан юм. Үнэндээ шүүх түүний гэм буруутай гэдгийг нь баталсан учраас тэр ялтан болсон байх. Гэтэл өнөөдрийн Монголд ялтан хүн төрийн том байгууллага удирдаж болдог жишгийг түүнээс харж болохоор байгаа юм. Өмгөөлөгч нар нь түүнийг “буруугүй” гэж үздэг ч түүнийгээ баталж чадахгүй байгаа нь даанч таагүй. УИХ-аас түүний Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлж чадахгүй байгаа нь цаанаа бас учиртай л байх. Уг нь АТГ-ын дарга болохдоо нэг их хэл ам дагуулаагүй энэ хүн, дарга байх хугацаандаа ялтан болж баларч байгаа нь сонин л тохиолдол. Энэ сарын 26-нд Ч.Сангарагчаагийн хяналтын шатны шүүх хурал болно. Эндээс түүний цаашдын хувь заяа тодорхой болох байх даа. Ямартай ч тэр “азгүй дарга” болсон нь тодорхой.
"Улс төрийн тойм" сонин