Ханарсан сонголт хийдэг “Будилааны эзэд”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Ханарсан сонголт хийдэг “Будилааны эзэд”

“Булганыхан будилаантай, бу­даан дээрээ зодоонтой” гэ­дэг нэр хочийг хэзээ ч юм, хэн нэгэн нь Булган нутгийнханд өгсөн байдаг. Яг тийм ч юм уу, үгүй ч юм уу бас хэн ч мэдэхгүй. Ингэж  хэлээд л хэвшчихсэн. Тэгэхдээ тэд Ерөнхийлөгчийн ч бай, ер ямар ч сонгуулиар зарим айм­гийнхан шиг айхтар будилаан тариад л, бие биеэ заамдаж авч нармайгаа нээлцэх хэм­жээнд хүрч байгаагүй билээ. Нам гүмхэн талдаа. Ерэн хоёр оноос хойшхи парламентын таван удаагийн сонгуулиар л гэхэд “будилааны эзэд” нэгээс бусдад нь МАХН буюу одоо­гийн Ардын намын хүмүүсийг төрд илгээж байж. Харин 1996 онд бусад тойргуудын нэгэн адил Булганд ч “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Үүнийг эс тооцвол “улаантан”-д дуртай аймгуудын нэг гэхэд болно. Тэр тусмаа 2000 оноос хойшхи парламентын болон орон нутгийн сонгуулиар “цэнхэрүүд” олигтой санал цуг­луулж чадаагүй юм. Гэх­дээ Бул­ганд аль ч нам, эвсэл нө­гөөгөө илт давуу байдлаар ялдаг. Тун цөөхөн саналын зө­рүүгээр нэгнээ ялсан тохиолдол бараг алга.

Айм­гаараа дарга, цэрэггүй тойрч сууж байгаад ярьж тохирсон юм шиг ханарсан сонголт хийдэг аж. Өөр нэг онцлог гэвэл сонгуулийг олон мандаттай 26 болон ганц мандаттай 76 тойргийн аль ч хувилбараар явуулсан  хоёр тойрог буюу хоёр мандат ногддог цөөн аймгийн нэг. Булганаас гадна Өмнөговь, Говь-Алтай, Орхон, Дундговь, Сүхбаатар аймаг хоёр мандаттай. Булган аймаг одоо бол УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, харин ганц мандаттай 76 тойргийн хуваа­рилалтаар бол 10, 11-р тойрог билээ. Ардчилсан парламентын анхны сонгуулиар тус аймагт есөн хүн нэр дэвшин өрсөлджээ. Сонгуулийн дүн гарахад МАХН-аас нэр дэвшсэн академич Ж.Болдбаатар, Д.Дашпүрэв нар ялалт байгуулсан байна. Өр­сөлдөгчид нь тийм ч сул хүмүүс биш байсан ч энэ хоёр эрхмийг бул­ганчууд саналаар илт давуу дэмжсэн байна. Гэвч дээрх нэр дэвшигчид тэдний итгэлийг даасан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн УИХ-ын 1996 оны сонгуулиар хүндхэн байдалд орж байсан нь бий. Нэр дэвшигч С.Гүндэнбалын оронд Монголын анхны сансрын нисгэгч, булганчуудын бахархал болсон  Ж.Гүр­рагчааг нэр дэвшүүлээд ч МАХН-ын хувьд “Ардчилсан хол­боо” эвслийнхнээс барианд түрүүлж хүрч чадаагүй юм. Одоогийнх шиг өөр хоорондоо гар барилцах нь байтугай нэгийгээ өстөн дайсан мэт үзэж  тэнгэр, газар шиг ялгардаг байсан хоёр хүчний ширүүн тэмц­лийн эцсийн дүн гарахад Хувьсгалт намынхан 1996 онд далаараа цэвэр тавиулав. Эвслээс нэр дэвшсэн Л.Эр­хэмбаяр, Д.Дашпүрэв нараар өөрс­дийгөө төрд төлөөлөөрэй гэсэн захиасыг өвөрт нь хийж өгөөд Булган нутгийнхан үдэж мордууллаа.Сон­гогчид таамаглаж байгаагүйгээр ийн хоёр мандатынхаа өнгийг өөрчилж орхих нь тэр. Чухам  нэр дэвшигчид гэхээс илүүтэй сон­гогчийн үнэ цэн гэж юу болохыг зөвхөн Булган ч бус монголчууд нийтээрээ энэ үеэс л мэдэрч эхэлсэн гэдэг билээ. Далан зургаан тойргийн 50-ийг нь “Ардчилсан холбоо” эвслийнхэн авахад Булган айм­гийнхан ч хоёр суудал нэмэрлэсэн нь энэ. Гэхдээ ардчиллын талыг ба­римтлагч нам, эвсэлд энэ ялалт тийм ч мөнхийн байж чадсангүй. 2000 онд МАХН-ын туг далбааг хийсгэн Булганд давхиж ирсэн хүмүүс бол тус намын удирдах аппаратад тө­дийгүй Улаанбаатар хотын даргаар олон жил ажилласан, нэр хүндтэй улстөрч Л.Энэбиш болон тус аймгийн намын хорооны дарга Ч.Раднаа нар байлаа. Ерөн­хийдөө эвслийн нэр хүнд сонгуулийн дөрвөн жилийн туршид шалдаа буутал унасан  үе. Нийтээрээ гэхээсээ илүү­тэй тус намын лидерүүд намынхаа нэр хүндийг шаварт хут­гасан. Хааны албыг халаагүй, эзний албыг ээлжгүй мэт дураараа дургисан нь ард түмний нүдний өмнө ил байлаа. Энэ нь сонгогчдод өөр боломж байгаа шүү гэдгийг са­нуулсан ч биз. Салхи эргэх нь УИХ-ын 2000 оны сонгуулийн товоос хамаагүй эрт тодорхой болсон гэхэд болно. Булган ч гэлтгүй хаа сайгүй ийм байлаа. Ардчилсан намынхан ч үүнийг таамагласан уу, бусад жижиг намуудтай мөн л эвсэх тактик барьж сонгуульд оролцлоо. Гэвч тусыг эс олов. Тооллогын эцсийн дүн гарахад “Ардчилсан холбоо” эвслийнхэн ИЗН, Эх орон-МАШСН-тай адил ганцхан суудалтай хоцорсон юм. Бас бие даагч Л.Гүндалай нэг суудал авсан. Ингээд үлдсэн 72 суудлыг МАХН авсан байлаа. Мэдээж үүн дотор Булганы хоёр мандат ч багтаж байгаа төдийгүй тус аймгаас нэр дэвшсэн Л.Энэ­би­шийг бүрэн эрхээ баталгаажуулсан шинэхэн пар­ла­ментын спикер бол­голоо. Гэвч ха­рамсалтай явдал болж 2001 оны есдүгээр сард Л.Энэбиш хүнд өвчний улмаас хорвоог орхисон юм. Ингээд түүнийг сонгосон Булган аймгийн 11-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулсан юм. Ардчилсан намаас Э.Бат-үүл, МАХН-аас Б.Өв­гөн­хүү, БНН-аас Б.Жаргалсайхан, Эх орон намаас Б.Ууганбаяр нарын таван хүн нэр дэвшин өрсөлдлөө. Улмаар 2002 оны нэгдүгээр сарын таванд санал хураалтыг тус тойрогт явуулсан юм. Бас л МАХН-ын нэр дэвшигч саналын тоогоор  бусдаасаа давуу байж, ялалтыг өөрийн болгов. Гэвч УИХ-ын экс гишүүн Б.Өвгөнхүү парламентын 2004 оны буюу да­раагийн сонгуульд хүч үзээгүй юм. Харин түүний оронд МАХН-аас 11-р тойрогт Дэд бүтцийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэ сонгуульд нэр дэвшин ялалтыг өөрийн болгосон. Харин 10-р тойр­гийн “эзэн” гэж дуудуулах хүртэл дараалан ялалт байгуулсан Ч.Раднаа 2004 онд ч тойргоо эзэгнэсэн юм. Мөн л МАХН-ын нэр дэвшигч. Өнгөрсөн 2008 оны парламентын сонгуулиар ч булганчууд МАХН-аас нэр дэвшигчдийн талд гар өргөсөн. Гэхдээ Ч.Раднаагийн оронд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир 10-р тойрогт нэр дэвшиж ялсан юм. Анхдагчдын өлгий нутаг болсон булганчууд төрд данстай Л.Энэбиш агсныгаа бахархан хүндэлж ирсэн шигээ саналын хуудас дахь хүүгийнх нь нэрийн ард дуу нэгтэйгээр санал зурж өгсөн ч гэж ярьдаг. Парламентын түүхэн дэх гэр бүлийн залгамж чанарын тод жишээ болох С.Оюун, Д.Туяа нарын жиш­гийг Э.Мөнх-Очир ингэж давтсан гэхэд болно. Харин Ц.Цэнгэл ги­шүүний хувьд 2008 онд 11-р тойргоос хоёр дахиа сонгогдсон юм. Ирэх сонгуулийн тухайд Булган аймагт нэр дэвших магадлалтай хэд хэдэн хүн байгаа аж. Хэрэв одоогийн тогтолцоо нэг их өөрчлөгдөхгүй байдлаар Сонгуулийн хуулийг тун удахгүй баталчихвал тус аймаг бүхэлдээ хоёр мандаттайгаа л үлдэх болов уу. Харин мажоритари, про­порционалийн аль нь давам­гайлахаас  хамаараад тойргийн ху­ваарилалт илүү тодорхой болох байх. Тэгэхээр бусад тойргуудын нэгэн адил Булганы хувьд ч хоёр мандат нь нэр дэвших “эзэндээ” хараахан очиж амжаагүй байгаа гэсэн үг. Аль ч нам, эвслийн тухайд ийм л байгаа. Гэхдээ зөвхөн одоохондоо шүү дээ. Ардын нам, Ардчилсан намын алинд нь ч бүр цаашилбал жижиг нам, бие даагчид дотор ч эмэгтэй хүний нэр сонсог­дохгүй байна. Урьд нь ч ийм байжээ. Булганаас эмэгтэй хүн депутат юм уу, парламентын гишүүн болох нь байтугай нэр дэвшиж байсан нь ч цөөхөн аж. Өнгөрсөн хугацаанд болсон УИХ-ын таван удаагийн сонгуулиас 1996 онд    Ж.Оюун, 2000 онд Жавзандулам гэсэн хоёрхон эмэгтэй л эрчүүдтэй санал булаа­цалдан өрсөлдөж байжээ. Ер нь уг цувралын өмнөх дугаарт гарсан Баян-өлгий, Баянхонгор аймагтай энэ талаараа тун адил төстэй. Харин ирэх сонгуулиар Булганд нэр нь яригдаж байгаа хэд хэдэн хүн байна. Ардын намаас эхэлье. Нэрээ сольсон ууган хүчний цөс ихтэй залуусын нэг болох УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир жагсаалтын эхэнд байна. Тэрбээр Сонгуулийн хуулийг яаж ч өөрчилж баталсан, мажоритари бай­на уу, пропорциональ болох уу гэдгээс үл хамаараад одоогийн 10-р тойргоо хэнд ч өгөхгүй гэдгээ намынхаа удирдлагатай аль эрт тохирсон гэх. Тийм ч учраас тэрбээр бусад шиг “томчууд” руугаа горьдсон харцаар харах юм уу, эсвэл ямар нэг айдас, болгоомжлолгүйгээр суртал­чил­гаа­гаа далдхан эхлүүлжээ. Харин үлдэж байгаа 11-р тойргийн хувьд гал гарсан ширүүн тулаан тус нам дотоор өрнөж мэдэхээр байгаа аж. Одоо энэ тойргийг төрд төлөөлж байгаа Ц.Цэнгэл гишүүн бол дотроо дахих бодолтой байгаа. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч үүнийгээ далдхан илэрхийлсэн байсан. “Хэрэв намаас надад итгэл хүлээлгэвэл би үгүй гэхгүй” гэсэн байна билээ. Гэсэн ч түүнтэй Бо­ловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр мандат булаацалдах нь бараг тодорхой байгаа дуулдав. Өмчлүүлээд өгчихсөн биш, өмнө нь хоёр ч удаа энэ тойргоос парламентад сонгогдсон болохоор Ц.Цэнгэлийн хувьд хангалттай” гэсэн яриа тус намын удирдах зөвлөлийнхний дунд өрнөсөн сураг ч байна. Мөн тус намын дэргэдэх НАМЗХ-наас тө­дийгүй эмэгтэйчүүдийн байгуул­лагаас ч энэ тойргийг сонирхож буй ганц, хоёр хүний нэр дуулдаж  байгаа. Тэгэхээр Ардын намынхан ирэх сонгуулиар энэ тойрогт хэнийг сойх нь одоогоор дор хаяж хоёр, гурван сонголттой байгаа гэсэн үг. Харин Ардчилсан намын хувьд 1996 онд энэ тойргоос сонгогдож байсан экс гишүүн Я.Эрхэмбаяр өнгөрсөн 2008 онд “алдсан” даагаа нэхэх сурагтай. Мөн өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон “SIHB” компанийн за­хирал Д.Мөнхсайхан ч дахин нэр дэвшиж магадгүй гэнэ. Намаасаа мандатгүй хоцорсон, тойрог сэлгэ­хийг хүссэн зарим нэг “ши­нэ”хүмүүс ч эднийг жагсаалтаас шахахыг үгүйс­гэх аргагүй. Үүнээс гадна Булган бол бусад аймгийг бодоход  харьцуулахад гуравдугаар эгнээний нэр дэвшигч болон бие даагчид нь харьцангуй хүчтэй байдаг онцлогтой. Жишээ нь “Авзага трейд” компанийн П.Мэнд­баяр гэхэд энэ жил дахиад бие даан нэр дэвшиж өрсөлдөх байх. Барианы зурхайд өнгөлөөд ороод ирэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Нутагтаа нэр хүндтэй л бизнесмэн. Бас 2004 оноос хойш ИЗН-аас Булганд нэр дэвшиж  байгаа “Тамир Велнесс” компанийн захирал Д.Өл­зий­сайхан, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслээс 10-р тойрогт нэр дэвшсэн, ҮШН-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл гэхэд л энэ удаа Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын МАХН, МҮАН хавиас нэр дэвших магадлалтай байгаа аж. Эдэн дээр нэмэгдээд 2004 оноос хойш БНН-аас нэр дэвшээд булганчуудад “го­логдсон” Б.Бат­сайхан ч ирэх сон­гуулиар дахин үзээд алдах биз. Түүнийг  анх “Буян”-гийн Б.Жар­гал­сайханы дүү гэдгээр нь л хүмүүс ан­заарч байсан гэдэг. Одоо бол эрхбиш булганчуудад танил болсон биз ээ.       

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж