-Танд өнөөдөр ч гэсэн Монголын Ногоон намтай нэгдэж чадна гэсэн итгэл үнэмшил байна уу?
-Байлгүй яах вэ. Ер нь Монголын Ногоон намтай нэгдчихсэн шүү дээ. Юу гэхээр Монголын Ногоон нам татан буугдаж, Иргэний Зориг намтай нэгдэх их хурлаа хийсэн. Харин улсын Дээд шүүх бүртгэхгүй удаагаад байгаа. Ингэхдээ цэг, таслал эсвэл Монголын Ногоон намыг нэгдэхийг эсэргүүцэгч зарим гишүүний өргөдлийн дагуу шалгаж байна гэж ойлгосон. Гэтэл саяхан Монголын Ногоон намын цөөн гишүүн тамгагүй бичиг ирүүлснийх нь төлөө улсын Дээд шүүх бүртгэнэ гэдэг бол улаан цайм хууль бус үйл ажиллагаа боллоо. Гэхдээ ингэлээ гээд улс төрийн хувьд нэгдэхээр шийдсэн хоёр намын гишүүд цаашид хамтдаа л явна. Иргэний Зориг-Ногоон намыг одоо хүртэл бүртгэхгүй байгаагийн цаана бид улс төр бий гэж хардаж эхэлж байна. Хууль бус үйлдэл байсан гэж үзэж байгаа учир бид гомдлоо гаргаж, хуулийн дагуу шийдүүлэх болно.
-Дээд шүүхийн шийдвэрээр Монголын Ногоон намын дарга нь Д.Энхбат биш харин С.Маам болчихлоо. Тэгэхээр С.Маам даргатай Монголын Ногоон намынхан цаашид үйл ажиллагаагаа явуулаад УИХ-ын гишүүн Д.Энхбат Иргэний Зориг намтай нэгдээд явна гэж ойлгож болох уу?
-Хоёр намыг нэгдэхийг зөвшөөрсөн хүн бүр нэг дээвэр дор орж, үйл ажиллагаагаа явуулна. Цаашид үргэлжлүүлэх боломж бий. Харин Дээд шүүхийн шийдвэр гарчихсан учир бид мэтгэлцдэгээрээ мэтгэлцэнэ.
-Танай хоёр намыг нэгтгэхгүй байх бүхий л боломжийг МАХН-ын дарга Н.Энхбаяр бүрдүүлж байгаа гэх яриа байгаа. Үүнд та юу хэлэх вэ?
-Тийм хардлага бий. Миний хувьд битгий ийм байгаасай гэж бодож байна. Хэрэв хэн нэгэн улстөрч Дээд шүүхэд нөлөөлж, илт хууль бус шийдвэр гаргадаг болчихвол манай улсын үндэсний эрх ашигт аюултай юм. Шүүх хараат бус байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэлийг хийнэ гэж гарч ирсэн. Тухайн үед Монголын Ногоон нам, Иргэний Зориг нам тусдаа байхдаа Ц.Элбэгдорж нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцсон. Ялахад нь бидний хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ ч утгаараа шүүхийн шинэчлэлийг хийх нь маш чухал асуудал гэдгийг ойлгож байна.
-Таныг “Рио Тинто”-гийн “хүн” гэх нь бий. Харин Монголын Ногоон нам бол ногоон улс төрийг дэмжигч. Иймээс хоёр нам нэгдсэн хэдий ч үзэл бодол тохирохгүй гэх юм?
-Монголын аль ч улс төрийн нам одоо байгаль орчны бодлогыг тэргүүлэгч зорилгоо болгох ёстой. Иймээс бид Монголын Ногоон намтай нэгдэж байгаль орчныг тэргүүлэгч бодлого болгож байгаадаа баяртай байгаа. Намайг “Рио Тинто”-гийн лобби гэж хардах хэрэггүй. Би 1996 онд Кембрежийн их сургуульд докторын зэрэг хамгаалан Англид байгаа “Рио Тинто” компанид ажилласан анхны монгол хүн. Тэнд гурван жил ажилласны дараа УИХ-д нэр дэвшсэн юм. “Рио Тинто” компанийг Монголд орж ирснийг зөв зүйл гэж боддог. Тэд хамгийн сайн чанарын техник технологи, байгаль орчны нөхөн сэргээх, аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлж чадах компани учир орж ирсэнд баярлах хэрэгтэй.
-Монголын Ногоон намд хагарал үүсэж, нэгдэх боломжгүй болох нь гэдгийг та мэдэж байсан юм уу?
-Мэдээгүй. С.Оюун, Д.Энхбатын хувь хүний залхах асуудал бол биш. Намын гишүүд шийдвэрээ гаргасан. Эдгээр гишүүдийн нэгдэх хүсэл эрмэлзлэлийг “ядаргаатай юм” гээд хаячихаж болохгүй.
-Үндсэн хуулийн Цэц Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэнээр улсын Дээд шүүхтэй зөрчилдөж байгаа юм. Үүнээс харахад шүүх засаглалын хооронд үл ойлголцох байдал бий болчихоод байна. Танай хоёр намын хувьд ч мөн ажиглагдаж байгаа?
-Намын бүртгэлийн үйл явц гэж бий. Аливаа нэгэн хуулийн этгээдийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хийдэг. Харин онцгой объект гэдэг утгаар нь намыг улсын Дээд шүүх бүртгэдэг юм. Бүртгэлтэй холбоотой хуулиудыг шинэчлэн баталж байхад “Заавал Дээд шүүх гэж байхаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлээ хийдгээрээ хийж болдоггүй юм уу” гэж мэтгэлцэж байсан удаатай. Тухайн үед Засгийн газрын агентлагаас илүү Дээд шүүх хараат бус учир намын бүртгэлийг үлдээе гэж шийдвэрлэж байсан юм. Гэтэл одоо улсын Дээд шүүх хараат бус уу, үгүй юү гэсэн эргэлзээ бий болчихлоо.
-Монголын Ногоон нам татан буугдсан нь Иргэний Зориг намд дагаар орж байгаагийн хэлбэр гэж эсэргүүцэгч гишүүд ярьдаг?
-Дагаар орлоо гэж хэлж болохгүй л дээ. Нэгдэнэ гэсэн үг. Улс төрийн намын тухай хуульд нэгдэх, нийлэх гэх заалт байдаг. Нэгдэхийн тулд нэг нам татан буугддаг. Харин нийлэхдээ хоёулаа татан буугдах ёстой. Нийлэхийн сөрөг үр дагавар нь хоёулаа татан буугдсан учир намын жагсаалтын хамгийн сүүлд бичигдэхээр болдог. Энэ нь угтаа тийм ач холбогдолтой биш юм. Гэвч улс төрийн томоохон хүчнүүдийн эрх ашиг, амбицаас болоод өөрт ашигтай хууль батладгийн тод жишээ бол сонгуулийн хуудаст бүртгүүлснээрээ жагсаана гэсэн заалт юм. Үүнээс болоод байгаа хэрэг. Жагсаалтын эхэнд Ардын нам, дараа нь Ардчилсан нам, харин Иргэний Зориг нам дөрөвдүгээрт байдаг. Энэ бол ардчилсан бус зарчим. Ардчилсан орнуудад намууд байгуулагдснаараа давуу эрхтэй болох боломжгүй юм. Мажоритари давамгайлсан тогтолцоогоор зүүний, барууны, ногоон, либераль үзэлтэй ямар ч нам нэгдэхгүй бол ялагддаг. Бодит байдал дээр Ардчилсан нам 10 гаруй намын нэгдэл шүү дээ. Энэ нь нэгдэхгүйгээр амжилтад хүрдэггүй гэдгийг батлаж байна. Одоогийн байдлаар Сонгуулийн тухай хуульд мажоритари тогтолцоо давамгайлах юм шиг байна.
-Та нэлээд олон намтай эвсэж, нэгдсэн байх аа?
-Эх орон, ардчилал эвслийн хүрээнд Ардчилсан намтай 2004 онд эвссэн. Ер нь эвсэж, нэгдээгүй нам Монголд байхгүй. Яагаад ч юм хүмүүс биднийг дандаа эвсэж, нэгддэг гэж хардаг. Гэхдээ сүүлийн нэгдэх үйл явцыг хараад ингэж байгаа байх. Одоо гэхэд Ардын нам, Ардчилсан нам эвсэж байна шүү дээ. Өнгөрсөн парламентад суудалтай бүх намууд ямар нэгэн байдлаар эвсэж байсан. Тухайн үед Ардчилсан нам, Ардын нам, Үндэсний шинэ нам, Л.Гүндалайгийн Ард түмний нам, Иргэний Зориг нам гээд эвсээгүй ганц ч нам байхгүй. Сонгуулийн өмнө эвсэл, нэгдэл явагдаж байгааг харж байгаа биз дээ. Харин манай намын хувьд эвсэл нэгдэлдээ тууштай байсан гэж боддог. Эх орон, ардчилал эвсэлд нэгдэж, гэрээндээ тууштай байсан учир эвслийг тараахын эсрэг байсан. Эвсэл тарсны дараа шинэ Засгийн газарт “орохгүй” гэж хэлж чадсан ганц нам юм. Энэ ч утгаараа Монголын Ногоон намтай нэгдэхдээ тууштай байдаг байр сууриа хадгална.
-Ардын нам 48:28 хувилбарыг санал болгосон. Харин Ардчилсан намын тухайд тойргоо жижиглэхгүйгээр 26 тойрогтоо байлгая гэсэн санал эргүүлээд тавьсан. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Бидний хувьд пропорциональ нь давамгайлаасай. Тэгдэггүй юм аа гэхэд 50:50 хувийн холимог систем байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Улс төрд мөнгөний хүчин зүйл асар их газар авч, хэн мөнгөтэй нь сонгуульд ялдаг болж. Тиймээс тойргуудыг өмчилсөн баячууд бус намын бодлогоор өрсөлдүүлэхийн тулд пропорционалийг давамгайлах хэрэгтэй гэж боддог. Мөнгөний хүчин зүйлийг багасгаж, намын бодлогыг давамгайлуулах, эмэгтэйчүүдийн квотыг оруулахын тулд пропорциональ тогтолцоо их чухал. Хэрэв сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, Монголын Ногоон намтай хамтраад явбал парламентад доод тал нь нэг бүлэгтэй болох боломж бий.
-Гэхдээ олон жил ганц та л намаасаа парламентад сууж чадаад байдаг. Энэ нь мөнгөгүйгээсээ болж байгаа хэрэг үү?
-Улс төрд олон нийтэд танигдана гэдэг нь том капитал байдаг юм байна. Ийм капиталыг мөнгө орлож чадахгүй. Хэдий мөнгө багатай ч гэсэн сонгуулиар олон нийтэд танигдсан хүн улс төрд нөлөөлөх боломжтой болдог. Харин миний санааг зовоож байгаа нэг зүйл бол улс төрд шинээр орж ирэх гэж байгаа багш, эмч зэрэг энгийн хүмүүст босго өндөртэй болчихсон. Тэгэхээр мөнгөгүй хүмүүст ямар ч боломж олдохгүй болоод байгаа юм.
-Ардчилсан намын тухайд нэр дэвшигчид 50 сая төгрөгийн босго тавьж байгаа?
-Энэ бол ардчиллаас ухарч байгаа хэрэг. Хүйтэн дайны үед Америк, Орос хоёр хэн нь их зэвсэгтэйгээрээ өрсөлддөг байсан. Үүнтэй адил Ардчилсан нам 50 сая гэнгүүт нөгөөх нь 100 сая гэх маягаар өрсөлдөх юм. Нэг үгээр хэлбэл мөнгөний уралдаан эхэлчихлээ. Ер нь эцсийн эцэст энэ нь Монголыг хөнөөнө.
-Намын удирдлагууд сонгуульд мөнгө амлахгүй байя гээд өөр хоорондоо зөвшилцөж бас амласан. Үүнийгээ биелүүлэх болов уу?
-Сонгуульд зарцуулах мөнгөнд хязгаарлалт тавъя гэж намын удирдлагууд хэлж байсан. Хуульд хүртэл заасан. Гэтэл өнгөрсөн сонгуулиар харамсалтай нь хэрэгжээгүй. Бас мөнгө амлахгүй гэдгээ худлаа үнэн камерын өмнө хэлчихсэн. Гагцхүү хэрэгжээсэй л гэж бодож байна.
-Танай намын хувьд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгодог гэж?
-Манай нам ийм босго тавьж байгаагүй. Өөрсдөө мөнгө муутай учир нэр дэвшигчдээ санхүүгийн хувьд дэмжиж чаддаггүй. Харин тойрогтоо ажиллах, сурталчлах санхүүжилтээ өөрсдөө ол гэсэн шаардлага тавьдаг. Сонгуулийн үеэр мөнгөөрөө өрсөлддөг тул зориглож орох хүн ховор болсон байна.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах талаар санал гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж яваа. Жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед заавал Засгийн газрыг огцруулах шаардлагатай юм болов уу. Өмнө нь гүйцэтгэх засаглалын танхимд ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Үндэсний статистикийн газраас гаргасан сүүлийн мэдээллийг харж байхад ядуурлын түвшин 39 хувьтай байна лээ. Жилээс жилд ийм байх болж. Хүмүүсийн амьдрал дээшлээгүй байна гэдэг нь Засгийн газар ямар ч сүрхий ажил хийсэн үр дүн нь харагдахгүй байна гэсэн үг. Засгийн газарт мэдээж сэтгэл дундуур буй зүйл бий. Гэхдээ нэгэнт л хамтарсан учир эцэст нь тайлангаа тавимаар байгаа юм. Огцруулахаас илүүтэйгээр ард түмэн л зөв дүн тавиасай гэж бодож байна. Тойргийнхон болон иргэдтэй уулзах үеэр “Амьдрал сайжрахгүй. Хүндрэлтэй асуудал их байна” гэж Засгийн газарт байнга муу дүн тавьдаг. Тэгсэн хэрнээ сонгуулиар эсрэгээр нь онц дүн тавьчихдаг. Үүнийг сонгогчдын буруу гэж ойлгохгүй байгаа. Харин нэг удаа муу гэж дүгнэж, хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдийгөө болж байна гэж бодоод л яваа шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин