Боомт хаагдахыг тэсэн ядан хүлээдэг сэн. Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтууд улиралд 20 хоног ажиллах хуваарьтай. Хуруу даран тоолсон 20 өдөр дуусахад аав ээж хоёр ирнэ. Дүү бид хоёрын дуртай ундаа, өндөгтэй жигнэмгээс эхлээд боомт нээгдэх дараагийн улирал хүртэл хэрэглэх гурил будаа авчирна. Хэдэн малынхаа ноос ноолуурыг иймэрхүү зүйлээр солиод ирж байгаа нь энэ. “Нойтон арьс биедээ ороогоод хатгаа авсан, гэхдээ гайгүй амжилттай гаргасан, гурван машин цэнэглээд “шатах” шахсан” гээд л томчууд боомтын сонин хачнаа ярьцгаана. Тэдний яриаг сонсоод очиж үзэхийн хүслэн болдог сон. Харин ээж “Жаахан хүүхэд очихын аргагүй муухай газар” гээд намайг халгаагаагүй ээ. Өнөөх “муухай” газарт томилолтоор очих завшаан олдлоо.
Улаанбаатар хотоос 900 гаруй км зам туулж, Шивээхүрэн боомтод ирэв. Дэггүй сэвэлзүүр салхи шанхны үс илбээд нэг л таатай. Нүд алдам зэрэглээт талаа хараад өдөржин шөнөжин дэржигнүүртэй замаар сэгсчүүлсэн биеийн ядаргаа арилах шиг. Эргэн тойрноо ажлаа. Нүүрс ачсан том том машинууд боомтоор гарах гэж дугаарлан зогсжээ. Машинуудын наана шуудайтай цемент овоолчихож. Ямар нэг барилгын ажил эхлэх гэж байгаа бололтой. Боомтын шалган нэвтрүүлэх байрны баруун талд хоёр давхар цагаан байшин, нэлээд хэдэн чингэлэг, арай цаахна хилийн цэргийн сууц харагдана. “Боомт дээр нийтдээ дөрөвхөн байшин байдаг юм уу даа”. “Гурван жилийн өмнө энд ажилчдын сууц гэх юм байсангүй. Хөөрхий нэг эмэгтэй байцаагч хөнжил пүүгээгээ тэврээд унтаж болмоор газар хаана байна, тэнд хоног төөрүүлээд явж байсан. Энэ чинь эмэгтэй хүн шүү дээ гэж бодохоор л өөрийн эрхгүй дотроос нэг юм гогдоод өрөвдөж билээ.” Бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар миний сэм уулга алдсаныг сонсчихсон бололтой ийм хариу хэлж байна. Байцаагч эмэгтэйн өрөвдөм амьдралыг харсан даруйдаа хөрөнгө төсөв батлуулан хоёр давхар ажилчдын орон сууц бариулжээ. Энэ сууцанд мэргэжлийн хяналтынхан амьдардаг аж. Харин гаалийнханд боомтоор нүүрс экспортолдог аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жил түр сууц буюу чингэлэг бэлтгэж өгчээ. Чингэлгэн сууц нь халаалт, хөргөлтийн систем, иж бүрэн тавилгатай давгүй тохилог юм билээ. Харин энэ жижигхэн сууцанд олуулаа амьдардаг нь тиймхэн.
Шалган нэвтрүүлэх байранд арилжааны дөрвөн банк ажилладаг
Сонин санагдаж байгаа биз. “Хаан”, “Капитал”, “Хадгаламж” болон “Голомт” банк энд үйл ажиллагаа явуулдаг. Хилээр орж гарч байгаа хүмүүсийг шалгаж байхад хажуугаар нь банкаар үйлчлүүлэх гэсэн иргэд дугаарлаад л зогсож байна. Шалган нэвтрүүлэх байранд эмх замбараагүй бужигналдана. Ингэж болдог эсэхийг лавлахад, “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ банк байрлачихаар өөр газар байхгүй учраас ингэж зохицоод л ажиллаж байна” гэсэн. Дэргэд банк байх нь эндэхийн ажилчдад ч амар байдаг тул нэг их төвөгшөөгөөд байдаггүй аж.
Сэхэ боомт Шивээхүрэнгээс гоё уу?
Боомт явсан хүмүүсээс үргэлж ингэж асуудаг байлаа. “Ялгаагүй ээ. Бүүр цаашаа Далай хөв нь л гоё” гэж тэд хариулна. Харин одоо их ялгаатай болжээ. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудал гэж монголоор хазгай буруу бичсэн хаягтай гурав дөрвөн давхар улаан, шар, цэнхэр байшингууд замын хажуугаар ирийж байна. Сүүлийн ганцхан жилийн дотор ийм олон барилга боссон гэнэ. Боомтын шалган нэвтрүүлэх байр нь цэлгэр тохилог хэрнээ дахиад л засвар хийн янзалж байна.
Далай хөв рүү өргөн гэгчийн дардан зам тавьчихаж. Бас болоогүй ээ, замын хажуугаар зөндөө мод тариад амжиж. Зам дагуулаад Winsway гэсэн бичигтэй торон хаалтаар хүрээлүүлсэн асар том талбай байна. Энэ талбай манай нүүрсэнд зориулагджээ. Талбайн хажууханд 60-аад хүн байрлахаар гурван давхар байшин дүнхийлгэчихэж. Цонх болгоныхоо хажууд агааржуулагч суурилуулсан харагдана. Энэ сууцанд нүүрсний жолооч нар тухалдаг гэнэ. Тэгэхэд “тавхан” алхмын цаана жолооч байтугай төрийн ажлыг гүйцэтгэдэг гаальчид нэг чингэлэгт гурав, дөрвөөрөө чихэлдээд амьдарч байдаг. Уг нь манайх чинь юмаа зараад орлого олоод байгаа улс шүү дээ. Хар ухаанаар бодоход Монголын тал илүү биш юмаа гэхэд тэнцүү хөгжмөөр л юм.
Шороон замаар яваад, хатуу хучилттай замаар ирдэг
Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн боомт хүртэл 56 км газар хатуу хучилттай зам тавьжээ. Уурхайгаас нүүрс ачсан машинууд шороон замаар яваад эргээд хатуу хучилттай замаараа ирнэ. Ачсан нүүрстэйгээ нийлээд 100 тонн татдаг аварга машинууд энэ замаар ирж очоод байвал хөрөнгө хүч гаргаж барьсан зам нь удаан тэсэхгүй гэж үзээд нүүрсний компаниуд ийм шийдвэр гаргажээ. Илүү бөх, хүнд даацын зам барья гэхэд нэг асуудал тулгарна. Тэр нь Венийн конвенци. Манай улс Венийн конвенцийн гишүүн орон учраас заавал тус конвенциэр баталсан стандартыг мөрдөх ёстой.
“Ядаж нэг талдаа хатуу хучилттай замаар тээвэр хийж байгаа учир тоосжилт тавин хувь буурсан” гэж нутгийнхан хэлж байлаа. “Саусгоби сэндс” компанийнхан удахгүй Шивээхүрэн хүртэл хүнд даацын машин явах хатуу хучилттай зам тавихаар бэлтгэлээ хангажээ. Замын ажлаа эртхэн эхлэх гэтэл уг замын төсөл Засгийн газраас гаргасан Концессын 180 төслийн жагсаалтад орсон учир нээлттэй тендер зарлагдсан байна. Тендерийн явц удааширсаар саяхан нэг тийш болж “Саусгоби сэндс” замаа тавихаар болж. Засаг төртэй байгуулах бичиг цаасны ажил нь цэгцэрлээ бол замын ажилдаа ханцуй шамлан ороход бэлэн гэсэн. Энэ замыг тавьснаар нүүрсний хүнд даацын ачаагүй машинууд “Чинхуа-МАК”-ийн замаар ирж, нүүрсээ ачаад “Саусгоби сэндс”-ийн шинэ замаар буцах аж. Ингэж хоёр замаар зөрж явбал замын элдэв түгжрэл үүсэхгүй, эргэлтийн хурд нэмэгдэнэ гэж үзжээ. Ухаалаг л шийдэл санагдав.
Боомтын үүрэг стратегийн түвшинд ирээд байна
Өнгөрсөн жил Шивээхүрэнгээр 9,5 сая тонн нүүрс экспортолжээ. Хамгийн их нүүрс экспортолсон боомт гэсэн үг. Харин Гашуунсухайт боомтоор 8.1 сая тонн нүүрс гаргасан мэдээ бий. Одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүчин чадал нэмэгдэхийн дээр “Эрдэнэс-Тавантолгой” олборлолтоо хийгээд эхэлсэн өнөө үед боомтын үүрэг стратегийн түвшинд яригдах болж байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн зэс байсан үе түүх болон үлдэж, нүүрсний эрин эхэлж байна. Өнгөрсөн жилээс эхлэн нүүрсний экспорт зэсийг ардаа орхиж, манай орны эскпортын гол нэрийн бүтээгдэхүүний магнайд заларсан. Гэтэл нүүрс гаргаж байгаа Өмнөговийн хоёр боомтын чадал их экспортын урсгалыг даахааргүй турьхан байна. Хүчин чадлаа нэмэхийн тул эхлээд дэд бүтцээ анхаарах нь зүй. Хувийн хэвшлийнхэн зам барья, гарцаа нэмье, боомтыг шинэчилье гээд саналаа тавиад байдаг. Хөрөнгө мөнгө нь байгаад эрхзүйн орчин нь бүрдээгүй болохоор санаан зоргоор бүтдэггүй бололтой. Тэд дур дураараа замаа тавиад эхэлбэл хилийн боомт шүүр шанага шиг юм болчихно. Иймээс эрхзүйн орчин хэрэгтэй, гэхдээ ухаалаг орчин шүү.
Эх нутгийн алтан хилийн
Эр цэрэг нь би шүү дээ
Хайртай орныхоо төлөө
Халуун тангарагтай амь шүү дээ…
гээд хилийн цэргийн хүдэр бор залуу дуулж явна. Буйдхан хуаранд алба хаагаад уйдлаа гэж тэд гомдоллодоггүй. Эх орны дархан хилээ манаад эр бие минь жавхаажлаа гэж бахархдаг. Боомтынхон бүгд халуун сэтгэлтэй. Тэдний сууц, унд усны асуудлыг шийдээд өгчихвөл өөр зүйл шаардахгүй гэсэн. Харин хэдхэн жилийн настай түр сууцны оронд чанартай капитал болохоор барилга байшин бариад өгөөсэй. Шивээхүрэн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах орноор дамжин Төв Азийг чиглэх гарц болох боломжтой. Хэзээ нэг өдөр ашигт малтмалын нөөц дуусна. Баялаг барагдлаа гээд зэлүүд газар үлдэх бус боомт дагасан том худалдааны хот суурин босчихвол нутгийн иргэдэд, цаашлаад улс орны эдийн засагт өгөөжтэй.
“Муухай” газраасаа буцах боллоо. Боомтоор гарч арилжаа наймаа хийх гэсэн хүмүүст хонох буудал, хооллох газаргүй муухай нь ч муухай л газар юм. Заавал Хятадын талд гарч байж л өл залгадаг бололтой. “Буцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далай шиг” байхын ерөөл өргөөд замдаа гарав. Хэсэгхэн ч гэсэн газар хатуу хучилттай замаар явах сайхан юмаа. Энэ 56 км дуусч өнөөх энхэл донхолтой дэржигнүүр замдаа орно доо гэж бодохоор зүрх жаахан “үхэж” байлаа. Бидний машин хойд зүгийг зорин довтолгож, боомтын дөрвөн байшин зэрэглээн дунд торойсоор хоцров.
О.Хосцэцэг