Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

“Үнэгүй” ресторан

Рокийн ертөнцийн хамгийн алдартай оддын нэг Жон Бон Жови өчигдөр Нью-Жерси хотноо өөрийн рестораныхаа нээлтийг хийлээ. Нэр нь “Сэтгэлийн гал тогоо” Нээгдээд хэдэн сар болж байгаа энэ рестораны хоолны цэсэн дээр ямар ч үнэ бичдэггүй. Хүмүүс хоол идээд, явахдаа дугтуйн дотор хүссэн мөнгөө хийгээд орхино. Харин дугтуйнд хийх мөнгөгүй хүн энд ирээд аяга угааж, шал арчиж, ногоо арилгаж өгч болно. Харин дараа нь хоол идэх эрхийн бичиг авна.


“Манай орны зургаан хүн тутмын нэг нь орондоо өлсгөлөн ходоодтой ордог гэсэн статистик судалгааг олж хараад би сангийнхаа үйл ажиллагааг энэ тал руу чиглүүлье гэж бодсон” хэмээн Бон Жови ярив. Түүний “Сэтгэл” нэртэй сан сүүлийн жилүүдэд 260 гаруй орон сууцыг амьжиргааны түвшин доогуур хүмүүст зориулан барьсан юм. “Гэр бүлээрээ ресторанд хооллон, айлын эхнэр нэг орой ч гэсэн хоол хийх ажлаасаа түр амсхийх хэчнээн сайхан” хэмээн тэрбээр рестораныхаа нээлтэн дээр өгүүлжээ. “Сэтгэлийн гал тогоо” рестораныг бүтэн жилийн хугацаанд барьж, тохижуулсан бөгөөд 250 мянган ам.доллараар босгосон байна. Хэдийгээр буяны тодотголтой ч өндөр зэрэглэлийн рестораных шиг сайхан хоолтой гэнэ. Тэдний энэ ажлыг дэмжиж туслахыг хүсвэл энэ ресторанд хоол идээд хариуд нь ахиухан мөнгө дугтуйнд хийн орхиж болно.


Бон Жови эхнэрийнхээ хамтаар ресторандаа тун идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд долоо хоногийн нэг өдөр заавал ажилладаг ажээ. “Баасан гариг бүр би энд ажилладаг. Хоол хийж чадахгүй юм чинь аяга, таваг л угаадаг” хэмээн тэр ярив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж