“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Хорват Улсад хийж буй энэхүү анхны айлчлал нь Хорват Улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байна. Эдгээр чухал ой давхацсан цаг үед Тантай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаадаа баяртай байна. Монгол Улс, Хорват Улстай тогтоосон ардчиллын үнэт зүйлст тулгуурласан найрсаг харилцаагаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
Хорват Улс богино хугацаанд улс орноо хөгжүүлэх үйлст амжилт олж, олон улсын тавцанд нэр хүнд нь улам дээшилж, улмаар Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд монголын ард түмэн баяр хүргэж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
Ерөнхийлөгч И.Иосипович, Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн орондоо хүрэлцэн ирсэнд талархаад, хоёр орны харилцаанд “шинэ хуудас нэмсэн” түүхэн айлчлал болж байна гэж дүгнэлээ.
Тэрээр “Монгол Улс богино хугацаанд амжилт олж байна. Танай орны залуу ардчилал бүс нутагтаа үлгэр жишээ болж байгаад талархаж байна. Монгол Улс эдийн засгийн хурдацтай хөгжлийн гараан дээрээ байгаа энэ түүхэн цаг үед та бүхний хийж хэрэгжүүлж буй бодлого тань оновчтой байгаад бид бахархаж байна” гэсэн юм.
Хоёр Ерөнхийлөгч авлигатай тууштай тэмцэх, хууль шүүхийн байгууллага шударга ажиллах, хуулийг хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд хүргэх суурь үндэс болох тухай ярилцав. Ерөнхийлөгч И.Иосипович нь 2009 онд Социалдемократ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ авилга хээл хахууль, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэхээ амлаж “Шинэ шударга ёс” уриан дор кампанит ажлаа явуулж ялжээ.
Уулзалтын үеэр мөн харилцааны бусад асуудлаар санал солилцож ярилцав.
Хорват Улсад хийх энэхүү айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч И.Иосиповичтой өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр талын хамтарсан мэдэгдэл гаргаж, Парламентын дарга Лука Бебич, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор нартай уулзаж харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Бүгд Найрамдах Хорват Улс нь 4.4 сая хүн амтай, нэг хүн амд ногдох ДНБ нь 17 400 доллар, эдийн засгийн гол орлого нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр зэрэг зарим байгалийн ашигт малтмалын экспорт, аялал жуулчлал зэрэг болно.