Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг улс үндэстнүүдэд бүтэн жил хүлээдэг энэ баяраар хайртай дотны хүндээ ямар бэлэг өгөх тухайгаа бодож эхэлжээ. Ялангуяа томоохон дэлгүүрүүд баярын бэлэгний сурталчилгаагаа хэдийнэ эхэлсэн байна. Яг одоо Америкийн “Нэйман Маркус” их дэлгүүрт зул сарын хамгийн гоё бэлэг хэмээн нэгэн зүйлийг сурталчилж байгаа. Тэр бол монгол гэр. Үнэ нь 75 мянган ам.доллар.
2011 оны зул сарын хамгийн гайхалтай бэлэгний жагсаалтдаа “Нэйман Маркус” монгол гэрийг оруулжээ. Гараар урлан будсан модон гэрийг ийш тийш зөвөрлөхөд тун хялбар бөгөөд гоёмсог уут бүхий дэрнүүд, бас гэрлийн болор бүрхүүлийн хамт зарна хэмээн тэрхүү танилцуулгад бичсэн байна. Дээрх жагсаалтад “Винтэж”-ээс хэвлэн гаргасан шилдэг 250 номоос бүрдсэн 125 мянган ам.долларын үнэтэй номын сан, 5000 ам.долларын “Жони Уокэр” виски гээд маш олон бэлэг багтжээ.