”Томоохон төслүүдэд нийгмийн бодлогын үнэлгээ хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”Томоохон төслүүдэд нийгмийн бодлогын үнэлгээ хэрэгтэй”

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүтэй тус салбарын ажил байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүний хөгжлийн мөнгийг өгөх­дөө банкуудын суутгаж байгаа 350 төгрөгийн хэмжээ яаж тогтоогдсон юм бол гэж хаа сайгүй л асуух болж …?

-Шимтгэлийн хөлс гэж хурааж байгаа 350 төгрөг нь энэ асуудлыг хамаарсан Засгийн газрын харъяалах агентлаг, яамд болон банк зэрэг талууд өнгөрөгч нэгдүгээр сараас хойш долдугаар сар хүртэл бөөн маргаан болж байж тогтоосон тоо л доо. Хэрэв ингэж тогтоож зааг тавиагүй бол банкууд “иргэн бид хоёрын хооронд төр оролцох эрхгүй” гээд бүр 1000 төгрөг хүртэл аваад явсан бол яах байсан бол. Харин ч ингэж хязгаар тогтоож өгсөн нь зөв болсон гэж боддог.

-Мөнгө олголтыг зогсооно гэж бас баахан шуугиан болох шив дээ. Одоо бүх салбар олгож байгаа биз дээ?

-Олголт бүх газарт хийгдэж байгаа. УИХ-ын байнгын хорооноос энэ асуудлыг шийдтэл мөнгө олголтыг түр зогсоох тухай бичиг ирүүлсэн л дээ. Бид энэ шийдийн дагуу зогсоох гэж үзсэн. Юу ойлгосон гэхээр иргэдийн мөнгө нь дансанд орчихоод байхад олгохыг нь зогсооно гэдэг бол аюул тарих юм байна гэж ойлгосон. Өнгөрсөн  хагас бүтэн сайн өдрөөр банкныхныг барьж авч зодохдоо хүртэл туллаа. Банкуудын үүдэн дээр өч төчнөөн хүмүүс овоорчихоод шил толийг нь хагалахаас өгсүүлээд айхтар юм болсон ш дээ.Тэгээд бид банкныхантай ярилцаад үргэлжлүүлэн олгохоор болсон юм. Ер нь ч энэ сарын мөнгө дансанд орчихсон байсан болохоор зогсоож болох ч үгүй байсан л даа.

-Танай яамтай холбоотой олны ан­хааралд байдаг нэг асуудал нь гадаадад ажиллах хүч гаргах байдаг. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байгаа бол?

-Бид саяхан БНСУ-ын HRD гээд ажиллах хүчний асуудал хариуцсан байгууллагын удирдлагатай нь уулзчихаад ирлээ. Уулзалтын гол сэдэв юу байсан бэ гэхээр тэнд байгаа монгол ажилчдад ажиллаж байгаа мэргэжлийх нь сертификатыг олгох тухай бидний тавьсан асуудал байсан юм. Уг нь ийм сертификат олгодог тогтолцоо тэнд байдаг ч манайхан очоод шалгалт өгөх гэхээр хэлний боловсролын төвшин нь хүрдэггүй юм гэнэ. Тэгэхээр өөр гарц байна уу гээд судлаад ярилцаад үзэхээр тэнд байдаг вьетнам,малайзууд төрөлх хэл дээрээ ийм шалгалт өгөх бололцоо гаргаад хэрэгжүүлж байдаг болж таарсан. Тэгвэл монголчууд ч олуулаа байдаг болохоор ийм боломж бий болгохыг оролдьё гээд ажиллаж байна. Манай яамны сайдын зүгээс БНСУ-ын яамны сайд руу нь албан тоот илгээнэ, бас хэрэгжүүлэх төвшинд нь бид судалгаа хийгээд арга хэлбэрийг нь гаргаж ирэхээр болж байна. Энэ ажлын ач холбогдол юу байна гэхээр одоо бол манай иргэд тэнд ажиллаж байгаад буцаж ирэхэд тодорхой ажлын дадлага,туршлагатай болсон гэдгийг нь харуулах баримт гээд байхаар юм байдаггүй. Хэрэв Өмнөд Солонгосоос мэргэжлийн сертификаттай буцаж ирвэл Монголдоо ажлын байртай болоход нь бас ч гэж дөхөмтэй, тэдэнд өөрийн гэсэн давуу талтай байх болов уу л гэж бодоод байна. Ялагуяа Оюутолгой ч гэдэг юм уу, иймэрхүү гадаадын төсөл, хөрөнгө оруулалттай газрууд ажилд авахдаа заавал сертификат үнэмлэх үздэг шаардлага байгаагаас энэ асуудлыг үндэслэж тавьсан юм.

-Өмнөд Солонгост ажиллаж бай­сантай нь ижил төрлийн ажлын байр Монголд ховор байдаг ч асуудал байдаг байх…?

-Тэр ч бас үнэн. Яг энэ асуудлаар бид Солонгосын талд өөр санал тавьсан байгаа. Манайхан далайн гаралтай бүтээгдэхүүн, загасны аж ахуй дээр ажиллаад дадлагатай болоод ирдэг ч Монголд энэ салбар хөгжөөгүй бол ажил олоход хэцүү болчихож байна. Тиймээс бид Монголд хэрэгтэй ажил, мэргэжлийн салбарыг зааж өгч байгаа. Тухайлбал барилга,уул уурхай, хөнгөн үйлдвэрийн гэх мэт чиглэлээр хүмүүсээ ажиллуулмаар байна гэж. Ингэвэл тухайн хүмүүс ирээд ажил олоход илүү боломжтой байна, мөн Монголын дээрхи салбарт ажиллах хүчин эрэлттэй байна гэж хэлж ойлгуулж байгаа юм. Тэгэхгүй болохоор Монголдоо очоод ажлын байр олдохгүй гэдэг бодлоор манайхан хүний нутагт “хараар” ч хамаагүй амьдраад л явж байна. Тэнд өөрийгөө зовоогоод, энд ч гэр бүлээ санааг нь чилээгээд л байдаг. Тийм болохоор монгол ажилчдыг эх оронд нь эрэлттэй байгаа салбарт түлхүү ажиллуулах асуудлыг шийдчихвэл эндээ сургаж дийлэхгүй байгаа ажиллах хүчнээ тэнд солонгосчуудын туслалцаатайгаар сургаад авчихаж байна гэсэн үг юм. Тэгэхдээ иргэдээ татахдаа болж өгвөл өөрсдийх нь хүсэл сонирхлоор нь ирүүлэхийг зорьж байна. Хөдөлмөрлөж байж олсон дадлага туршлагатай, дээр нь  мэргэжлийн баримжаагаа илтгэх баримттай, түүнийгээ үзүүлээд ажлын байраа олчихдог байх юм бол олон хүн өөрсдөө л Монголдоо хүрээд ирнэ. “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлээд харж байхад барууны орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд олноороо буцаж ирэх болсон байна лээ. Энд ажиллаж байгаа гадаадын болон дотоодын байгууллагуудтай шууд харилцаад, цалин хөлс, гэрээгээ тохироод л ирмэгцээ ажилдаа орж байгаа олон хүн байгаа юм. Өмнөд Солонгост ажиллаж байгаа ажилчдаа ч бас тийм л болгомоор байна. Энэ чиглэлээр манай Хөдөлмөрийн төв бирж идэвхтэй ажиллаж байгаа.

-Монголд байгаа томоохон төс­лүүдтэй ажиллах хүч байршуулах талаар ярилцаж байгаа болов уу?

-Би нэг зүйл хэлье. Өнөөдөр Оюутолгойд ажиллах, Солонгост ажиллах хоёр яг адилхан байгаа юм. Тэнд нэг сая вонын цалинтай, энд Оюутолгойд ч нэг сая төгрөг авна.Гэхдээ ганцхан энэ талаараа биш. Солонгост очсон хүн гэр бүлээсээ хол байдаг бол энд Оюутолгойд ч бас адилхан болчихоод байна. Яг л коммунизмын үед оросууд БАМ-ын бүтээн байгуулалт гээд хязгаар нутаг руугаа баахан хүн дайчилж байсан шиг. Яахав, Оюутолгойн ажилчид гурван сард нэг удаа л хэд хоног гэртээ ирдэг юм байгаа биз. Тэглээ гээд гэр бүлийн бүрэн бүтэн амьдрал гэж үзэхэд бас хэцүү биз дээ. Монголдоо л ажиллаж амьдарч байгаа юм бол гэр бүлтэйгээ хамт тухайн газартаа суурьших бололцоог нь бид гаргаж өгөх хэрэгтэй байгаа юм. Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод ажиллаж эхэлмэгц л энэ нийгмийн асуудлыг шийдэж эхлээч ээ гэдэг л шаардлага тавих гээд байгаа юм л даа.

-Энэ ч их том асуудал болж гарах байх даа?

-Тийм, их том бодлого байх ёстой юм билээ. Томоохон уул уурхай, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт гаднаас орж ирмэгц хамгийн түрүүнд  байгаль орчны үнэлгээ гэдэг зүйл яригдаад, тэр дагуу гэрээ хийгдээд явдаг биз дээ. Тэрэн шиг нийгмийн бодлогын үнэлгээ гэж гаргаад, шаардлагаа тусгасан гэрээ хийж байх ёстой болж байна. Одоогоор ийм зүйл алга. Мэдээж гадаадынхан үүнийг байлгах ч сонирхолгүй байгаа л даа. Тэдний хувьд Монгол бол ашиг олохын тулд түр ашиглаад, дараа нь орхиод гараад явах тийм л зүйл ойлгогдож байх шиг байна. Тийм том төслүүд дээр ажиллаж байна гэхэд манай монгол ажилчид нэг газар очиж алт угаагаад ирэх гэж явсан улирлын ажилчид шиг л байх юм.

-Гэрээний үеэр энэ асуудал хөндөгдөөгүй хэрэг үү?

-Оюутолгойн гэрээ байгуулагдах үед манай нэг газрын дарга орж ажилласан юм билээ. Гэрээнд хөдөлмөрийн гэрээ гэдэг л зүйл байгаа. Гэхдээ энэ нь гадаадаас авах ажиллах хүчийг яаж зохицуулах гэдэг дээр л анхаарч төвлөрөөд өнгөрсөн зүйл байдаг. Харин монгол ажилчдын нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр зүйл заалт ороогүй юм билээ. Гэхдээ энэ асуудал яригдаж байсан, харин хөрөнгө оруулагчид сонсохыг хүсдэггүй. Хэн ч Монголд хот байгуулахыг хүсэхгүй байгаа хэрэг. Мөнгө л олно гэж ирсэн. Тэгэхээр монгол ажилчдын нийгмийн асуудал тэдэнд сонин биш. Энэ асуудал Монголын Засгийн газрын сонирхох анхаарах зүйл л болж байгаа юм. Бид эдгээр асуудлыг бас ч гэж тавьж ирсний дараа одоо харин Оюутолгойн зүгээс зарим нэг зүйл ярьж эхэлж байгаа. Жишээ нь танайд хэрэгтэй байсан гэхээр нь сургалтын төвүүд байгууллаа гэх мэт. Бас Ханбогд суман дээр 10 мянган хүнтэй тосгон байгуулна гээд ярьж байна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй. Тиймээс тэрийгээ байгуул гэж бид шаардаад байна. Тэдэнд цэрэгжсэн хятадууд, цэрэгжсэн монголчууд л хэрэгтэй юм байна гэж ойлгоод байгаа. Тэгж ажиллуулахгүйн тулд шаардах зүйлээ шаардах л болно.

-Хүлээж авах уу даа, тэгээд…?

-Хүлээж авах байлгүй. Өмнө нь бид хөрөнгө оруулагчдын гуйдаг үе байсан болохоор нийгмийн асуудлыг нарийн сайн хөндөхтэй манатай л байсан биз дээ. Тэгэхдээ цагийн юм цагтаа.Одоо биднээс гуйдаг болсон байна. Түүнээс гадна  яаралтай стратегийн ордын жагсаалтаа нэг мөр болгож авах хэрэгтэй. Тэгээд тухайн ордууд дээр санал өгсөн хөрөнгө оруулагчдад “та нар байгаль орчныхонтой, нийгмийн хамгааллынхантай гэрээ байгуулчихаад ир” гээд явуулаад байх хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг хүнд суртал төдий биш юм. Энэ бол монгол хүний төлөө хийх ажил. Тэгэхгүй бол Монголын байгаль ч гэж авах юмгүй болох нь, бас хүнийх нь эрүүл мэнд, гэр бүлийн амьдрал гээд амьдралын баталгаа нь ч тэр энэ уул уурхайн “хөлд” үрэгдэх юм байна л даа. Хөрөнгө оруулагчдад одооноос “Шаардлагыг хүлээж ав” гэж хэлж сурах хэрэгтэй. Хөшөөтийн уурхай гэхэд 50 жилийн нөөцтэй гэж гайхуулаад л байдаг. Ядаж 40 жил амьдрах тосгоноо байгуулаач гэж шаардья. Тэгэхдээ вагончик бол бариулахгүй шүү гэх хэрэгтэй. Байр сууц, цэцэрлэг, сургууль,хотын доогуур явах дэд бүтэц чинь хаа байна гээд шалгаадаг байя.

-Хэзээ тэгээд шаардаж эхлэх гэж байгаа хэрэг вэ?

-Хэзээнээс гээд байх юм байхгүй.Бид одооноос л энэ асуудлыг тавиад эхэлчихсэн байна. Ховор металл олбор­лоно гээд байгаа. Тийм л юм бол ямар суурьшил байгуулах гэж байгаа юм бэ, юу барьж өгөх юм бэ, манай ажилчдад ямар хатуулагтай ус уулгах гээд байна гэж л яриагаа эхэлье. Тэрнээс биш эдийн засгийн үр ашиг нь юу байна гээд эхлэхээр л буруу юм байна.

-Эдийн засгийн үр ашиг гэдэг бас чухал биз дээ. Түүнээс болоод л манайхан хувиа нэмэх гэж бужигнаад байгаа юм биш үү?

-Ер нь бол би томоохон төслүүдээс төр хувь хуваалцана гэдгийн эсрэг байдаг хүн. Хувь хуваалцах асуудал гараад ирэхээр нөгөө талын хүлээх хариуцлагыг нь хувааж үүрэх болж байгаа юм. Эрсдлийг нь ч хуваалцна.Тэгээд ногдол ашиг авахын тулд нөгөө хөрөнгө оруулагчдын ашиг орлогыг нэмэх гэсэн сонирхолд нь хөтлөгдөөд, цаана нь хохироод өнгөрч байгаа нийгмийн асуудал энэ тэрийг хайхрахаа больж ирдэг.Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтайгаа адилхан мөнгөний сонирхлоо түрүүнд нь тавьсан нэг тал болж хувирч байна.Тэрний оронд зүгээр л татвараа аваад, “роялтийгаа” аваад, үйл ажилагааг нь хөндлөнгөөс хянаж, шаардлагаа тавиад л явж байх ёстой байхгүй юу. “Чамайг шар толгойтой болохоор чинь л давуу эрх өгнө гэж байхгүй шүү” гэж хэлээд Монголын алт, уурхайн компаниудын адил нөхцөлийг л та нарт өгнө гэж хэлээд л сууж баймаар юм. “Таалагдахгүй бол гараад яв” л гэх хэрэгтэй. Назарбаев хэлж болоод байгаа зүйлийг бид яагаад хэлж болохгүй байгаа юм бэ?  Казахстанд нэг орд дээрээс долоон хөрөнгө оруулагчийг хөөчихөөд одоо өөрсдийнхөө сонирхолд нийцсэн хөрөнгө оруулагчийг ажиллуулаад болоод л байна. Ийм л байж Монголын төр ард түмнийхээ эрх ашгийг жинхэнээр нь хамгаална.

-Тэгэхээр манай талын хувь нэмэгдэхээр ашиг их болно гэдэгт итгэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ашиг ч орох л байх л даа. Гэхдээ бодмоор юм бас байна. Бид 51 хувь авна аа л гээд байгаа юм. Тэгээд тэр 51 хувийнхаа ашгийг яг авч чадаж байгаа юм уу. Одоо Монголын нэг ч банкинд гадаадын хөрөнгө оруулагчдын борлуулалтаас орж ирж байгаа ашиг бүтнээрээ орсон юм алга байна. Байгуулсан гэрээн дотор нь ногдол ашгийг бодитоор тооцож авах нөхцөлийг бүрдүүлсэн заалт огт байдаггүй. Харин ч эсрэгээрээ. Хөрөнгө оруулагчдын олж байгаа ашиг үнэндээ бол дундын оффшор банкуудаар дамжаад гарчихаж байна. Монголын банкуудад ямар мөнгө нвь ордог вэ гэхээр энд гарч байгаа болон гадаадад бичигдэж байгаа зарлагын дүнгээр баримжаалсан орлогоос л  хэдэн юм авч суудаг байх. Тэгээд тэд нарын орлогыг нь мэдэхгүй, дээр нь зарлагых нь талаар бүрэн мэдэхгүй байж яаж ногдол ашгаа тодорхойлох юм бэ? Ядаж л “Рио Тинто”-ийн Бээжин дэх оффисийн зардлыг, ажиллагсдых нь зардлыг гарцаагүй мэдэж байж л өөрийн авах ногдол ашгаа тооцно биз дээ. Тэгэхэд энэ бүхнийг хэн мэдэж байгаа юм бэ? Үйлдвэрчний эвлэлийнхэн Оюутолгойд очиж нөхцөл байдалтай нь танилцаж ирснийхээ дараа надад хэлж байсан. Фрийдланд “РиоТинто”-гоос цалин авдаг юм байна ш дээ гэж. Тэр олон сая ам.долларын орлоготой хүний авч байгаа цалингийн хэдэн хувь нь Оюутолгойгоос гарч байгаа талаар мэдэж байгаа хүн Монголын төр засгийнхан дунд ч алга байгаа шүү, үнэндээ. Тэр хүний цалингийн тухай Оюутолгойн гэрээн дээр ч тусгаагүй. Ийм байхад ногдол ашиг авах талаар ярихад ч хэцүү. Ийм л болохоор нь тэр хувь эзэмшинэ гэдэгт би итгэдэггүй юм.

-Зарим нь ч иргэдэд ногдол гээд өгөхөөр бэлэнчилдэг болгочихно гэж ярьдаг..?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дэд сайд болоогүй байхдаа буюу “Эрдэнийн хувь” гэдэг санаачилгыг АН-аас гаргах үед би ажлын хэсэгт нь ороод ажиллаж байсан юм. Ногдол ашиг гэдэг санааг анхлан тэндээс гаргаж ирж байсан. Одоо эргээд харахаар бас жаахан хэтрүүлчихсэн ч тал бий. Тэр үед аль болох монголчууд ихийг аваасай гэдэг санаагаар л хийсэн хэрэг. Одоо харин арай өөр өнцгөөр харж байна. Бүх ашгаа шууд иргэдэд тараачихаар хүмүүсийн ажиллах, хөдөлмөрлөх сонирхлыг нь үгүй хийж орхих эрсдэлтэй. Африк өвчин гэхээр тэрийг л хэлээд байгаа юм.

-Хөдөлмөрлөх гэснээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хувьд ажлын байр нэмэгдэж чадсан уу?

-Долоо хоног бүрийн эхний өдөр Ерөнхий сайдын ширээн дээр ажлын байр болон хөдөлмөр эрхлэлтийн тухай мэдээллийг тавьж өгч байгаа. Өчигдрийн байдлаар 55 мянга 700 ажлын байр гарсан байна. Итгэлтэй хэлж чадаж байна. Бид 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилттой байгаа. Хэрэв саяхан хүртэл арилаагүй байсан тайлангаа дарга нарт сайхан харагдуулах гээд хаа хамаагүй тоо, тэр ч байтугай хоёрхон өдрийн ажлыг хүртэл оруулаад бичиж явуулдаг хуучны арга барилаар гаргавал ч зорилтоо давуулаад биелүүлэх байлгүй. Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Дээрхи тоо бол тогтвор суурьшилтай ажиллаж болох ажлын байрны үнэн тоо байгаа юм. Бид Хөпөлмөрийн төв бирж, аймаг орон нутгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд гээд олон газраас авсан дүн мэдээг нэгтгээд өгдөг болсон. Нөгөө талаас ажил хайж байгаа хүний тоо гэхээр 100 мянга даваад байгаа харагдана. Асуудал нь нэгт, жил бүр сургууль төгссөн, цэргээс халагдсан гэх зэргээр ажил хайгчдын тоо нөхөгдөж орж байгаатай холбоотой. Мөн албан бус хөдөлмөр эрхэлдэг хүмүүс Хөдөлмөрийн төв бирж дээр бүртгүүлэх болсонтой ч холбоотой. Албан бус хөдөлмөр эрхэлдэг хүмүүс албан ёсны хөдөлмөрийн байртай болохыг хүсэх нь их болсныг энэ тоо харуулж байгаа. Ер нь Хөдөлмөрийн төв бирж байгуулснаар ажилд орохыг хүсэж бүртгүүлэх хүний тоо эрс өссөн. Нэг үгээр хэлбэл хөдөлмөр эрхлэлтйин бүртгэл маш эмх цэгцтэй болж байгаа юм.

-Албан бус хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдахдаа хойрго байдаг. Идэвхжүүлэх боломж хэр байдаг юм бол. Адилхан л халамж үгүйлэгдэх үе ирэхээр тэдэнд хэцүү л байдаг юм шиг байна лээ ?

-Албан бус хөдөлмөр эрхлэгчдээс гадна малчид гэж хүмүүс байна. Эдгээр хүмүүс нийгмийн даатгалд сайн дураараа шимтгэл төлөөд дараа нь ямар ашигтай юм бэ гэдэг ойлголт байдагтай холбоотой. Ойлгуулахын тулд хөшүүрэг хэрэгтэй болж байгаа юм.Энэ хөшүүргийг бий болгохын тулд бид суурь тэтгэврийн хууль гэж гаргахаар болж байна. Суурь тэтгэвэр бий болгоод жишгийг нь Засгийн газар жил бүр тогтоодог байхаар хийж байна. Тухайлбал, Засгийн газраас суурь тэтгэвэр 80 мянган төгрөг байна гэж зарлалаа гэж бодьё.Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хүмүүст тэтгэвэрт гарахад нь энэ суурь тэтгэврийг нэмж олгоно гэсэн үг юм. Хэрэв сайн дураараа нийгмийн даатгалд шимтгэл төлөөгүй бол авахгүй болно. Ингэхээр авах ёстой тэтгэврээс гадна нэмээд суурь тэтгэврээ авахын тулд төлж эхэлнэ гэж бодож байна.Түүнээс гадна сайн дурын тэтгэврийн тотолцоо бий болсон. Бодь даатгал, Голомт банк гээд газрууд хэрэгжүүлээд эхэлсэн. Юу байна гэхээр хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин өсгөх хэмжээний цалингаас шимтгэл авах ёстой байдаг. Гэтэл 2 сая төгрөгийн цалин авч байгаа хүн байвал илүү гарсан цалингаасаа нийгмийн даатгалд шимтгэл төлөх боломж байдаггүй. Тэгвэл илүү цалингаасаа хүсвэл сайн дурын даатгалд төлөх боломжийг олгоно. Тэтгэвэрт гараад нийгмийн даатгалаас ч тэтгэвэр авна,сайн дурын даатгалаасаа ч тэтгэвэр авах болно гэсэн үг. Ашиг нь юу вэ гэхээр тодорхой хугацаанд өндөр орлого олж байх үедээ тэтгэврийн сангаа арвижуулах боломж гарна. Шимтгэл авах хязгаараас болоод иргэдийн ажилладаг албан байгууллага, компани нь ч бас ажилчдынхаа нийгмийн даатгалд хязгаартай төлж байсан бол одоо ажилчид нь илүү төлүүлэх боломж гарч ирж байгаа юм. Ялангуяа тодорхой хугацаанд өндөр орлоготой ажил санал болгодог уул уурхайн салбар дахь манай иргэдэд их ашигтай болно. Бас нэг боломж бий болгож байна. Иргэдийн нэрийн дансанд орж байгаа тэтгэврийн хуримтлалыг суурилаад орон сууцжуулах боломжийг ч бас хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 1960-аад Сингапурт хэрэгжүүлж байсан туршлага л даа. Энэ бүхнийг дэлгэрүүлж ярихад хугацаа их орох болохоор дараа дэлгэрэнгүй тусад нь ярилцах уу. Ер нь бол нийгмийн даатгалд шимтгэл төлөх нь ашигтай гэж ойлгох цаг болсон.

-Таныг сайд болоод Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн ажлаасаа хэр хөндийрсөн бол гэж асуумаар санагдаад ..?

-Сайдын ажил их нь үнэн, үнэхээр их ажилтай юм. Арав гаран хуулийн төслийн ахлагч хийж байна.Тэгэхдээ дандаа нийгмийн шинэчлэлийн томоохон хуулиуд байгаа. Дээр нь Паралимпийн үндэсний хорооны тэргүүний ажил гээд олон байгууллагын сонгуульт ажил давхар хаших болдог. Завгүй гээд гоншигноод байж болно л доо. Гэхдээ тэгдэггүй. Сэтгэл байх юм бол зохицуулж болдог. Нийслэлийн иргэний хурлын төлөөлөгчийн хувьд сонгогчдынхоо хүсэл бодлыг мэдэх болохоороо тэр дагуу ажил хийж л байгаа. Яахав зарим нэг нь нэг хашаа будуулчихаад, эсвэл хогны тор тараачихаад тэрийгээ сурталчлаад гүйгээд байдаг л бололтой. Би тэгэхийг хүсдэггүй. Харин дорвитой ажил хийхийг хүсдэг. Би нийслэлийн замын түгжрэлийг арилгах дэд хороог ахалдгийн хувьд нийслэлийн хөрөнгө оруулалтын дэд хорооны дарга Ц. Анандбазартай хамтарч ярьж байгаад Сүхбаатарын талбайг тойрсон урсгалыг дөрөв болгож, нар зөв тойруулсан хөдөлгөөний зохицуулалт бий болгосон. Нийслэлийн замын газар,ЗЦГ-ын удирдлагууд ч оролцож гурван сар ажиллаж байж шийдсэн. Энэ ажлын дагуу ГХЯ-ны баруун талаар гардаг замыг ч өргөтгөсөн.Тэгсэн чинь инээдтэй ч гэмээр юм болдог юм байна.

-Юу байдаг билээ?

-Ажлаа гүйцээгээд дуусч байтал энэ ажлын хэсгийг өргөтгөөд нийслэлийн удирдлагаар ахлуулна гээд бужигнадаг юм байна. Ухаандаа санаачилж хийсэн ажлыг маань дарга нарт “нааж”, тал засаад байгаа бололтой. Тэгсэн бас нэг асуудал гараад ирсэн. Аль 2008 оноос Сэлбэ голын урсацыг сайжруулах, гольдролыг сэргээж, орчныг нь тохижуулах саналыг хөөцөлдөөд л яваад байсан юм. Санаачилсан хүн нь манай СБД-ийн 8-р хорооны иргэн н.Наранхүү гээд инженер байгаа. Үүнийг нь би дэмжээд зураг төсөл, гурван боть тооцоо судалгааг нь хамтарч гаргаад НИТХ дээр оруулж байж Концессийн гэрээгээр хийгдэх ажлын жагсаалтад нь багтаасан. Мөнгө нь шийдэгдэх болоод иртэл хийх компани алга гэдэг юм байна. Тэгэхээр нь хиймэл нуур хийж байгаа Солонгосын компанитай гэрээ хийгээд зохицуулсан. Гэтэл энэ гэрээг цуцлаад Оросын компани гүйцэтгэх болсон. Би ч яахав чимээгүй л харж байна, яагаад гэхээр зогсоочихож магадгүй гэж бодоод. Хайран ажил болно биз дээ. Одоо болохоор Ерөнхий сайдын нэртэй холбочихсон явж байгаа. Хэрэв хөроөнгө мөнгө нь үүнтэй холбоотой шийдэгдэж байгаа юм бол, буянаараа болог. Харин нийслэлийнхэн ийм маягийн долигоносон ажил хийж байгаа бол өөр асуудал. Ерөнхий сайд энд хамаагүй л дээ. Хуучин арга барилтай намын нөхдийх нь “хичээл зүтгэл”-ээр ийм балай юм хийж байгааг тэвчихийн аргагүй. Гэхдээ яахав, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн иргэд хожиж байгаа нь сайхан байна. Яг энэ төсөлтэй хамт Ногоон нуурын орчмыг тохижуулж өөрчлөх төсөл оруулсан. Тэгсэн чинь “гэр хорооллынхон агаарт л байдаг биз дээ,тэгэж хөрөнгө гаргах хэрэг юу байна” гэж байгаа юм.Тэгвэл хэн нэгнийх нь нэртэй холбоод өгье, хамаагүй хийчихээч гэж хэлмээр байгаа юм. Ер нь олон ажил санаачлаад хийгээд л байгаа ухаантай. Гурван жилийн хугацаанд хий­сэн ажлаа нэгтгээд мэдээллийг нь со­нингийн хэлбэрээр дүүргийн иргэддээ та­рааж удахгүй танилцуулна. Тэгэхээр Нийслэлийн иргэний төлөөлөгчийн үүр­гээ умартаагүй яваа гэдгийг харах байх аа.

М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж