Харин хэрхэн өөрчлөх талаар ирсэн саналуудыг ангилахад Үндсэн хуулийн үзэл баримтлалд зарчмын томоохон өөрчлөлт оруулж, хоёр танхимтай парламент бүхий Бүгд Найрамдах улсын хэлбэрт шилжих, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүйгээр боловсронгуй болгож, төгөлдөржүүлэх чиглэлээр зарим нэмэлт, өөрчлөлт оруулахад болохгүй юмгүй гэж үзжээ.
Ийн боловсруулагдаад буй хуулийн төслийг харвал үндсэндээ таван зүйлд өөрчлөлт оруулах гээд буй аж.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхний санаа нь өнөөх 2000 оны долоон нэмэлтийнхээ нэгийг залруулах оролдлого бололтой. Илүү дэлгэрүүлбэл, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг Үндсэн хуульд ямар нэг хязгаарлалтгүйгээр нээж өгснийг засч залруулах шаардлагатай гэж үзжээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтаар буюу, 2000 оны өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн зохицуулалт оруулснаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь УИХ-ын гишүүд хавсран ажилласан ч болохоор болгосон. Ингээд л хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэл нь холилдох боломж бүрдсэн. Гороор нь хариуцлага гэх зүйл үгүй болсон. Харин өөрчлөхдөө шуудхан энэ хоёр эрх мэдлийг салгалгүйгээр зарим хязгаарлалт хийх замыг санал болгосон байна. Энэ хязгаар нь “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэх заалт. Энэ нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс, нөгөө талаар УИХ, Засгийн газар бодлогын хувьд нэгдмэл байх шаардлагатай гэдэг үүднээс хадгалж үлдсэн суудал бололтой, өмнө яригдаж байснаар бол. Тухайлбал, 1996-2000 онд Засгийн газар гурван удаа огцорч, дөрвөн Ерөнхий сайд томилогдож байсан нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсардаггүй байснаас үүдэлтэй гэж улстөрчид үздэг. Танхимын гадна үлдсэн гишүүд Засгийн газрыг аль болох ганхуулах сонирхолтой байдаг. Тиймээс Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам гэх мэт бодлогын гол гол яамдыг УИХ-ын гишүүн тэргүүлж байх нь зүйтэй гэсэн үзэл улстөрчдөд байдаг юм билээ.
Дараагийнх нь өөрчлөх заалт цухалзаж эхлэхтэйгээ зэрэгцэн багагүй эсэргүүцлийг өдөөгөөд байгаа. Хэдий хуульд хоёрхон “тэмдэгт” өөрчлөхөөр боловсруулагдсан ч олон нийтийн зүгээс “тэгж өөрчилнө гэж гонжийнжоо байлгүй” гэж тавлаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг 99 гишүүнтэй болгох тухай. Уг нь хүн амын тооны өсөлт, эрхлэх асуудлын хүрээ өргөссөн болон үндэсний аюулгүй байдлын үүднээс ч гэсэн парламент аль болох “том” байх нь, гишүүдийн тоо дор хаяж 100 орчим байх ёстой гэлцдэг. Гэвч үүнийг эсэргүүцээд буй шалтгаан нь “хардлага”. Сонгуулийн хуулийн тогтолцоонд үхэн хатан ач холбогдол өгч буй энэ үед ийм хардлага байгаа нь ч аргагүй. Иймд энэ хардлагаас мултарч чадвал уг санал дэмжигдэх боломжтой. Харин хардуулахгүй байхын тулд хуулийн энэ өөрчлөлтийг 2012 оноос биш, 2016 оноос мөрдөж эхлэх хэрэгтэй гэсэн үзэл ч бий. Хэрвээ ирэх 2012 оны сонгуулиас шууд мөрдөөд эхлэх юм бол одоогийн гишүүд өөрсөддөө зориулж хууль баталсан хэрэг болно.
Сонгуулийн тогтолцоог ярьж эхлэнгүүт л босч ирдэг асуудал нь Үндсэн хуулийг өөрчлөх тухай. Иймд сонгуулийн тогтолцоог өөрчилсөн ч Үндсэн хууль үл хөдлөх боломжийг бүрдүүлэх шаардлага бий болсон гэж хуулийн төсөл боловсруулагчид үзсэн бололтой. Одоо буй Үндсэн хуулиар “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заажээ. Хэрэв сонгуулийн хуулинд хүнийг шууд бишээр сонгох тухай санаа орж ирэх л юм бол дээрх заалттай зөрчилдөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, пропорциональ болоод холимог тогтолцоог хуульчлах бол хэн нэгэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж “ялалт” байгуулна гэсэн үг. Иймд дээрх заалтыг өөрчилж “Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчмыг баримтлан явуулах”-аар тусгаж. Гишүүнийг шууд сонгох бус, УИХ-ыг шууд сонгох болсон байгаа биз. Энэ нь сонгуулийн пропорциональ системтэй холбогдон гарч ирсэн “гишүүнийг сонгох уу, намыг сонгох уу” гэдэг маргааныг эцэслэж байгаа юм.
Сүүлийн хоёр зүйлийн өөрчлөлтүүдийн зорилго нь орон нутгийн удирдах байгууллагын шийдвэр гаргах эрхийг баталгаажуулахтай холбогдон бий болжээ. Өөрчлөгдөж буй хэсэг нь Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дахь заалт. Үүнийг энгийнээр тайлбарлавал, аймаг нийслэлийн даргыг иргэдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд батламжилдаг байсныг нь өөрчилж, Ерөнхий сайдаас санал болгосноор иргэдийн хурал батламжилдаг болгож байгаа юм байна. Харин сумын хувьд даргаа иргэд өөрсдөө сонгодог болох гэнэ. Энэ бүхэн нь эрх мэдлийг орон нутагт, иргэдэд шилжүүлэх зорилгоор бий болгож буй өөрчлөлт гэж тайлбарлагдаж байгаа ч үнэн хэрэгтэй юу л бол.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах гол шалтгаан болж харагдаж байсан засаг захиргааны нэгжийн хуваарийг өөрчлөх асуудал энэ хуулийн төсөлд бас л байраа эзэлж чадсангүй. Сүүлийн арав гаруй жил яригдаж буй засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудалд гол тээг болж байсан зүйл нь Үндсэн хуульд заасан “орон нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн санаачилгаар засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж болох” тухай заалт. Гэвч орон нутгийн иргэдийн хувьд сум суурингуудыг нэгтгэх санаачилга хэзээ ч дэмжлэг авч байгаагүй тул энэ өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын түвшинд бодлого боловсруулж хийх хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд байсан билээ. Харин одоо боловсруулаад байгаа хуулийн төсөлд “орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санал болгосноор УИХ, Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн нь өмнөхөөсөө нэг их дэвшил болж чадсангүй бололтой.
Дараагийнх нь, Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн Цэцэд нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хууль зөрчигдөж буй талаар хүсэлт гаргах”-аар хуулийн төсөлд тусгажээ. Одоо бол, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хорооны иргэдийн нийтийн хурал, тэдгээрийн тэргүүлэгчдээс гаргасан шийдвэр нь хэн нэгний эрхийг зөрчсөн бол маргааныг захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэдэг хуультай. Гэтэл нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шийдвэр гаргах эрх бүхий бусад байгууллага зөрчсөн тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй. Ингээд л тус өөрчлөлтийг хийжээ.
"Ардын эрх" сонин