”Ц.Нямдоржийн хууль” байнгын хорооны босгыг давсангүй

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”Ц.Нямдоржийн хууль” байнгын хорооны босгыг давсангүй

"Ц.Нямдоржийн хууль" байнгын хорооны босгыг давсангүй, гэхдээ бүдэрсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн нь “Ц.Нямдорж”, “Долдугаар сарын 1-ний үймээн”, “галт зэвсгийг иргэдийн эсрэг ашиглах нь” гэх сэдвүүдийг хэд хэдэн удаа босгож ирсэн юм. Галт зэвсгийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр хөдөөгийн хэдэн малчдын буунд хэтэрхий анхаарал хандуулж байна гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн З.Энхболд илэрхийллээ. Тэрбээр иргэд буугаа гэртээ хадгалахгүй, хэрэг гарвал цагдаагийн газраас очиж авна гэж хуулийн төсөлд тусгасан байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж хэлсэн. Хоттой мал руу чоно дайрвал, “Чи наанаа байж бай. Би цагдаагаас буугаа аваад ирье гэх үү. Тэгээд тэр цагдаа нь тэртээ 100 км-ын цаана байгаа шүү дээ. Малчин айл буутай байж болохгүй юу” хэмээн лавласан. Хуулийн төслийн ажлын хэсгийнхний тайлбарласнаар, яг ч тийм хатуу заалт хуулийн төсөлд байхгүй гэнэ. Онц, хүнд гэмт хэрэгт холбогдсон, эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй, нийгэмд аюул учруулж болох этгээдийн бууг бүртгэлийн журмаар хураан авах тухай заалт байгаа аж. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдоогүй, эсвэл сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн Монгол Улсын бүх иргэн буу эзэмшиж болох юм байна.

Харин уг хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн буу эзэмших эрхийг хязгаарлахаар тусгасан бөгөөд харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид галт зэвсэг эзэмших, ашиглах зөвшөөрлийг олгох тухай заалт оруулсан байна. Энэхүү заалт нь зөвхөн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжихэд чиглэсэн юм биш биз дээ гэх асуултыг мөн дагуулсан. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хариулснаар, харуул хамгаалалтын компанийг дэмжих талаар бодож ийм заалт оруулаагүй юм байна. Сүүлийн үед хуулийн этгээдийн нэр дээр галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авчихаад зориулалтын бусаар ашиглах тохиолдол олонтаа гарах болсон учир ийм шийдвэрийг гаргасан гэнэ. Тухайлбал, уул уурхайн компанийнхан галт зэвсгээрээ хууль бус ан хийсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан аж. Тэгээд ч сургууль, цэцэрлэгийн манаач галт зэвсэг үүрээд явж байх шаардлагагүй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн юм байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд, “Тэгвэл энэ хуулиар одоо байгаа манаачаа халаад заавал харуул хамгаалалтын компаниас ажилтан авч ажиллуулах болох нь. Цэцэрлэг, сургууль мэтийн жижиг газрууд ийм зардлыг төлж дийлэхгүй. Тэгээгүй байлаа гэхэд одоо цэцэрлэг, сургуулиудын харуул буугүй болсон юм байна гээд хулгай, дээрэм ихэсвэл яах билээ” хэмээн асууж байлаа.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Өнөөдөр буутай манаачтай сургууль, цэцэрлэг үнэндээ байхгүй. Тэгээд ч буутай хүнээр мануулж болохгүй. Өөр аюул тарьвал яах билээ” гэж хариулсан. Ямартай ч хуулийн төслийг ажлын хэсгийн болоод дараа дараагийн хэлэлцүүлгийн түвшинд нухацтай хэлэлцэхээр тогтлоо.

Цагдаагийн байгууллагын хуулийн өөрчлөлтийн төсөлд зориулсан шүүмжлэлийг Н.Батбаяр эхлүүлэв. Тэрээр “Цагдаа хэв журам зохицуулдаг болохоос биш хилийн цэргийнхэнд хамааралгүй. Гэтэл хил манах үүрэгтэй хилийн цэргүүдийг олон нийтийн эсрэг турхирч болохгүй. Ц.Нямдоржийн боловсруулсан энэ хуулийн төслөөр эмх замбараагүй байдал үүсэхэд цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх боломжийг нээж өгч байна” гэв. Мөн тэрээр ямар ч хуульд “нийтийг хамарсан эмх замбараагүй байдал” гэдгийг тодорхойлоогүй байхад ийм хууль оруулж ирэх нь буруу гэдгийг ч хэлж байв. Мөн хэд хэдэн гишүүн буундаа хүрэхээс өмнө нулимс асгаруулагч, усан бууг орлуулан ашиглах тухай санал ч гаргав.

Харин Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслөө хамгаалж ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж “Хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хуулиар л галт зэвсэг хэрэглэх эрхийг нь гэнэт олгочихсон зүйл үгүй. Цагдаагийн байгууллагын тухай 1994 оны хуульд ч галт зэвсэг хэрэглэх журмыг нь хуульчилсан шүү дээ. Зарим гишүүд галт зэвсэг хэрэглэхийг хориглох гээд байх шиг байна. Гэтэл дийлдэшгүй эмх замбараагүй байдал үүсч байхад буу барьсан танхай этгээдүүдийн өмнөөс ус цацаад зогсч байх уу” гэх хариуг нь барив. Мөн өөрийг нь эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх гээд байгаа юм уу гэх хардлагад “Энэ хуулийн төсөл ирэх сонгуультай ямар ч холбоогүй. Сонгуулийг будилаантуулаад ямар нэг эсэргүүцэл гарвал намайг зэвсэгт хүчнийг гартаа аван дарж авах нь гэж хардаж байна. Гэвч тийм зүйл байхгүй шүү дээ” гэв.

Гишүүн Х.Тэмүүжин нь маргааны гол шалтгаан болоод буй ойлголтуудын ялгааг тодотгон салгах шаардлагатайг дурдаад “Хил хамгаалах байгууллага нь хилийн бүсэд болж буй эмх замбараагүй байдлыг зохицуулах боломжтой. Гэвч ийн оролцох эрхийг нь Улаанбаатар хотод нэгэн адил авч үзэх гээд байгаа нь хардлага, маргаан өдүүлж байна” хэмээн тайлбарлав.

Энэ асуудлаар Ардчилсан намын бүлгийнхэн өмнө нь хуралдаад хуулийн төслийг буцаах нь зүйтэй ч гэж шийдсэн аж. Тус бүлгийнхэн уг хуулийг гаргахыг дэмжиж буй ч алдаагүй зөв гарах ёстой гэх үүднээс ийн шийдэж.

Харин МАН-ынхан энэ хуулийг ямартаа ч байнгын хорооны босгыг давуулж, хэлэлцүүлэгт оруулах хүсэлтэй буйгаа дор бүрээ илэрхийллээ. Тухайлбал, Ж.Сүхбаатар “Нэгэнт үзэл баримтлалыг нь дэмжиж байгаа хойно хэлэлцүүлэгт оруулаад нэмж засаад явцгаая. Төслийг буцаана гэдэг нь ер нь дэмжихгүй байгаагаа л илэрхийлсэн санаа шүү дээ” гэв. Тэрээр мөн энэ хуулийг шинэчлэх засварлах шаардлагыг долдугаар сарын 1-тэй холбон энэхүү үймээн болсон шалтгааны талаарх дүгнэлтэд төрийн байгууллагын уялдаа холбоо алдагдсан тухай байсан. Тиймээс ч энэхүү холбоог бий болгох хуулийн төслийг оруулаад ирсэн юм чинь хэлэлцэхийг нь дэмжээд цааш нь явуулсан нь дээр биш үү гэх талаас нь санал гаргав. Эцэст нь гишүүд нэг бүрчлэн саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад олонх нь ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ажлын хэсэг асуудлыг дахин нягталж боловсруулсны дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж “Хэлэлцэх эсэхийг” шийдэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөсөн байна.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж