Монголын ”донорууд”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Монголын ”донорууд”

Монгол иргэдээ харамгүй харж үздэг сайхан орон. Гайхуулаад ганцхан статистик авчихад, 2 сая 754 мянга 685 хүн амтай энэ улсын арваас дээш насны нийт хүн ам 2 сая 142 мянга 843. Түүний 1 сая 983 мянга 108 нь боловсролтой гээд бод. Үлдсэн 159 мянга 726 боловсролгүй иргэдийнх нь 123 мянга 207 нь бичиг үсэг тайлагдсан гээд бодоод. Хараад өгье, өөр хаана ийм улс байна. Өөрсдийнхөө иргэдийг зовоолгүй, элдэвийн инженер хэрэг болвол гаднаас авч, дээд боловсролтой залуусаа эрүүл мэнд, хэл усаар шигшээд Солонгост мэргэжил “доошлуулах” ажилд жуучилдаг “мужик” бодлогоч нартай хүчирхэг үндэстэн. Хар бороос эхлээд хамгийн өндөр цалинтай ажлаа ч харийхнаар хийлгэнэ. Харин өөрсдийнхөө иргэдийг бол ядаж л хөгжингүй орныхонд шал яаж угаахыг, хүүхдийг яаж асарч, буруу зөнөсөн өвгөн, эмгэний бохир, завааныг хэрхэн цэвэрлэдгийг өөрсдөө “заахаар”  илгээдэг юм. Учир нь ирээдүйд Монголд тэд ирж ажиллана. Тиймээс тийм ажлыг өөрсдөө үлгэрлэн харуулж байгаа нь тэр. Ингэхдээ нарийн шалгуураар томилолт өгнө. Иргэдээс маань эрүүл мэндийн шинжилгээ ав, эсвэл өөрсдийн чинь хэлийг хэрхэн сайн мэддэгийг сорь гэхчилэн өндөр шалгуур тавихыг нь хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл гаднаас манайд ирж ажиллагсад зүсэн бүрийн өвчтэйгээс гадна Монгол хэл мэдэх нь байтугай англиар ч аятайхан “эрхэрчихэж” чаддаггүй юм. Бид чинь мундаг юм болохоор Ерөнхийлөгчөөсөө эхлээд захын чавганц нь “hi” гэж мэндлээд ойлговол “ok”, болохгүй бол “sorry” гээд өөрөө өмнүүр нь ороод ажлыг нь хийчихдэг билээ.

Тэд ч хэлснээр нь эрүүл мэнд шалгалтаа авна. Өвчтэй өвгөнийг асрах хүн шүдний өвчингүй байх ёстой, бодисын солилцоогоо ч мэдэхээ байсан эмгэний “памферс”-ийг солих хүн шарласан байх ёсгүй гээд л. Хамгийн сонирхолтой нь монголчууд тэр бүхнийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй бүх шалгуурт нь тэнцэж байгаа юм. Ясны бие сайтаа хүмүүс шүү дээ. Шүд сайтайг ч хэлэх үү. Мориныхоо насыг шүдээр нь мэдчихдэг монголчууд өөрсдийнхөө шүдийг харин морь шиг ярзайж байгаад л үзүүлнэ.  Их гүрний үр сад ийм мундаг бодлоготой юм.  Иймдээ ч өнөөдөр хөгжингүй орнуудыг ардаа орхиж эдийн засгийн өсөлтөөрөө эхний эгнээнд яваа улс. Гол нууц нь гадныхнын хар бор ажлыг хамгийн сайн хийдэг хямд ажиллах хүчтэй гэж байгаа. Тиймдээ ч хамгийн чадалтай, хамгийн эрүүл нь гадагшаа явж тэдний мөнгөний их урсгалыг нутаг руугаа илгээнэ. Хамгийн, хамгийнд тэнцээгүй нь эндээ төрийн албанд шургална. Тийм замыг сонгоогүй нь гадаад явсанаасаа санхүүжилт авч байгаад туг бариад тэмцэнэ.  

Эрүүл мэндийн шалгалт хийгээд эрх авах зөвшөөрөл…

Холбогдох яамнаас нь лавлалаа. Солонгост ажиллах эрүүл мэндийг “виза” авсан хичнээн олон хүн байгааг сонирхлоо. Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсээс асуугаад байх ч шаардлагагүй аж. www.labornet.mn сайтаас л харчихаж болох гэнэ. Энэ сайтаас авсан мэдээллээр, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, тэнцсэн 2231 иргэнийг энэ сарын 17-26-ны өдрүүдэд БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршуулах бүртгэх гэнэ. Эрүүл мэнд, хэлний төвшингөөр нь “зиндаалсан” нэгээхэн үзүүлэлт бол энэ. Тэднийг Солонгосын тал харж, судалж байгаад ажлын байраар хангах эсэхээ шийднэ. /Сонирхуулахад, энэ сайтад мэдээлснээр өчигдрийн 11.45 цагийн байдлаар 41 мянга 774 идэвхитэй ажил хайгч, 9224 ажил олгогч, 2862 ажил олгогч байлаа. Үүнээс ажлын байр байгаа ч ажиллах хүн алга эсвэл ажилгүйдэл буурч, ажлын байр нэмэгдсэн гээд буй хэр бодитой эсэхэд өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ./

2008, 2010 онд Солонгосын хөдөлмөрийн биржэд нийт Монголын 9666 иргэний нэрс байршиж байжээ. Гэхдээ тэдний ердөө 50 нь л өнгөрсөн оны найм, есдүгээр саруудад гэрээгээр ажиллуулахаар болж “илгээгджээ”. Тэд ихэвчлэн хувцас гоёл чимэглэлийн, хүнсний, гэрийн тавилгын, модон эдлэлийн, савхи, савхин эдлэлийн, металлын үндсэн үйлдвэр, дахин боловсруулах, төмөрлөг, эрдэс баялгийн, цаас болон цаасны үйлдвэрт гэх мэтчилэн ажлыг 700-1,000.000 воны цалинтай хийдэг аж. Гэхдээ эдгээр иргэдийн эрүүл мэнд хэрхэн хохирч байгааг тооцсон судалгаа байхгүй. Ажиллаж байгаа ирсэн хүмүүс голдуу бөөрний өвчтэй болохоос гадна, тоосны харшилтай, амьсгалын замын үрэвсэлтэй болоод ирдэг аж. Тэгвэл энэ жилийн хувьд, Солонгосын талаас 3000 орчим ажиллах хүч авна гэж байсан ч 5154 ажиллах хүч авахаа эцсийн байдлаар мэдэгджээ. Тиймээс Солонгост ажиллахыг хүсэгчдээс 2000 нь мөрөөдлөө биелүүлэх боломж олдож байна гэж өмнөөс нь алга ташмаар ч харамсалтай нь тэр хэмжээгээр эрүүл мэндээ эрсдэлд оруулахыг сануулсан хэнгэрэг илүү чанга хангинлаа.  

Гадаадад илгээгдэгсэд…

Гадаадад хэд нь сурч байгаа, хэд нь ажиллаж байгааг нарийн тооцсон судалгаа өнөөдөр алга. Гэхдээ түшиж болох бодитой судалгаа гэвэл Хүн амын тооллогын дүн байна. Түүнд дурдсанаар бол, Монгол Улсын 107 мянган иргэн гадаадад сурч, ажиллаж, эмчлүүлж байна /Өнгөрсөн жилийн тоо учраас дээр дурдсан Солонгост албан ёсоор ажиллах 5154 иргэнийг, хувийн шугамаар явсан хүмүүсийг нэмээд тооцвол багаар бодоход 10 мянган хүн нэмэгдэнэ/. Гадаадад ажиллагсдаас Өмнөд Солонгост 29 534, Америкт 17036, Чехт 7274 иргэн гэх мэтээр ажиллаж байна. Хамгийн сонирхолтой нь Хятадаас ажиллах хүчин авдаг хэрнээ тэднийд манай 7273 иргэн ажилладаг ажээ. Өмнөд Солонгост ажиллагсдын 11 мянга 899 нь хөдөлмөрийн гэрээтэй гэж байгаа.

Төрийн бодлого…

Аливаа улс орон хамгийн түрүүнд ажлын байр олноор бий болох боломжийг бүрдүүлж,  улмаар иргэдээ ажлаар хангаж, цалинг нэмэхийг урьтал болгодог. Гэхдээ энэ дарааллын хамгийн эхнийхийг нь бодлого боловсруулагчид төдийлөн анзаардаггүй. Харин ч ажлын байр бий болох боломжуудын аливаа журам, хуулиар хориглох нь бодитой жишээ. Харин сүүлийн хэдэн жилээс энэ шатыг эргэн харах гэж оролдож байгаа нь гадаад руу ажилд зуучлах. Ингэхдээ маш ихээхэн идэвхи санаачилгатай ажиллаж байна. Бүр Засгийн газрын түвшинд хамтарч байгаа. Одоогоор Чех, Өмнөд Солонгос руу ажилд зуучилж буй. Үүнийгээ улам өргөжүүлэх зорилгоор Япон, Хятад, бас бус орнуудын төлөөлөгчидтэй уулзах болгондоо туслалцаа гуйдгийг өдөр болгон сонингоос харж болно. Яагаад гэвэл, Монголд ажлын байр нэмэгдүүлэхийн оронд гадаад руу илгээчих нь хамаагүй хялбар бололтой. Үүнийг дагаад эрүүл мэндийн салбар  төдийгүй хүн амын эрүүл мэндийн түвшин ч доройтож байна. Мөнгөгүй иргэд л дотоодын эмнэлэгт хүчээр эмчлүүлдэг боллоо. Мөнгөтэй нь Хятад, Солонгост эмчлүүлэхийг эрмэлзэж байна. Өнгөрсөн жилд л гэхэд, Өмнөд Солонгост 232 хүн, Хятадад 34 хүн эмчлүүлжээ. Иймэрхүү байдлаар дотоод руу чиглэсэн бодлогогүйгээс бүхий л салбар харилцан хамааралтайгаар уналтанд орж байна гэхэд болно. Магадгүй Төрийн бодлого бүхнийг гадагшаа чиглүүлж байж болох уу?

Ажиллагсадтай хийсэн яриа..

М.Ганболд гэдэг танил маань элэг­ний С вирустэй учраас эрүүл мэн­дийн хувьд Солонгост ажиллахад тэнцэхгүй. Тиймээс чага мөөгний ханд ууж байгаад шинжилгээ өгч тэнцэн гурав орчим жилийн өм­нө Солонгос явав. Харин энэ на­мар эргээд иржээ. Кимчи хийдэг үйлд­вэрт ажилладаг байсан агаад өд­рийн 10 цагт нь усны гуталтай явдаг байсан тухайгаа ярьж байна. Сардаа сая орчим төгрөгийн цалин авна. Түүний 60 хувийг нь гэрийнхэндээ явуулж, 40 хувийг нь хоолондоо зарцуулдаг гэсэн.

Иймэрхүү байдлаар ажилласаар нутагтаа ирсэн тухайгаа хэлнэ лээ. Ирэх болсон шалтгаан нь эрүүл мэнд. Байнга усны гуталтай, чийгтэй нөхцөлд ажиллаж байсан учраас бөөр нь мууджээ. Одоо харин тэр өдөрт арав гаруй мянган төгрөгийн эм уухаас гадна хувийн эмнэлэгт эмчлүүлж байна. Харамсалтай нь түүний явуулсан мөнгө тухай бүрдээ үрэгдсээр одоо эмчилгээ хийлгэх зүйл үлдээгүй аж.

…Солонгост ажиллаж буй эмэг­тэй­чүүд тэндээ хуурамч гэр бүл бо­лох явдал цөөнгүй байдаг талаар нэгэн эмэгтэй ярилаа. Тэрээр өөрөө ч ийм байдлаар амьдарч байсан учраас нэрээ дурдуулахыг хүссэнгүй. Со­лон­гост байхдаа энэ бүсгүй оёдлын үйлдвэрт ажилладаг байж. Тухайн үйлдвэр хааяа захиалгагүйгээс ажилгүй сул зогсох явдал гардаг байж. Өөр ажил хайя гэсэн ч эмэгтэй хүнд боломжийн ажил олдодгүй учраас нутаг нэгтнээ түшихээс өөр аргагүй болдог гэнэ. Тиймээс монгол залуучуудтайгаа хамтран амьдарч, ажлын хажуугаар хувцасыг нь угааж, ойртуулдаг гэнэ. Түүнийх нь хариуд, эрэгтэйгийн хийх үйлдэл нь байр, хоолных нь мөнгийг даана. Энэ тохиолдолд цалингаа бүтнээр нь цуглуулах боломж олддог гэнэ. Эр, эм хоёрын аль аль нь гэр бүлтэй байдаг учраас нутаг буцах болоход энэ нь нууц болоод үлддэг тухай тэрээр хэллээ.

Мөнгөөр “эрхтэн”-ээ солих…

Ингэж хэлэхэд буруудах зүйлгүй гэж бодлоо. Хэдийгээр шууд утгаа­раа эрхтэнээ зараагүй ч уур амьсгал таарахгүй, хүнд нөхцөлд, хүнд ажил хийнэ гэдэг үүнээс өөрцгүй болохыг гадаадад ажиллаж байгаад ирэгсэд нотолсоор байна. Солонгосын төм­рийн үйлдвэрт ажиллаж байгаад бөөр нь устсан иргэний жишээг ч энд дурдаж болно. Өөр үй олон жи­шээг ч авч болно. Гэхдээ айл болгонд шахуу ийм нэгэн жишээ байх болсон хойно энэ талаар ярих нь илүүц биз. Гадны донорууд бидэнд мөнгө, эд бараа, эм, бэлдмэл хандивладаг бол бид тэдний хувьд бүхий л болохгүй нөхцөлд ажиллах хямд ажиллах хү­чин болж, үүнийхээ төлөөсөнд эрүүл мэндээ тушааж байна. Хамгийн хямд ажиллах хүчний ханшаар нь эрүүл мэндээ тулчихаж байгаад донорууд ч халаглахаар үнэ төлөөс… 

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж