Банкнаас зээл авсан компаниуд алдагдалд орсон гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Банкнаас зээл авсан компаниуд алдагдалд орсон гэнэ

УИХ-ын гишүүн Р.Будаар ахлуул­сан З.Алтай, Д.Тэрбишдагва, Р.Раш нарын
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс нийслэлд
шинээр баригдсан автозамын шинэчлэлтэй өчигдөр танилцлаа. Өнгөрсөн
дөрөвдүгээр сараас хойш нийслэлд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 16
зам шинээр тавьсан. УИХ-ын  эдийн засгийн байнгын хороо нь энэ онд
хийсэн бүтээн байгуулалтын тайлангаа ирэх сард танилцуулах бөгөөд ирэх
онд улсын болон нийслэлийн хэмжээнд хийж буй эргэн төлөх нөхцөлтэй зам
засварын ажилд энэ жил 23 тэрбум төгрөг зам шинэчлэн тавьсан компаниудад
шилжүүлэх ёстой байгаа бөгөөд үүний өмнө замын чанар, хийц, бүрэн бүтэн
байдлыг шалгаж байгаа юм байна. Эхний шалгалт болох нийслэлийн 16
замтай өчигдөр танилцсан бөгөөд дараагийн удаа улсын хэмжээнд хийгдэж
байгаа замуудтай танилцах аж.  
Бидний эхний шалгалт Шар­хад­ны зам байлаа. Энэ замыг “Ял­гуусан” ХХК
нэг жилийн хугацаатай гүйцэтгэжээ. Энэ жилийн зам зас­варын ажлын нэг
онцлог нь тендерт шалгарсан компаниуд тохижолт, гэрэлтүүлэг, явган хүни
зам зэрэг цогцоор нь хийх учиртай. Тэгвэл  Шархадны зам нь нийт 4,1
тэрбум төгрөгөөр шинэ технологи буюу Герман улсын хуучин асфальтыг
хуулаад дахин боловсруулж цемен­тээр зуурч мөн 20 см-ийн суурь тавьж
асфалтаар хучсан аж. Харин явган хүний зам дээрхи замын хө­дөл­гөөний
тэмдэглэгээ болон бороо­ны ус зайлуулах шугамдаа бага зэрэг анхаарал
дутуу тавьсан бололтой. Зам засварын ажил ололттой ч, ду­таг­далтай ч
зүйл их байна. Тухайл­бал Шархадны замын хучилт чанар­тай ч борооны ус
зайлуулах шу­гам бөглөрсөн, ус зайлуулах хоо­лойгүйгээс хичнээн сайн
тавигдсан ч усанд идэгдээд дороо эвдрэлд орох болно. Мөн явган хүний зам
дээр байрлуулсан замын хөдөлгөөний тэмдэглэгээг дутуу суурилуулсан, хүн
татаад үзэхэд хөдөлж байх жишээтэй. Тиймээс нэгэнт л цогцоор нь хийж
байгаа учраас замын чанарт ч тохижолтод ч анхаарах л хэрэгтэй байгаа юм.
Шинээр тавигдаж байгаа замуудад шалгалт хийж байгаа нь ирэх жилийн зам
засвар, шинэчлэлд бид юуг анхаарах хэрэгтэй тооцоолж, төсөвт суулгах
шаардлагатай. Гэхдээ  шалгалтыг арай эрт хийх ёстой байж. Замын ажил ид
хийгдэж байхад нь шалгасан бол илүү дээр байж.  Энэ шалгалтыг хийснээр
юу хийж чадсан түүнд нь өгөх ёстой мөнгийг нь олгох болно. Өөрийн
хөрөнгөөр хийнэ гэдэг сайн ч  хамгийн гол нь чанар. Нэгэнт хучсан замыг
бид одоо буцаагаад хуулалтай биш. Цаашид анхаарах хэрэгтэйг УИХ-ын
гишүүд гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа. Харин “Ялгуусан” ХХК-ний
хувь өөрсдийн хөрөнгөөр суурь тавих ажил хийсэн бөгөөд үүнийг хийхдээ
380 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ мөн­гөөр 639 метр хуичлт
нэмж тавьс­наар үндсэн 4,1 тэрбум төгрөг төсөв­лөснөөс илүү гарч 380 сая
төгрөгийн алдагдалд орсон гэв. Харин нийс­лэлийн Авто замын газрын
дарга Д.Од хэлэхдээ “Энэ мөнийг нөхөн олгох боломжгүй. Төсөвт нь
суугаагүй болохоор бид мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй” гэлээ.
Бидний дараагийн зам Сансарын ШТС-аас Шадивлан хүртлэх 12,7 км зам
байлаа. Уг замыг “Эйч Кэй Би” интернэйшнл Холдинг Хя­тадын хөрөнгө
оруулалттай ХХК он дамжин нэг жил хоёр сарын ху­га­цаанд гүйцэтгэж
байгаа бөгөөд аж­лын явц одоо 95 хувьтай.Одоогоор авто замын хэсгийн
ажил дуусч, яв­ган хүний зам болон бусад хучилтыг хийж гүйцэтгэж байгаа.
Энэ замд хоёр гүүрийг сэргээн засварласан. Сансарын ШТС-аас Дамбадаржаа
хүрт­лэх зам шинээр тавигдсан бо­ловч хоёр ч удаа замын хажуугийн
бор­жуураа сольсон.  Түү­ний шалтгааныг гүйцэтгэгч компанийн буруугаас
үүдэлтэй гэв. Учир нь үргэжилсэн, шууд боржур цутгасан боловч түүнийг нь
хатаагүй байхад хүмүүс нураах, бороо их орсон учраас үр дүнгээ өгч
чадаагүй. Тиймээс дахин шинээр боржуурыг сольж байгаа гэв.

Сансарын ШТС-аас Дамбадар­жаа хүртлэх 6,7 км, Дамбаас Ша­дивлан хүртлэх
зургаан км хоёр хэ­сэгчлэн шинэчлэл хийсэн боловч нэг компани 12,7
тэрбум төгрөгөөр зарцуулжээ.  Үүнээс цааш Гоодой зуслангийн 3.3 км,
Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар хүртэлх 2.2 км, Самбуугийн гудамжны
өр­гөт­­гөл шинэчлэлт, Залуучуудын өр­гөн чөлөөний 0.9 км авто замын
ши­нэчлэлт, Замчдын гудамжны уулз­вараас Арслантай гүүр хүртэлх 0.5 км
авто зам, Чингисийн өр­гөн чөлөөний Төв шуудангаас Энх­тайв­ны гүүр
хүртэлх 0.9 км зам. Мөн Ажилчны гудамжийн 3.5 км авто зам, ТЭЦ-4-ийн 6.4
км авто зам, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, Таван
шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл зэрэг
замын ажилтай танилцсан юм.

УИХ-ын гишүүн,  ажлын хэсгийн ахлагч  Р.Буд хэлэхдээ “Эргэн төлөг­дөх
нөхцөлтэйгээр компаниуд ажил хийж байгаа нь сайн хэрэг ч бас ярих юм
байна. Өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа ч тэр мөнгөө авч байгаа учраас бид
чанар л шаардана. Зарим зам нь сая тавигдсан гэхэд явахад төвөгтэй,
зарим газраа хучилт нь чулуу ихтэй гээд яриад байвал олон зүйл байна.
Чулуу ихтэй зам амархан эвдэрч, хагарна. Жишээ нь тэр Шадивлангийн
гүүрний асфальтыг хүйтэрсэн үед барьснаас сайн барьцалдаагүй. Тэр зам
ирэх жил л хагарч, нурах байх гэж бодож байна. Гэхдээ замын чанарыг цаг
хугацаа л шалгана даа”гэв.

Улаанбаатар хотын хувьд, нийт 430 км хатуу хучилт бүхий авто замтай, 64
гүүртэй. Өнөөдрийн байд­лаар нийслэлийн нийт авто замын 70 орчим хувь нь
эвдэрч хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан байна. 64 гүүрний дийлэнх
нь 1947-1960 оны үед баригдсан байдаг. Мөн энэ жил 350 км авто замыг
бүрэн шинэчлэн, 212 км авто замыг шинээр барьж, долоон гүүрэн гарцыг
барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд 2010 оноос эхлэн
хэрэгжиж байгаа аж. 2012 оныг дуус­тал нийт 150 км авто замыг өр­гөтгөн
шинэчилж, 139 км замыг шинээр барих, гурван гүүрэн гарцыг барих ажлууд
хийгдэнэ. Дунд хуга­цаанд буюу 2016 он хүртэл 200 км авто замын
шинэчлэлтийн аж­лыг хэрэгжүүлж, 73 км шинэ авто зам, дөрвөн гүүрэн гарц
барихаар төлөвлөсөн байна. 2011 онд Улаан­баатар хотын авто замын
сүлжээг сайжруулахаар Улсын төсөв, Нийс­лэлийн төсөв, Нийслэлийн замын
сан, Өөрийн хө­рөнгөөр эргэн төлөг­дөх нөхцөлтэй эх үүсвэрүүдээс 73,6
тэрбум төг­рөгийн 17,9 км авто зам шинээр барих болон 52  км авто зам
шинэчлэх нийт 69,9 км авто зам, 185 у/м гүүрийн барилга засварын 86
төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгд­сэн
замын ажлуудын хувьд, төс­вөөс замын ажилд төсөвлөсөн хөрөнгөө аваагүй
байгаа, иймээс банк­наас зээл авсан компаниуд ал­даг­далд ороход хүрч
байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн Р.Будаар ах­луулсан ажлын хэсэг замын
ком­паний удирдлагуудын тавьсан са­нал, хүсэлтийг сонсож, замын аж­лын
гүйцэтгэл 100 хувьтай байгаа ком­панид олгох хөрөнгийг энэ жилийн
төсвийн тодотголд суулгах, үлдсэн хэсгийг ирэх оны төсөвт суулгах боломж
бий болохыг судлан үзэхээр боллоо.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж