Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс нийслэлд
шинээр баригдсан автозамын шинэчлэлтэй өчигдөр танилцлаа. Өнгөрсөн
дөрөвдүгээр сараас хойш нийслэлд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 16
зам шинээр тавьсан. УИХ-ын эдийн засгийн байнгын хороо нь энэ онд
хийсэн бүтээн байгуулалтын тайлангаа ирэх сард танилцуулах бөгөөд ирэх
онд улсын болон нийслэлийн хэмжээнд хийж буй эргэн төлөх нөхцөлтэй зам
засварын ажилд энэ жил 23 тэрбум төгрөг зам шинэчлэн тавьсан компаниудад
шилжүүлэх ёстой байгаа бөгөөд үүний өмнө замын чанар, хийц, бүрэн бүтэн
байдлыг шалгаж байгаа юм байна. Эхний шалгалт болох нийслэлийн 16
замтай өчигдөр танилцсан бөгөөд дараагийн удаа улсын хэмжээнд хийгдэж
байгаа замуудтай танилцах аж.
Бидний эхний шалгалт Шархадны зам байлаа. Энэ замыг “Ялгуусан” ХХК
нэг жилийн хугацаатай гүйцэтгэжээ. Энэ жилийн зам засварын ажлын нэг
онцлог нь тендерт шалгарсан компаниуд тохижолт, гэрэлтүүлэг, явган хүни
зам зэрэг цогцоор нь хийх учиртай. Тэгвэл Шархадны зам нь нийт 4,1
тэрбум төгрөгөөр шинэ технологи буюу Герман улсын хуучин асфальтыг
хуулаад дахин боловсруулж цементээр зуурч мөн 20 см-ийн суурь тавьж
асфалтаар хучсан аж. Харин явган хүний зам дээрхи замын хөдөлгөөний
тэмдэглэгээ болон борооны ус зайлуулах шугамдаа бага зэрэг анхаарал
дутуу тавьсан бололтой. Зам засварын ажил ололттой ч, дутагдалтай ч
зүйл их байна. Тухайлбал Шархадны замын хучилт чанартай ч борооны ус
зайлуулах шугам бөглөрсөн, ус зайлуулах хоолойгүйгээс хичнээн сайн
тавигдсан ч усанд идэгдээд дороо эвдрэлд орох болно. Мөн явган хүний зам
дээр байрлуулсан замын хөдөлгөөний тэмдэглэгээг дутуу суурилуулсан, хүн
татаад үзэхэд хөдөлж байх жишээтэй. Тиймээс нэгэнт л цогцоор нь хийж
байгаа учраас замын чанарт ч тохижолтод ч анхаарах л хэрэгтэй байгаа юм.
Шинээр тавигдаж байгаа замуудад шалгалт хийж байгаа нь ирэх жилийн зам
засвар, шинэчлэлд бид юуг анхаарах хэрэгтэй тооцоолж, төсөвт суулгах
шаардлагатай. Гэхдээ шалгалтыг арай эрт хийх ёстой байж. Замын ажил ид
хийгдэж байхад нь шалгасан бол илүү дээр байж. Энэ шалгалтыг хийснээр
юу хийж чадсан түүнд нь өгөх ёстой мөнгийг нь олгох болно. Өөрийн
хөрөнгөөр хийнэ гэдэг сайн ч хамгийн гол нь чанар. Нэгэнт хучсан замыг
бид одоо буцаагаад хуулалтай биш. Цаашид анхаарах хэрэгтэйг УИХ-ын
гишүүд гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа. Харин “Ялгуусан” ХХК-ний
хувь өөрсдийн хөрөнгөөр суурь тавих ажил хийсэн бөгөөд үүнийг хийхдээ
380 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ мөнгөөр 639 метр хуичлт
нэмж тавьснаар үндсэн 4,1 тэрбум төгрөг төсөвлөснөөс илүү гарч 380 сая
төгрөгийн алдагдалд орсон гэв. Харин нийслэлийн Авто замын газрын
дарга Д.Од хэлэхдээ “Энэ мөнийг нөхөн олгох боломжгүй. Төсөвт нь
суугаагүй болохоор бид мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй” гэлээ.
Бидний дараагийн зам Сансарын ШТС-аас Шадивлан хүртлэх 12,7 км зам
байлаа. Уг замыг “Эйч Кэй Би” интернэйшнл Холдинг Хятадын хөрөнгө
оруулалттай ХХК он дамжин нэг жил хоёр сарын хугацаанд гүйцэтгэж
байгаа бөгөөд ажлын явц одоо 95 хувьтай.Одоогоор авто замын хэсгийн
ажил дуусч, явган хүний зам болон бусад хучилтыг хийж гүйцэтгэж байгаа.
Энэ замд хоёр гүүрийг сэргээн засварласан. Сансарын ШТС-аас Дамбадаржаа
хүртлэх зам шинээр тавигдсан боловч хоёр ч удаа замын хажуугийн
боржуураа сольсон. Түүний шалтгааныг гүйцэтгэгч компанийн буруугаас
үүдэлтэй гэв. Учир нь үргэжилсэн, шууд боржур цутгасан боловч түүнийг нь
хатаагүй байхад хүмүүс нураах, бороо их орсон учраас үр дүнгээ өгч
чадаагүй. Тиймээс дахин шинээр боржуурыг сольж байгаа гэв.
Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртлэх 6,7 км, Дамбаас Шадивлан хүртлэх
зургаан км хоёр хэсэгчлэн шинэчлэл хийсэн боловч нэг компани 12,7
тэрбум төгрөгөөр зарцуулжээ. Үүнээс цааш Гоодой зуслангийн 3.3 км,
Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар хүртэлх 2.2 км, Самбуугийн гудамжны
өргөтгөл шинэчлэлт, Залуучуудын өргөн чөлөөний 0.9 км авто замын
шинэчлэлт, Замчдын гудамжны уулзвараас Арслантай гүүр хүртэлх 0.5 км
авто зам, Чингисийн өргөн чөлөөний Төв шуудангаас Энхтайвны гүүр
хүртэлх 0.9 км зам. Мөн Ажилчны гудамжийн 3.5 км авто зам, ТЭЦ-4-ийн 6.4
км авто зам, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, Таван
шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл зэрэг
замын ажилтай танилцсан юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Буд хэлэхдээ “Эргэн төлөгдөх
нөхцөлтэйгээр компаниуд ажил хийж байгаа нь сайн хэрэг ч бас ярих юм
байна. Өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа ч тэр мөнгөө авч байгаа учраас бид
чанар л шаардана. Зарим зам нь сая тавигдсан гэхэд явахад төвөгтэй,
зарим газраа хучилт нь чулуу ихтэй гээд яриад байвал олон зүйл байна.
Чулуу ихтэй зам амархан эвдэрч, хагарна. Жишээ нь тэр Шадивлангийн
гүүрний асфальтыг хүйтэрсэн үед барьснаас сайн барьцалдаагүй. Тэр зам
ирэх жил л хагарч, нурах байх гэж бодож байна. Гэхдээ замын чанарыг цаг
хугацаа л шалгана даа”гэв.
Улаанбаатар хотын хувьд, нийт 430 км хатуу хучилт бүхий авто замтай, 64
гүүртэй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт авто замын 70 орчим хувь нь
эвдэрч хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан байна. 64 гүүрний дийлэнх
нь 1947-1960 оны үед баригдсан байдаг. Мөн энэ жил 350 км авто замыг
бүрэн шинэчлэн, 212 км авто замыг шинээр барьж, долоон гүүрэн гарцыг
барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд 2010 оноос эхлэн
хэрэгжиж байгаа аж. 2012 оныг дуустал нийт 150 км авто замыг өргөтгөн
шинэчилж, 139 км замыг шинээр барих, гурван гүүрэн гарцыг барих ажлууд
хийгдэнэ. Дунд хугацаанд буюу 2016 он хүртэл 200 км авто замын
шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлж, 73 км шинэ авто зам, дөрвөн гүүрэн гарц
барихаар төлөвлөсөн байна. 2011 онд Улаанбаатар хотын авто замын
сүлжээг сайжруулахаар Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын
сан, Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй эх үүсвэрүүдээс 73,6
тэрбум төгрөгийн 17,9 км авто зам шинээр барих болон 52 км авто зам
шинэчлэх нийт 69,9 км авто зам, 185 у/м гүүрийн барилга засварын 86
төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдсэн
замын ажлуудын хувьд, төсвөөс замын ажилд төсөвлөсөн хөрөнгөө аваагүй
байгаа, иймээс банкнаас зээл авсан компаниуд алдагдалд ороход хүрч
байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн Р.Будаар ахлуулсан ажлын хэсэг замын
компаний удирдлагуудын тавьсан санал, хүсэлтийг сонсож, замын ажлын
гүйцэтгэл 100 хувьтай байгаа компанид олгох хөрөнгийг энэ жилийн
төсвийн тодотголд суулгах, үлдсэн хэсгийг ирэх оны төсөвт суулгах боломж
бий болохыг судлан үзэхээр боллоо.
"Ардын эрх" сонин