Сонгогчдод сонгуулийн үнэмлэх тараахгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Сонгогчдод сонгуулийн үнэмлэх тараахгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Гэхдээ УИХ дахь намын бүлгүүдийн санал нэгдээгүй байгаа сонгуулийн тогтолцоо, квот зэрэг “эмзэг” асуудлаас энэ удаа тойрч гишүүдээс гаргасан саналын томъёоллуудаар санал хураасан юм. Ямар боловч 2012 оны сонгуулийг урьд өмнөх сонгуулиудын адил сонгогчдын 50+1 хувийн  ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцохоор боллоо. Эрх зүйн чадамжгүй, шүүхээр шийтгүүлэн ял эдэлж буй хүний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон бол холбогдох байгууллагад мэдэгдэх, сонгогчийн мэдээлэл түүний иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй зөрвөл иргэний бүртгэлийн холбогдох ажилтанд мэдээлэх зэрэг зүйл заалтыг Сонгуулийн хуульд тусгахаар боллоо. Гишүүн Д.Одхүү сонгогчийн баримтад нэг үсэг зөрсөн төдийгөөс болж сонгох эрхийг нь хасан хөөж явуулдгийг больж хурууны хээ, нэр зөрөхгүй бол санал өгүүлж байх ёстой хэмээж байлаа. Гишүүн Д.Лүндээжанцангийн хэлснээр сум бүрт 70-80 хүн иргэний бичиг баримтын зөрчлөөс болж 21 мянган төгрөгөө авч чадахгүй байгаа. Энэ нь санал өгөхөд ч нөлөөлнө хэмээж байв. Үүнд иргэн хүний буруу байхгүй тохиолдол ч бий. Жишээ нь, Рэнцэн гэдэг нэрийг баримт бичиг тус бүрт таван янзаар бичсэн нь ч байдаг гэнэ.

Ухаантай иргэний үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлэж тараах тул ирэх сонгуульд сонгогчийн үнэмлэх гэдэг зүйл байхгүй болох юм байна. Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн танилцуулснаар ирэх арванхоёрдугаар сард хоёр хэвлэх машин суурилуулж нэгэн зэрэг ажиллуулах гэнэ. Шинэ үнэмлэхийн өөрийн өртөг 10 мянган төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 орчим төгрөг. Үнэмлэхийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, 10 мянган төгрөгийг төсөвт суулгаж өгөх тул иргэдэд үнэгүй олгох юм байна.

Иргэний бүртгэл тааруу байсан үед сонгогчийн үнэмлэхийг сонгогчийн бүртгэл, урилга маягаар давхар зориулалтаар ашиглаж байжээ. Ингээд үүнийг ирэх сонгуулиас халахаар болж байна. Сонгуулийн хуулийн төслийг байнгын хорооны дарааагийн хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Үүний дараа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж