Өнгөрсөн баасан гарагт С.Берлусконигийн Засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалт явуулсан билээ. Хэдийгээр үр дүн нь яаж гарах бол гэдэг нь нэлээд эргэлзээ төрүүлж байсан боловч С.Берлускони олонхийн саналыг авч, суудалдаа тогтож үлдсэн юм. Үүний шалтгаан нь түүний тэргүүлж буй барууны үзэл баримтлалтай эвслийн Засгийн газрын нэр хүнд харьцангуй өндөр байгаатай холбоотой бололтой. Гэхдээ эдийн засаг тогтворгүй болохын зэрэгцээ сексийн дуулиануудад удаа дараа холбогдож байгаа учраас Италийн Ерөнхий сайдын рейтинг өмнөхөөсөө нэлээд буурчээ. Өнгөрсөн сард Италийн Наплес хотын шүүхээс тус улсын Эдийн засгийн сайд Жуолио Тремонтиг их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардаж байв. Гэвч Парламентын хуралдааны үеэр явуулсан нууц санал хураалтаар Ж.Тремонти олонхийн дэмжлэгийг авч, огцроогүй билээ. Тухайн үед Сильвио Берлускони үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Ер нь түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нар авлигын хэрэгт орооцолдох нь түгээмэл байдаг. Харин огцрох нь бага юм. Гэхдээ Италийн сөрөг хүчнийхний эсэргүүцэл хүчтэй байгаагаас гадна хамтрагчид нь хүртэл шүүмжлэх болсон С.Берлускониг хэзээ мөдгүй Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгнө гэх таамаг гараад байгаа. Уг нь түүний сонгуульт хугацаа 2013 онд дуусна. Харин С.Берлускони өөрөө сонгууль хүртэл албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй гэх байр суурин дээрээ хатуу зогсжээ. Өдгөө 75 настай түүний эсрэг шүүхэд дөрвөн хэрэг үүсгэсэн. Насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон болон авлига авсан гэх хэргүүд уг нь огцрох хангалттай шалтгаан болохоор байгаа. Олон улсын шинжээчид түүнийг хожим Ерөнхийлөгч болохоор зэхэж байсан нь бүтэлгүйтсэн хэмээн таамаглаж байна. С.Берлускони 1994 оны сонгуулиар ялалт байгуулсан цагаас хойш Италийн Засгийн газрыг тэргүүлэх болсон. Хэдийгээр “ардчилсан” хэмээн нэрлэгдэж байгаа ч коммунист засаглалаа хадгалж үлдсэн цөөхөн орны нэг нь Итали. Харин энэ “гавьяа”-г нь С.Берлускони дангаараа үүрдэг билээ.
Маш олон гэмт хэрэгт нэр холбогдож байсан С.Берлускони огцордоггүйн нэг шалтгаан нь өдийг хүртэл Италийн сөрөг хүчний хүч нөлөө сул байсантай холбоотой. Харин сүүлийн үед зүүний үзэл баримтлалтай намууд нь нэгдэж, зоригтой дуугарах болсон байна. Түүнчлэн Италийн эдийн засгийн байдал доройтсон нь иргэдийнх нь дургүйцлийг хүчтэй төрүүлж байгаа юм. С.Берлусконийн эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Хойд холбоо намынхан түүнийг 2013 он хүртэл Ерөнхий сайд хэвээр байна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Итали улс татвараа нэмэх, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгөө хумих замаар төсвөө 60 тэрбум евро буюу 83 тэрбум ам.доллараар танахаар зэхэж байгаа. Тус улсын дотоодын өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 120 хувьтай тэнцсэн. Италийн Засгийн газрын бондын хүү өдөр ирэх тусам нэмэгдэж, Евро бүсийн хэмжээнд тэргүүлэх болсон. Мөн залуусын дундах ажилгүйдлийн түвшин 28.5 хувьтай байгаа нь бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт болжээ. Хэн ч үр хойчоо өөрсдийнхөөсөө ядуу, дорой амьдруулахыг хүсэхгүй. Тийм учраас Ерөнхий сайдынхаа эсрэг босох италичуудын тоо ч нэмэгдэж байгаа бололтой. Италийн нэгэн хэвлэлд гарснаар С.Берлускони ирээдүйд юу хийх тухайгаа асуусан залуухан бүсгүйд “Чи хөөрхөн юм байна. Тиймээс баян хүнтэй гэрлэ” хэмээн зөвлөж байжээ. Гэвч ажилгүй, орлогогүй болох аюул аминд тулчихаад байгаа энэ үед италичууд түүний үгийг наргиан болгон хүлээж авах сөхөөгүй байна.
Италийн сөрөг хүчний улстөрчдийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон үймээнтэй холбоотойгоор тус улсын тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийг иш татаж, Дотоод хэргийн сайдын асуудлыг ингээд орхиж болохгүй хэмээн үзэж байгаа аж. Италийн тагнуулын байгууллагынхны мэдээлснээр олон арван мянган иргэнийг тэмцэлд уриалж, “Хар блок” хэмээн нэрлэгдэж буй жагсаалыг зохион байгуулахаар бэлтгэж буй анархистууд байгаа аж. Гэхдээ олон улсын агентлагуудын онцолж байгаагаар жагсагчдын дотор гадны иргэд цөөнгүй байсны дээр одоогоос 10 жилийн өмнө Женевт болсон Их наймын уулзалтын үеэр жагсаал зохион байгуулж байсан нүүрэндээ багтай хүмүүс дахин харагдаж эхэлснийг онцолсон байна. Италийн “Agi” агентлагийн мэдээлснээр жагсагчид багтай явж байжээ. Өнгөрсөн бямба гарагт болсон жагсаал Италид сүүлийн хэдэн жил тохиолдож байгаагүй томоохон үймээнийг дагуулсан тухай эрх баригчид нь сануулах болсон. Харин цагдаа нар сайн ажилласны үр дүнд хүний амь нас хохироогүй юм. Гэхдээ Италийн хүчний байгууллагуудыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл цагдаа нарын цалин маш бага байгаагаас болоод Засгийн газраа шүүмжилж эхэлсэн. Тиймээс дараагийн удаа тэд жагсагчдын эгнээнд орж болзошгүй. Харин Ром хотын захирагч Жяанни Алеманно ойрын нэг сарын хугацаанд хотын төвд жагсаал зохион байгуулахыг хоригложээ. Мөргөлдөөний улмаас учирсан хохирлын хэмжээ 2.5 сая евро буюу 3.4 сая ам.долларт хүрсэн байна. Уг нь энэхүү жагсаал харьцангуй тайван үргэлжилж байжээ. АНУ-ын санхүүгийн томчуудыг шүүмжилсэн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн хүрээгээ тэлж, 82 орны 951 хотод салбарласан. Тэдгээр жагсаалын ихэнх нь тайван замаар үргэлжилж, үймээн гаргахыг оролдсон цөөн хүнийг баривчилсныг эс тооцвол Италид гарсан шиг мөргөлдөөн бусад оронд хараахан үүсээгүй байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин