“Монголын иргэний агаарын тээвэр” компанийн хамгийн азтай захирлаар Ц.Орхоныг тодруулж болохоор үйл явдал өнгөрсөн даваа гарагт тохиолоо. Монгол Улс түүхэндээ анх удаа шинэ онгоцтой боллоо. Улсын төсвийн орлого төлөвлөснөөс давж, стратегийн ордууд эргэлтэд орж эхэлж байгаа энэ үе Монгол Улсын иргэдэд шинэ онгоцоор нисэх боломж олголоо. Мөн энэ эгзэгтэй үед МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Ц.Орхоныг азтай захирлаар нэрлэхэд хүргэж байгаа юм. Тэрбээр жил гаруйн өмнө МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалд томилогдсон бөгөөд түүнээс хойш компаниа өрнөөс салгахын тулд бүх л нөөц бололцоогоо дайчлан ажилласан билээ. Ажлаа авснаасаа хойш компанийнхаа үр ашгийг огцом нэмэгдүүлснийг түүний гүйлгээ ухаантайнх гэлцдэг. Өнгөрсөн сард хоёр ч удаа нислэг саатсан гэдэг үндэслэлээр техник, технологийн элэгдэлд орсон гэсэн онош тавиулаад байсан МИАТ-ийнхан “Бидэнд хамгийн гол нь зорчигчдын аюулгүй байдал. Анхааруулах дохио ассан л бол бид нислэгийг саатуулах ч эрхтэй” хэмээн хариулж байсан. Ийм хариуцлагатай газрын захирал нуруун дээрээ ямар их үүрэг, хариуцлага “ачиж” явдаг нь ойлгомжтой. Тэрбээр үүргээ сайн биелүүлж, хариуцлагаа ухамсарлаж байгаа нь ажлынх нь үр дүнгээс тодорхой харагдаж байна. Монголын нисэх хүчний 86 жилийн ойн баяр, иргэний нисэхийн байгууллага үүсэж байгуулагдсаны 54 жилийн ойн босгон дээр МИАТ компани «Бойнг-767» загварын шинэ онгоцтой болсон нь зөвхөн МИАТ-ийнхний биш монголчуудын баяр юм.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин