Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд өчигдөр “Худалдааны газруудад тавигдах шаардлага, шинэчлэх стандартын хэлэлцүүлэг” семинар амжилттай болж өнгөрлөө. Энэ ажлыг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны өмчийн газар, JICA зэрэг олон томоохон байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Энэхүү семинарын гол зорилго нь өнөөгийн худалдаа үйлчилгээний ерөнхий стандарт түүнд тавигдах шаардлага, шинэчлэл хийх зэргийг тусгаж өгснөөрөө онцлогтой. Монгол Улсын худалдааны байгууллага нь 90 жилийн түүхэн хөгжлийнхөө явцад дэлхийн хөгжлийн чиг хандлага, чөлөөт худалдааны нийтлэг зарчимд тулгуурлан гадаад, дотоод худалдааг хөгжүүлэх худалдааны томоохон тогтвортой бүтэц бүхий салбар болон хөгжиж байгаа. Өнөөгийн худалдаа эрхлэгчид тэдгээрт тавигдах шаардлага, эрх зүйн таатай орчинг бий болгох зорилгоор төр засгаас тодорхой асуудлуудыг шийдвэрлэж дэмжин ажиллаж байгаа аж. Манай улсад анх 2001 онд чөлөөт худалдааны тогтолцоонд нийцүүлэн “Худалдааны газрын үйлчилгээ” MNS 5021:2001 стандартыг боловсруулан мөрдөж эхэлсэн аж. Энэхүү стандартыг 2004, 2007 онуудад шинэчлэн боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь худалдаа үйлчилгээг шинэчлэх, хурдасгах хөшүүрэг болохгүй байгаа ажээ. Энэхүү 2007 оны MNS 5021:2004 нь дутагдалтай бөгөөд зарим нэг заалтуудыг тусгаж өгч чадаагүй учраас худалдаа үйлчилгээний салбарт шинэчлэл зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Зарим нэг зүйл дээр худалдааны стандарт оновчтой хэлбэрээр хэрэгжиж чадахгүй байна. Монгол Улс худалдааны салбарт шинэчлэл хийхэд зарим нэг хүндрэлтэй тал байдаг аж. Энэ нь манай улсын худалдааны ёс заншил, уламжлал болон Монголын өнөөгийн байдалтай нягт холбоотой. Дээр дурьдсан 2007 оны стандартын шинэчлэл нь худалдааны хэв маягт хэт ерөнхийлсөн байдлаар тусгалаа олсон байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор стандартын шинэчлэл хийх ажлын хэсэг жилийн өмнөөс эхлэн ажиллаж эхэлсэн байгаа аж. Энэ ажлын явцад хүндрэл бэрхшээл их гардаг байна. Нэгдсэн стандартад нийцсэн худалдааны эрүүл, аюулгүй, тохилог орчинг бий болгохын тулд дан ганц Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Стандартчилал хэмжилзүйн газар бус, худалдан авагчид ч хамтран ажиллах учиртай. Ингэснээр худалдаа үйлчилгээний стандарт сайжирч олон улсын тавцанд нийцэх худалдааны салбартай болохыг зорин ажиллаж байгаа аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Ж.Ариунаа: СТАНДАРТЫН ҮНЭЛГЭЭГ 90-95 ОНООГООР ДҮГНЭЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОНО
-Энэхүү стандартын шинэчлэлтийг хийхээр жилийн өмнөөс ажлын хэсэг гарган нэлээд ахицтай ажиллаж байгаа. Зарим нэг хүндрэл бэрхшээл гарч байна. Тодорхой стандартад нийцүүлж хуулийн заалт гаргахад дан ганц Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүч хүрэлцэхгүй. Тиймээс хувь хүн, албан байгууллага хамтран ажиллаж амжилтад хүрэх учиртай. Иргэн өөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг бодож стандартад нийцсэн худалдааны нэгжээр үйлчлүүлдэг байх нь бидний ажилд тус болж байгаагийн тод илрэл болно. Бид ажлын хэсгээрээ дамжуулан тодорхой дүгнэлтэд хүрсэн. Тодорхой стандартад нийцсэн аж ахуйн нэгжид зөвшөөрлийг 90-95 онооны хооронд дүгнэж олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь худалдааны салбарт нэг том шинэчлэл болж чадна гэж найдаж байна.
МХЕГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын улсын байцаагч Д.Ургамал: ХУДАЛДААНЫ СТАНДАРТ НЬ ЗӨВХӨН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ БУС
-Аливаа худалдааны байгууллагын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд хяналтын байгууллагын гаргасан шийдвэрийг ухамсарлаж хүлээн авах үгүй нь тухайн байгууллага, хувь хүний асуудал. Бид хэчнээн шалгалт хийгээд хяналт тавьсан ч тухайн аж ахуйн нэгж стандартад нийцэхгүй бараа бүтээгдэхүүн гаргахгүй гэсэн баталгаа байхгүй. Нийслэлд одоогийн байдлаар нийт 37 ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ байна. Эдгээр нь эрүүл ахуйн болон худалдааны стандартад нийцээгүй. Энэ тал дээр манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар арга хэмжээ авч хяналт шалгат хийж байгаа. Гэвч ТҮЦ-ээр үйлчлүүлэх эсэх нь хувь хүний асуудал. Үүнийг ухамсарлаж худалдаа хийхгүй байх нь бидний ажилд том дэмжлэг болж байна гэсэн үг. Ингэснээр бид олон улсын түвшинд хүрсэн стандарттай болж чадна.
Э.Баясгалан"Улс төрийн тойм" сонин