Тэнгэр ”эсгэсэн” амжилт

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Тэнгэр ”эсгэсэн” амжилт

МИАТ компанийнхан “Боинг 767-300” загварын шинэ онгоцоо хү­лээн авчээ. АНУ-ын “Air Lease” корпо­рациас оруулж ирсэн энэхүү онгоц нь бизнес ангиллын 18, энгийн 245, нийт 263 хүний суудалтай аж. Харин газарт буухгүйгээр 11 мянган км нисэх чадвартайгаараа бусад загварын он­гоц­оос давуу талтай юм байна. Шинэ агаарын хө­лөг­тэй болсноор МИАТ компани “Боинг” загварын нийт дөрвөн онгоцтой болж байгаа юм. “Боинг 767-300” загварын он­го­цоор тогтмол нислэг хийхийн зэ­рэг­цээ захиалгаар нислэг үйлдэх аж. Ингэхдээ аялал жуулчлалын бүс нутаг болох Дубай, Саньяа, Син­гапур, Ханой, Бангкок, Чэжү рүү нислэг үйлдэхээр төлөвлөжээ. МИАТ-ийнхан 1997 онд үйлдвэрлэсэн уг онгоцыг 245.500 ам.доллараар түрээсэлж буй. Нэг жилийн хугацаанд хоёр онгоц хүлээн авсан тохиолдол манай улсын хувьд байдаггүй. Ийм амжилтыг МИАТ-ийнхан үзүүлж, түүхэнд тэмдэглэхүйц том үйл явдал боллоо. Өмнөх онтой харьцуу­лахад тус компанийн зорчигч тээ­вэр­лэлт 35 хувиар нэмэгджээ. Тий­мээс цаашид парк шинэчлэлийг хийх тө­лөвлөгөөтэй байгаа аж. Энэ хү­рээнд “Боинг” компаниас 2013 онд “Боинг 767-300”, 2015 онд “Боинг 737-800” загварын нийт гурван онгоц ху­­далдаж авахаар гэрээ хийжээ. Мөн нисэх бүрэлдэхүүн, бүхээгийн ба­гийн болон инженер, техникийн ажилтнуудыг “Боинг 767-300” загва­рын агаарын хөлгийн сургалтад хам­руулан ажиллаж байгаа юм байна. Ийнхүү тэнгэр “эсгэсэн” амжилтаар дүүрэн яваа МИАТ-ийнхан шинэ он­гоцтой болсон нь Монголын агаа­рын тээвэр бүр  цаашлаад эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй үйл явдал юм.

“БОИНГ 767-300” ОНГОЦНЫ ТУХАЙ

“Боинг 767-300” онгоц нь дэлхийд нийт 621 үйлдвэрлэгдсэнээс 589 нь нислэгт ашиглагдаж, 32 онгоц нь парк шинэчлэлд орж ашиглалтаас гарчээ. Уг онгоцны хөдөлгүүр нь JT9D, PW4000-94, CF6-80A, CF6-80C2 гэсэн дөрвөн төрөлтэй аж. 1980-аад оны үед үйлдвэрлэгдсэн нийт онгоцны дийлэнхийг нь 25 мянга болон түүнээс олон нислэг үйлдсэн онгоц давамгайлж байна. Мөн нийт үйлдвэрлэгдсэн PW4000 хөдөлгүүртэй онгоцноос 12 нь Дельта Эйрлайн, Эйр Чайна, Шанхай эйрлайн зэрэг авиа компаниуд ашиглаж байсан. Үүнээс 10 онгоц нь үйлдвэрлэгдээд 20 жил буюу 25000-37000 удаагийн нислэг хийсэн тул ашиглалтаас гараад байгаа юм. “Боинг 767-300” онгоц нь хөдөлгүүрийн хувьд STD, EM, ER гэсэн гурван төрөл байдаг. Мөн энэ нь дотроо CF6-80A, CF6-80C2, JT9D-7R4, PW4000-94, RB211-524 гэсэн төрлүүдтэй аж. Зорчигч, үйлчилгээнд ашиглаж буй эдгээр 500 гаруй “Боинг 767-300” онгоцноос 1988 онд анх засвар үйлчилгээ хийж байжээ. Харин хамгийн анх үйлдвэрлэсэн “Боинг 767-300” онгоц нь 23 жилийн насжилттай байв. Уг 500 гаруй онгоцын 300 нь хөдөлгүүрийн хувьд CF6-80C2, 169 нь PW4000-94 хөдөлгүүрээр, 31 нь RB211-524 хөдөлгүүрээр тус, тус тоноглогджээ. Мөн “Боинг 767-300ER” онгоцны хоёр төрлийн онгоц хоёрдогч зах зээлд нэлээд түгээмэл ба худалдаалах, богино хугацаанд түрээслэх нь хамгийн тохиромжтой аж.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж