Зар тавьсных нь маргааш нэгэн охин түүнтэй ярьжээ. “Хөдөөнөөс ирсэн. Сэтгэл сайтай, ажилч хичээнгүй” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм байж, өнөөх охин. Хөдөөнийхөн ч нээрээ ажилсаг, сайн хүмүүс байдаг даа гэж бодсон танил маань түүнийг гэрийн үйлчлэгчээр авчээ. Охин хөдөөнийх учраас угаалын машин ажиллуулж мэддэггүй болж таарав. Насаараа хувцсаа гараараа угаасан гэж бодохоор ажилсаг л байж таарах нь. Тэгээд ч сайн хүн олдохоо больсон өнөө цагт энэ асуудал биш. Эзэгтэй охинд зориулж цаг гарган ахуйн хэрэгсэлтэй хэрхэн харьцах талаар зааж өгчээ. Охин дэвтэр, үзэг барьж аваад хэлсэн үгийг нь хичээнгүйлэн бичиж авав. Хөдөөний охины “диффект” үүгээр дуусаагүй байна. Угаалгын нунтаг, хувцас зайлагчийн тухай ойлголт түүнд байсангүй. Эзэгтэйн хичээл ч угаалгын машины тухай яриагаар өндөрлөсөнгүй. Өнгө, өнгийн хувцсыг нь хольж угаасны балгаар эзэгтэйн цасан цагаан цамц тэр гэхийн тэмдэггүй олон өнгөөр солонгорсон эд болсон байх жишээтэй. Сүүлийн хэдэн хоногт өөрийгөө сайн багш гэж боддог болсон танил эзэгтэй маань цагаан цамцаа золиосонд гаргахаар шийдлээ. Дүүрсэн хэрэг. Гэтэл хөдөөний охин хувцас индүүдэх гэдгийг “Хувцас түлэх” гэж ойлгодог байсан нь илэрчээ. Нүдэн дээр нь хувцаснуудаар нь тоглож байгаа үйлчлэгчээ хараад эзэгтэй “Тэр бол хөдөөний сайн хүн” хэмээн амандаа дахин давтан хэлж, өөрийгөө тайвшруулж байлаа. Тэгээд зав л гарвал үйлчлэгч охинд ойр зуурын зүйл зааж өгөхөөр яаравчилна. Нэг мэдэх нь ээ, гэрээ ч өөрөө цэвэрлэдэг болж. Ажлаа ч амжуулдаг болж. Энэ хооронд үйлчлэгч охин буйдан дээр тухлан суугаад хичээлээ идэвхтэй үздэг байжээ. Гэвч танил маань энэ тухай надад ярьсны маргааш нь үйлчлэгчээ ажлаас нь халснаа хэлсэн юм. “Яагаад вэ, тэр чинь сайн хүн биш гэж үү” гэхэд “Ширээн дээр тавьсан түрийвчнээс мөнгө авдаг хүн яавч сайн хүн байж таарахгүй юм шиг санагдаад” хэмээн харамсангуй тайлбарласан билээ. Юу ч хийж чаддаггүй, юу ч мэддэггүй, хөдөөнөөс ирсэн үйлчлэгч охин ядаж сайн хүн ч биш байжээ.
Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч авна гэх зар хаа сайгүй харагддаг болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, гэрийн үйлчлэгчийн ажлын байрны эрэлт их байгаа гэсэн үг. Цаг, нартай уралдан ажилладаг эхнэрүүд орой гэртээ ирээд унтах хүртэлх жаахан цагаа хувцас угааж өнгөрүүлмээргүй санагдах үе олон. Шинэ цагийн Монголд ийм дүр зураг бий болоод удаж байна. Мөнгө, санхүүгийн хувьд боломжтой нэгэн нь энэ бэрхшээлийг хялбархан шийдвэрлэж, ар гэрээ үйлчлэгчид даатгадаг болж. Гэтэл гадны орнуудад тусдаа мэргэжил болчихоод байгаа гэрийн үйлчлэгчийн тухай ойлголт ажил хийж, мөнгө олох хүсэлтэй хүмүүсийн дунд дутуу, дулимаг байдаг бололтой. Монголд гэрийн үйлчлэгч бэлтгэн гаргадаг 5-6 сургалтын төв байдаг гэх юм билээ. Гэхдээ тэнд хэдхэн хоног сурч, сертификат авсан хүмүүс дээр өгүүлсэн танилын маань “сайн” үйлчлэгчээс тийм ч их ялгардаггүй гэх. Харин Англид энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг алдартай сургуулиуд олон байна. Ийм орнуудын нэрс Англиар дуусахгүй нь ч мэдээж хэрэг. Тэд гэрийн үйлчлэгчийн “чанар”-ыг эрхэмлэдэг. Сайн үйлчлэгч нь бүр тэр айлынхаа гэр бүлийн нэг гишүүн болж, өв хөрөнгийг нь өвлөж авсан тохиолдол ч хэвлэлийн хуудаснаа үе, үе харагддаг билээ. Гэтэл манайд өөр шүү. Хүмүүс “Пээ. Гэрийн үйлчлэгчтэй болсон юм уу. Болгоомжтой байгаарай даа” гэж нэг нэгэндээ сэрэмжлүүлэх хэмжээнд байна.
Монголд өнөөдрийн байдлаар 10 мянга орчим айл гэрийн үйлчлэгч авч ажиллуулдаг гэх албан бус тоо бий. Тэдний нэлээд хувь нь Филиппинээс ирсэн хүмүүс байдаг аж. Ажилгүй монголчуудаа тэтгэх санаагүй муусайн юмнууд гэж хараагаад хэрэггүй. Учир нь гэрийн үйлчлэгчээр ажилд орсон монголчууд олигтой юм хийж чаддаггүй хэрнээ чөлөө авч, санал гомдол их тавьдаг гэнэ. Уг нь 2002 онд гэрийн үйлчлэгчийн цалин сард 120 мянган төгрөг байсан бол одоо энэ тоо өсч, 500 мянгад хүрсэн. Гэтэл үүнийг дагаад “Хүүхдийг нь унтуулахын тулд нойрны эм өгсөн”, “Гэрт нь гал тавихаа шахсан”, “Хамаг эд хөрөнгийг нь хамж аваад явчихсан” гэх хэргүүд гэрийн үйлчлэгчийг тойрон мэр сэр гарсаар байна.
Хонконгийн нэгэн дүүрэгт барааны захын байнгын харилцагчид нь Филиппинээс ирсэн гэрийн үйлчлэгчид болжээ. Тэд эелдэг, найрсаг зантай, бас тэнд гэрийн үйлчлэгчээр олон жил ажиллах баталгаатай. Энэ бүхнийг анзаарсан сүйхээтэй нэгэн нь тэдэнд зориулж, бүхэл бүтэн зах байгуулсан тухай мэдээлэл бий. Сайхан байгаа биз. Гэрийн үйлчлэгч гэх ажлын байрыг дагаад өөр олон зүйл бий болдог байх нь. Гадны орнуудад энэ ажлыг ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүс хийдэг аж. Тэд нас тогтсон, аливаа зүйлд нямбай ханддаг, айл гэрийн амьдралыг үймүүлдэггүй, төлөв даруу байдаг учраас тэр. Харин манайд гэрийн үйлчлэгчийн ажлыг хийх сонирхолтой хүмүүс ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн, 18-40 орчим настай эмэгтэйчүүд байдаг гэх. Монголд гэрийн үйлчлэгч бэлтгэдэг нэгэн сургалтын төвийн мэргэжилтэн “Чамд май гэж өгөөгүй бол чи тэр гэрээс юу ч авч, юуг ч хөдөлгөж болохгүй” хэмээн сурагчдаа заасан тухайгаа ярьсан байдаг. Уг нь тэд зах зээлээ соргогоор мэдэрч, сайн гэрийн үйлчлэгч бэлтгэхийг хичээж байгаа боловч бас л дутуу л байна даа.
"Улс төрийн тойм" сонин