Монголын Ногоон нам байгуулагдаад 20 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд элдэв маргаангүй, улс төрийн хурц асуудалгүй байсан энэхүү нам “Иргэний Зориг намтай нэгдэж УИХ-ын 2012 оны сонгуульд оролцоно” гэх шийдвэрийг гаргасны дараа мэтгэлцэж эхэлсэн. Монголын Ногоон намын дарга Д.Энхбат /Улсын дээд шүүхийн шийдвэрээр намын дарга Д.Энхбат бус С.Маам гэдэг хүн болсон/ Иргэний Зориг намтай нэгдэх хэрэгтэй гэж шийдэн намынхаа есдүгээр Их хурлыг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд хийсэн юм. Гэтэл намын Бага хурлын гишүүн Ц.Монгол, Д.Басандорж, О.Бум-Ялагч, Ч.Түвшинбаяр нар ИЗН-тай нэгдэхийг зөвшөөрөөгүй аж. Бага хурлын 21 гишүүний дөрөв нь хэдий зөвшөөрөөгүй боловч олонхиороо “Иргэний Зориг намтай нэгдэхийг дэмжиж байна” хэмээн гар өргөжээ. Үүнээс үүдэн Монголын Ногоон намд гишүүдийн үл ойлголцол бий болсон нь энэ юм. Д.Басандорж, О.Бум-Ялагч нарын хүмүүс “Иргэний Зориг намтай нэгдсэнээр Монголын Ногоон намыг устгах гэж байна. Тиймээс бид намаа өөрсдөө авч үлдэнэ” хэмээн тэмцэлд уриалсан билээ. УИХ-ын гишүүн Д.Энхбатын талынхан УИХ-ын гишүүн С.Оюунтай нэгдэхээр Дээд шүүхтэй “зууралдаж” байх зуур Монголын Ногоон намын эсэргүүцэгч зарим гишүүн их хурлаа хийн намын дарга Д.Энхбатыг хөөх шийдвэр гарган орных нь хүнийг томилов. Тэгээд намын их хурлаа дүрмийн дагуу явуулсан гэдгийг батлахын тулд Улсын дээд шүүхэд хандлаа. Дээд шүүх тэдний бүрдүүлсэн материалыг таван удаа буцаасны эцэст “Өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр хуралдсан Монголын Ногоон намын ээлжит Их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь Улс төрийн намын тухай хууль болон тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй” гэсэн дүгнэлт гаргав. Энэ нь нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүн Д.Энхбат бол Монголын Ногоон намын дарга биш. Тиймээс Иргэний Зориг намтай нэгдэх эсэх нь хувь хүний эрх болж хувирч байна. Дээд шүүхийн шийдвэрээр Монголын Ногоон намын дарга С.Маам намын тамга, тэмдгээ 24 цагийн дотор УИХ-ын гишүүн Д.Энхбатаас авахыг хүсчээ. Хүсэлтийнх нь дагуу өчигдөр өгөх ёстой байв. Тиймээс энэ асуудал юу болж байгаа талаар Монголын Ногоон намын Бага хурлын гишүүн, Улаанбаатар хотын салбар зөвлөлийн дарга О.Бум-Ялагчаас тодрууллаа. Тэрбээр “Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихлаа. Д.Энхбат намын дарга биш гээд. Тиймээс бид тамга, тэмдгээ авах хүсэлт гаргасан. Хэрэв өгөхгүй бол бид хуулийн байгууллагад хандаж, дараагийн арга хэмжээгээ авах болно. Д.Энхбат өөрөө “Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл би Монголын Ногоон намын дарга” гэж хэлж байсан шүү дээ. Харин Монголын Ногоон намыг татан буулгаж Иргэний Зориг намтай нэгтгэнэ гэсэн асуудал байхгүй. Д.Энхбат тэдэнтэй нэгдэх эсэх нь өөрийнх нь асуудал. Ямартай ч бид тамга, тэмдгээ авах болно” гэлээ. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Д.Энхбат энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулахаар Монголын Ногоон намын байр руу очлоо. Тэнд очиход намын Бага хурлын гишүүд намд нь үүсээд байгаа асуудлын талаар ярилцаж байсан юм. Энэ үеэр Монголын Ногоон намын Бага хурлын гишүүн З.Ганбаатар “Тэд намыг төлөөлж буй Бага хурлын гишүүдийг уландаа гишгэж, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явууллаа. Энэ нь олонхиороо шийддэг ардчиллын зарчим үгүй болсныг харуулж байна. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ-аас асууна. Нэхээд байгаа тамга, тэмдэгийг нь бид хэзээ ч өгөхгүй. Тэдэнтэй тэмцэх болно” хэмээв. Монголын Ногоон намын Бага хурлын гишүүд ийн ярилцсаны дараа Улсын дээд шүүхэд шаардлага хүргүүлэхээр хөдөлцгөөсөн юм. Дээд шүүх дээр очиход хамгаалагч нар нь “Шүүгч байхгүй” хэмээн оруулахгүй байсан тул УИХ-ын гишүүн Д.Энхбат ганцаараа оров. Гэвч Д.Энхбат гишүүн “Байгаа ганц шүүгч нь энэ талаар мэдэхгүй байна” гэсээр гарч ирлээ. Уг маргаан намын гишүүдийн нэрээ булаацалдахаас илүүтэй Улс төрийн намын тухай хуультай холбоотой болж байгааг үйл явц харуулж байна. Ийнхүү Монголын Ногоон намд улс төрийн халуун үйл явц өрнөж, тамганы “дайн” дэгдлээ.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин