Бахархмаар, өрөвдмөөр хувь тавилангийн үргэлжлэл

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Бахархмаар, өрөвдмөөр хувь тавилангийн үргэлжлэл

“Зарим нэг нь орчлонг орхисноосоо хойш бүдгэрэн арилдаг бол зарим нь зүлгэх тусам өнгө орон гялалзах эрдэнийн чулуу мэт тодорч, хийж бүтээж явсан үйл хэрэг нь ялгарч, амьд сэрүүндээ хэлж, анхааруулж байсан бүхэн нь үлдсэн хүмүүсийнхээ орой руу ордог”  гэдэг.  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сан­жаа­сүрэнгийн Зориг энэ хор­­воог орхиод 12 жил болсон ч түүний хэлж, хийж байсан бүхэн нь бүдгэрээгүй билээ. Тиймээс энэ удаагийнхаа “Нэ­гэн гэр бүлийн түүх” бу­ланд  Ц.Санжаасүрэнгийнх хэ­мээх гэр бүлийн түүхийг нийт­лэн хүргэж байна. Ц.Санжаасүрэнгийнх хэ­мээх энэ гэр бүлийн түүх бахархмаар атлаа өрөвд­мөөр. Түүний эх­нэр Г.Дорж­палам  амьд сэрүүн ахуй­­даа хагацлын гашуун зов­лонд нухлуулж явсан нэгэн. Тэр­­бээр Оросын нэрт эрдэмтэн, мон­голын анхны газрын зур­гийг зо­хиогч, монгол судлаач А.Д.Си­му­ковын охин юм. С.Зоригийн өвөө А.Д.Си­муков нь монголоор сайн ярьдаг, монголжсон хүн байсан учир ту­хайн үеийн сэхээтнүүд “Шар Дамдинсүрэн” хэ­мээн дот­носдог байсан гэдэг. А.Д.Симуков Петербургийн их сургуульд суралцаж байхдаа Козловын экспедицэд оюутан эл­сүүлж авах шалгалтад тэнцэж, 1923 онд анх Монгол Улсад хөл тавьж байжээ. Тэрбээр Монголын анхны газрын зургийг бүтээж 1934 онд хэвлүүлсэн байна. Тухайн үед түүний бүтээсэн газрын зургийг “Симуковын ногоон зураг” гэж нэрлэдэг байж. 1938 онд түүнийг хилс хэргээр баривчлах үед эхнэр нь хоёр охинтой үлдсэний бага нь болох Г.Доржпалам нэг настай байсан аж. А.Д.Симуковыг баривчилсны дараахан эхнэр нь бага охиноо Цэнд хэмээх Монгол эмэгтэйд үлдээгээд том охиноо дагуулан нутаг буцсанаар Г.Доржпаламын Монгол Улсын иргэн болсон түүх эхэлжээ. Харин түүний эцэг А.Д.Симуковыг 1942 он хүртэл хорьж байгаад цаазалсан аж. Г.Доржпаламыг 15 настай байхад нь Монгол ээж нь нас барж, орь ганцаар үлдсэн тэрбээр арван жилийн сургуулиа төгсөж Монгол улсын их сургуулийн анагаахын ангид оржээ. Түүний яг энэ үедээ тоглосон Монголын уран сайхны “Сэрэлт” кинонд бүтээсэн орос эмчийн дүрээр нь монголчууд мэднэ. Тэрээр кинонд тоглохоос гадна амьдралынхаа хань Ц.Санжаасүрэнтэй танилцаж, С.Баяр, С.Зориг, С.Оюун хэ­мээх гурван хүүхэдтэй болж, Ц.Санжаасүрэнгийнх хэмээх айлын голомтыг бадраажээ. Өрхийн тэр­гүүн Ц.Санжаасүрэн нь  Монгол улсын их сургуулийн декан, Бо­ловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан нэгэн. Тиймээс ч тэдний гэр бүлийн түүх Монгол улсын их сургуультай салшгүй холбоотой.

Том хүү С.Баяр нь Монгол улсын их сургуулийн сэтгүүлзүйн ангийг төгсөж, дунд хүү С.Зориг нь 1980-аад оны сүүлчээр Монгол улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онолын танхимд баг­шилж байсан юм. Тиймээс ч Монгол улсын их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн Улс төрийн танхимыг С.Зориг агсны нэрэмжит болгосон гэдэг. С.Зориг энэ л сур­гуулиас улстөрчийнхөө гарааг эхэлж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах үйлсийг эхлүүлж байсан түүхтэй.

“Сартай шөнийн намуун үдэш
Сайхан чамайгаа тэвэрсээр
Сэтгэл хайр хоёроо
Сарнай чамдаа зориулна
” хэмээн үг, аяыг зохиогоод банзан гитар дээр тоглон  дуулж явсан, шатар гэхээр яахаас ч буцдаггүй байсан шавилхан залууг хэрцгийгээр хөнөөлгөнө чи­­нээ хэн ч тухайн үед төсөөлөөгүй биз ээ.

С.Зориг Ардчилсан хувьсгалын үед Сүхбаатарын талбай дээр болсон  цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар манлайлан зохион байгуулж, иргэ­дийг өөрч­­лөлтөд уриалж байсан юм. Түү­ний хүчин зүтгэлээр 1990 оны  гуравдугаар сард тэр үеийн эрх баригч МАХН-ын Төв Хороо бү­рэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Мон­голын түүхэнд ши­нэ үе эхэлж, ардчиллын салхи сэвэлзсэн юм. Тухайн үед түүнийг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байхад “Дөчин мянгатын атаман, даргын хүүхэд” хэмээн хочилж, хийж буй үйлдэлд нь дургүйлхэж, занал­хийлж, буруушаасан хүмүүс гэ­рийнх нь утсыг амраадаггүй бай­сан гэдэг. Үүгээр ч үл барам С.Зо­ригийг хутгалуулсан, ээжийг нь хүнд алуулчихлаа гэх зэрэг мэдээлэл байнга шахам гардаг байв. Гэсэн ч С.Зориг зориглосноосоо ухраагүй юм. Түүний тууштай зангийн талаар ах С.Баяр нь “Зоригоо нэлээд эрх танхи, их хор шартай хүүхэд байсан. Ямартаа л ээжийг тариагаар тарихад нь Оюун бид хоёр үг дуугүй тариулж байхад Зориг л гартаа том цаг атгачихаад “Хэрэв намайг тарьвал энэ цагийг эвдэнэ шүү хэмээн орон дороос гардаггүй байж билээ” хэмээн дурссан байдаг. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь Засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан юм. Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуульд Н.Багабанди ялж, 1998 оны зургаадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаасан. Харин дараагийн Ерөн­­хий сайдаар томилуулахаар Ард­­чилсан Холбоо эвслээс нэр дэв­шүүл­сэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн то­дотголтойгоор дөрвөн сар ажиллаж байсан бөгөөд С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьж байсан гэдэг. Яг тэр үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн юм. Эл хэрэг болсноос хойш гурван хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж, Монгол Улс даяар гашуудал зарлаж байсан билээ. Түүний ийм тууштай, зоригтой зан одоогийн улстөрчдөд үгүйлэгдэж “Би Монгол хү­ний саруул ухаанд итгэдэг” хэмээх үгээр нь ард түмэн дутаж, дотны анд Б.Дэнзэнгийнх нь урласан хө­шөө Монголын төрөөс хариулт хүлээсээр. 

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа “Нялцгай шар” хэмээх   хочтой байсан парламентын гишүүн С.Оюуныг тулааны урлагийн хар бүстэй УИХ-ын хоёрхон гишүүний нэг болсонд “ангийнхан” нь багагүй гайхдаг гэнэ. Тэрбээр Англид суралцаж байхдаа тулааны урлагаар хичээллэж каратегийн хар бүстэй болсон аж. С.Зориг ахыгаа нас ба­рах үед тэрбээр мөн л Англид бай­жээ. Тэрбээр1992-1996 онд Анг­лид Кембрижийн их сургуулийн аспирантурт тэтгэлгээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан. Сур­гуулиа төгсөөд  1996 онд “Рио Тинто” компанид төслийн геологичоор ажилд орж, гурван жил ажилласан юм байна. 1998 оны аравдугаар сарын 2.  Гашуудлын мэдээг сонсоод эх орондоо ирж байсан түүний толгойд “Улс төрд орно” гэсэн бодол огт байсангүй. Харин “Зоригийн фракц”-ийнхны ятгалгаар улс төрд хөл тавихаар болж, УИХ-ын 1998 оны сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулжээ. Түүнийг “ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэж УИХ-д сонгогдчихоод шинэ нам байгуулж, олон намтай “салж, нийлсэн” хэмээн шүүмжлэх нь ч бий.  Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд УИХ-ын дэд дарга, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан тэрбээр одоо УИХ-ын гишүүнээс гадна Хромсомын өөрчлөлтэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүнээр ажилладаг. Тэрбээр яг л ээж шигээ хоёр хүү нэг охинтой юм. Түүний нэг хүү нь дауны хам шинж илрэх өвчтэй учраас ийм төрлийн өвчтэй хүүхдүүдэд туслахаар зовлон нэгт хүмүүстэй нэгдэн дээрх санг ажиллуулж байгаа аж. Тус сангийнхан нь Дауны төвийг цогцолбор хэлбэрээр “Найрамдал” зуслангийн ойролцоо   байгуулахаар ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Оюун улс төрийн амьдрал гэсээр хувийн амьдралаа хожуу зохиосон. Тэрбээр “Амрагийн дуу”, “Цэргийн вальс” дуугаар нэрд гарсан Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Цэрэнпилийн бэр. Түүний нөхөр Ч.Энхбаяр нь “С.Зоригийн фракц”-ийнхантай түүнийг ятгаж улс төрд оруулж байсан гэдэг. Ч.Энхбаяр сэтгүүлч мэргэжилтэй ч одоогоор хувийн бизнес эрхэлж байгаа юм. Тэдний хүүхдүүдийг С.Баяр ахынх нь хүүхдүүд хардаг бөгөөд С.Баяр ах нь Зориг сангийн үйл ажиллагааг хариуцдаг. Дашрамд дурьдахад С.Оюун гишүүний том ах С.Баяр нь Монгол улсын их сур­гуулийн сэтгүүл зүйн ангийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд Москва хотод мэргэжил дээшлүүлж, МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонинд ажиллаж байв. Саяхныг хүртэл Стратеги судалгааны төвд ажиллаж байсан юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж