Оюутолгойд 12 мянган монгол хүн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойд 12 мянган монгол хүн ажиллаж байна

Оюутолгойн гэрээ хам­тарсан Засгийн газрын нас­­жилтад “заналхийлж” бай­­гаа мэт ойлголт ний­гэмд хэдийнэ тархжээ. Тод­руул­бал, Засгийн газрын гур­ван сайд Оюутолгойн гэ­рээнд гарын үсэг зурсан. Гэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу холбогдох заалтуудыг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсныг ард түмэн мэдэж байгаа. Харин гэрээ байгуулснаас хойших хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар ч хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа 250 сая ам.доллараа авч дуусгасан. Үүнтэй зэрэгцэн улстөрчид ч Оюутолгойг дэлхийд байхгүй муу, мулгуу гэрээ болсон мэтээр шүүмжлэх болсон юм. Шүүмжлэл даамжирсаар “Хөрөнгө оруулагчидтай бай­гуулсан гэрээндээ өөрчлөлт оруу­лаад ир” хэмээн эгээ л “Алтан загасны эмгэн” мэт аашилж, гэрээ байгуулсан гурван сайдыг нүүрийг нь “улалзуулан” хөөж, шаард­лага хүргүүлсэн билээ. Харин гэрээ байгуулсан хоёр тал эцэст нь хамтарсан мэдэгдэл гаргасан.

Энэ хооронд “Рио Тинто”-ийн хувьцааны ханш хэрхэн буурч, “Гэрээнд өөрчлөлт орохгүй” гэсэн шийдвэр гарсны дараа яаж өссөнийг ч хэвлэлүүд мэдээлж байв. Товчхондоо улстөрчдөд гэрээний биелэлт ямар байгаа нь сонин биш, гэрээ байгуулсан учраас Засгийн газрыг буруутгах нь чухал байсан мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Таатай мэдээ дуулгахад Оюутолгой төслийхөн Монголын Засгийн газартай байгуулсан гэрээнд тусгаснаас илүү тооны монголчуудыг ажиллуулах болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу Оюутолгой төслийн ажиллах хүчний 60 хувь нь монголчууд байхаар гэрээнд тусгасан. Харин өнөөдөр монгол ажилчдын тоо нийт ажилчдын 63,34 хувьтай тэнцэж байна хэмээн “Оюутолгой” ХХК-ийн сайтад мэдээлжээ.

Оюутолгой төслийн талбайд өнөөдөр 7710 хүн ажиллаж байгаагаас 500 орчим нь нийслэл болон бусад аймгаас хүрэлцэн ирсэн аж. Мөн тус компанийн тэтгэлэгт хөтөлбөрт 3300 залуус хамрагдан суралцаж байгаа юм. Дашрамд дурьдахад дээрх тоо Оюутолгой төслийн “Монголчуудад давуу эрх олгох санаачилга” хөтөлбөрийн үр дүнг илтгэн харуулж байна. Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчдийн жагсаалтад 1000 гаруй дотоодын компани бүртгэлтэй байдаг. Төслийн үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар зарцуулаад байгаа нийт 2.5 тэрбум ам.долларын нэг тэрбум нь Монголын ханган нийлүүлэгчдэд очсон гэсэн таатай тоог тэд хэлж байна.

Мөн Өмнийн говьд дэд бүтцийн 12 төсөл хэрэгжиж буйн тавыг нь Монголын компаниуд 100 хувь бие даан хэрэгжүүлж байгаа юм. “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч Камерон МакРей “Оюутолгой төсөл зорилтот хэмжээнээсээ давж гарсан тооны монгол ажилчидтай байгаа тухай мэдээ нь манай компани монголчуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн биелүүлж чадаж байгааг батлан харуулж байна” гэсэн байна. Мөн тэрбээр “Оюутолгой төслийн үйл ажиллагаа Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу явж байгаа. Гэрээгээр төслийн барилгын ажлын явцад нийт ажилчдын дор хаяж 60 хувь нь, уурхайгаас олборлолт хийж эхлэх үед нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байх учиртай. Бид монгол компаниудад ур чадвар, шинэ мэдлэг олгож байгаа бөгөөд энэ нь аль аль талдаа ашиг тусаа өгнө” хэмээжээ.

Манай улстөрчид үнэхээр улс орныхоо эдийн засгийн өсөлт, нийгмийн баялаг, иргэдийн амьжир­гааны асуудалд санаа зовнидог бол хөрөнгө оруулагчдаас энэ тоог эхлээд асуух учиртайсан. Тэр ч байтугай шаардлагаа бодитой болгохын тулд төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ч болох байв. “Оюутолгой” ХХК ийм саналыг тун уриалгахан хүлээн авдаг билээ. Харин энэ тухай сонирхохгүйгээр асуудлыг улстөржүүлэх санаа агуулсан бол гэрээний хэрэгжилт тэдэнд тийм ч чухал биш л дээ. Ямартай ч Оюутолгойд 12 мянган монгол хүн ажиллаж байгаа мэдээнд дээрх ажиллагсдаас гадна олон өрх айл баярлаж, амьжиргаа нь дээшилж байгаа нь ойлгомжтой. Дээр нь тэдэнд хэзээ ч, хэнд ч үл алдах дадлага чадвар, ажлын туршлага сууж буйгаараа мөнгөөр үнэлшгүй капитал гэж хэлж болно.

Юутай ч Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг нэхэж буй энэ мөчид зарим улстөрч энэ талаар ямар байр суурьтай байгааг дашрамд сонирхуулъя.

УИХ-ын гишүүн П.Ал­тан­гэрэл:

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр би арай өөр байр суурьтай байдаг юм. Оюутолгойд Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэхгүй гэсэн нэг ч Монгол хүн байхгүй. Бүгд нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Гэхдээ энэ дэлхий дээр Монгол Улс ганцаараа оршин тогтнодоггүй гэдгийг бодох хэрэгтэй. Бүхий л улс оронтой харилцаж, гэрээ, хэлцэл байгуулж, хэлсэн амандаа хүрч явах ёстой.  Өнөөдөр нэг юм ярьчихаад, маргааш нь өөр зүйл ярьдаг  хүнийг хүмүүс юу гэдэг билээ. “Найдваргүй. Хэлсэн амнаасаа буцаж, бухаж явдаг нөхөр.  Тиймээс энэ нөхөртэй дахиж харьцахгүй” гэдэг. Үүнтэй адилхан юм болчих вий гэж айж байгаа. Нөгөө талаас өмнөх хоёр, гурван удаагийн туршлага шиг юм болчих вий гэж болгоомжилж байгаа юм. /Улс төрийн тойм сонин. 2011.10.17. ¹196/0417 дугаарт/.

Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:

-Би энэ талаар байр сууриа илэрхийлэхэд их хүндрэлтэй байгаа юм аа. Яагаад гэвэл би тэдний цаад зорилгыг нь сайн ойлгохгүй байна. Засгийн газрыг огцруулах зорилготой юм уу, нам дамнасан албан ёсны эрх баригчдын эсрэг нам дамнасан албан ёсны сөрөг хүчин байгуулаад байгаа юм уу. Миний хамгийн их эмээж байгаа зүйл бол гуравдагч хөршийг Монголоос түлхэх тухай асуудал ярьж байгаа юм биш биз дээ гэдэг болгоомжлол. Нэг зүйлийг ойлго, хэрвээ “Рио Тинто” манайхаас гарвал хувьцаагаа хятадуудад юм уу, оросуудад л зарна. Дорнодод болсон явдал шиг. Ийм байдал руу яагаад түлхээд байгаа юм, гэрээ хэлцэл хийчихээд одоо юу яриад байгаа юм. Санаа зовмоор, ичмээр юм их болж байна л даа. Наад зах нь гэртээ урьж авчирчихаад зоддог боллоо. Ким Чен Ир гэж Хойд Солонгосын дарангуйлагчийн гадаад бодлого шиг зүйл явуулж байна шүү дээ. Тэр “Зургаан улсын хэлэлцээр” гэж нэг юм хийчихээд л тэднийгээ хулхидаад, үйлийг нь үзээд байдаг биз дээ. Нөгөөдүүл нь бүр цөхрөнгөө барчихсан, учраа олохоо байсан. Одоо Монголын гадаад бодлого ийм болж байгаа юм уу. Хулхины, тонуулын шинжтэй. Хэрвээ бид гадаадад иймэрхүү нэр хүнд олох юм бол үнэхээр хүнд байдалд орно, хэн биднийг тоох юм. Үүнд л би их санаа зовж байна. /Ардын эрх сонин 2011.10.14. ¹200/1758 дугаарт/.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

-Оюутолгойн төсөл бол хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах  чиглэлээр хийсэн маш том алхам болсон шүү дээ. Сүүлийн үеийн сайн бүтээн байгуулалт хийгдсэн, Улаанбаатарын өнгө үзэмж нэмэгдсэн гээд олон зүйлд Оюутолгойн ашиг тус их байгаа. Нэг талаасаа Оюутолгойн 50 хувийг авна гэдэг бол зөв л дөө. Гэхдээ хэзээ энэ шаардлагаа тавих вэ гэдгийг л хармаар байна. Дээрмийн аргаар ингэж одоогийх шиг аваад хэрэггүй. Бусад оронд өөрөөр хийгээд болоод л байгаа шүү дээ. Дээр нь 50 хувь бидэнд ирвэл тэр хэмжээгээрээ бид баяжина гэж бодож байгаа бол тэр худлаа. Харин энэ том төсөл хэрэгжээд эхэлснээс хойш Монголын маш олон компаниудыг чирж байгаа нь бидэнд хэрэгтэй. Оюутолгойд хүнс, ус, хувцас, шатахуун, эрчим хүч нийлүүлдэг гээд манайхан л хийж байгаа биз дээ. Тэгэхээр энэ төсөл өөрсдөө ажиллахаас гадна монголчуудад хэдэн зуун сая долларын ашиг өгсөн олон бизнесийг давхар чирээд л явж байгаа. Монголчуудыг мөнгөжүүлж байгаа төсөл. Яахав хувиа нэмээд татвар хувьцаа авлаа гэхэд хэдхэн дарга нар дахиад л хуваачихна шүү дээ. “Эрдэнэт”-ийг л харъя. Хорин жил болоход ард олонд өгөөж багатай л байсан. Яахав, сүүлд гэнэтийн ашгийн татвар нэмснээр л төсөвт орох орлого нь нэмэгдсэн байх. Том төсөл компанийг хэдийчинээ төрийн өмчид хамруулна, төдий чинээ дарга нар л бизнесээ хийх боломжийг илүү олдог, тэд л баяждаг байхгүй юу даа. Эндээс харахад хувь эзэмших хэмжээ үнэндээ бол олон нийтэд хамаагүй байдаг юм. Харин эдийн засгийг хэчнээн хэмжээгээр тэлж чадаж байна, хэдэн монголд цалин төлж байна гэдгийг л илүү анзаарах хэрэгтэй юм. /Ардын эрх сонин. 2011.10.07. ¹195/1753 дугаарт/.

Л.Баярмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж