Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Орцныхоо үүдэнд нарлаж суугаа хижээл насны хоёр эмэгтэйн яриа.

Эмэгтэй 1: -Манай хөрш айлын Балдан авгайгаасаа салж байгаа сурагтай.

Эмэгтэй 2: -Тийм байх аа. Ойрноос гэр орноороо орж гарч байгаа нь харагдахгүй байсан юм.

Эмэгтэй 1: -Харин тийм ээ. Өөр эхнэртэй болсон юм байх. Өчигдөр орой чинь бөөн л хэл ам, хэрүүл тэмцэл бол­лоо шүү дээ.

Эмэг­­тэй 2: -Бал­­дан ч гэ­ж дүүр­чихсэн т­энэг золиг юмаа.

Эмэг­тэй 1: -Хэлээд юу гэх вэ. Нээрээ аав нь нэг тиймэрхүү янзгүй эр байсан шүү дээ. Чи мэдэж байгаа биз дээ.

Эмэгтэй 2: -Тийм ээ. Тэр чинь залуудаа… Нар уулын цаагуур шингэж, үдшийн бүрий нөмрөхөд хоёр эмэгтэйн яриа дууссангүй. Үргэлжилсээр. Эхлээд Бал­данг ярьсан бол дараа нь Балдангийн аавын тухай, цаашлаад Балдангийн аавын найз бүсгүйчүүдийн тухай… Маргааш тэд орцныхоо үүдэнд нарлаж суухдаа мөн л энэ сэдвээ үргэлжлүүлнэ. Мэдээж Балдангийн оронд Батааг ярина. Ер нь тэгээд эргэн тойрныхоо хүн бүрийн талаар хов жив болгон ярьсаар л суух нь дамжиггүй.
Харамсалтай нь хов ярих гэдэг нь бол зөвхөн хийх ажилгүй эмэгтэйчүүдийн яриа биш ажээ. Эхний эмэгтэй яриа үүсгэхдээ хөрш айлаасаа эхэлсэн шиг манай улстөрчид ч ялгаагүй. Хов ярьсан шигээ улс төр хийх нь элбэг дэлбэг үзэгдэл болчихоод удаж буй.

Тэгсэн хэрнээ эмэгтэйчүүдээ “ховч авгай” гэж элдэвлэнэ. Эцсийн дүндээ эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү ховч. Наад зах нь хэвлэл дээр ямар мэдээлэл гарна түүнийг тойроод л улс төр хийж, хов хутгасан шигээ ажиллана. Тэгсэн хэрнээ хэвлэл рүү муу муухайгаа чихнэ. “Сэтгүүлчид л худлаа мэдээлэл бичээд тэр нь цаашаагаа хов болоод байдаг юм” гэх маягтай. Угтаа бол өөрсдөө тэр бүхнийг эхлүүлж, дээрх хоёр эмэгтэйн яриа шиг өрөө, өрөөнийхөө үүдийг түгжчихээд хов ярьж суудгийг нь сэтгүүлчид төдийгүй анд найз нар нь ч сайн мэднэ шүү дээ. Гэхдээ сүүлийн үед энэ зуршил нь ил тод болоод удаж буй.

Наад зах нь, Японы “Майничи” сонины нийтлэлд тулгуурласан улс төрийн явган шог яриаг дурьдаж болно. Тэнд сэтгүүлч нь “Монголын төр эх орондоо цөмийн хаягдал булах талаар тохиролцож эхэллээ” гэж бичсэн даруйд манайхан бие, биеэ муухай харж эхэлсэн. Өөрсдийн нэр төрийг хэвлэлээр цайруулахын тулд “Тэр дарга л энэ тухай мэднэ. Энэ зөвлөх л иймэрхүү юм ярьсан байх магадлалтай” гээд цуу яриаг дэвэргэх болсон. Өнөөдөр мөнөөх сонин нь “Монгол Улс цөмийн хаягдлаас татгалзлаа” хэмээн бичиж байна. Их удахгүй “Би татгалзсан. Би анхнаасаа эсэргүүцсэн” гээд л улс төр хийж эхэлнэ. Харамсалтай нь, энэхүү дам мэдээллийг тойрсон улс төр нь өнөөдөр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг хагалгаа хийлгэхэд хүргэсэн. Бүгд гэм буруугүй болох хүсэлдээ хэт хөтлөгдөж, бүхний буруутнаар С.Энхбат даргыг албан бусаар тодруулчихаад байсан учраас тэр. С.Энхбат даргыг сэтгэл зүйн дарамтанд оруулах замаар өөрсдийгөө гэмгүй болгож хараг­дуулах хүсэл нь өнөөдөр эгээтэй л гэмгүй хүний амь насыг авч одоогүйд тэд баярлаж суугаа ч байж болох. Энэ бол монгол төрийн арчаагүй, сул дорой, хувиа хичээсэн мөн чанарын илрэл. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд бүгдээрээ энэ хов яриаг өргөжихөд нөлөөлсөн учраас тэр.

Дараагийн нэг хов ярианы бодит жишээ. “Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэйгээ зөрчилдөж эхэлж гэнэ” гэх яриа. Намынх дотроос ч тэр, гаднаас ч тэр энэ хов яриаг хангалттай их дэвэргэсэн. Бие, биеэ үзэж чадахаа больсон дарга, генсек хоёрын хувь тавилан хэдий хүртэл улс төрд хамт үргэлжлэхийг төсөөлөх хүсэлтэй хэвлэлийнхэн ч шургаад орчихсон. Мэдээж тэд  өөрсдөө энэ хов яриаг эхэлсэн болохоор яагаад болохгүй гэж. Бичих л ёстой шүү дээ. Энэ мэдээлэл өрнөхтэй зэрэгцээд “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёр уулзаж гэнэ ээ” гэсэн мэдээлэл гарав. Ардын намынхан сандарч байгаа гэж жигтэйхэн. Угтаа бол уулзсан байсан ч яалаа. Уулзаагүй байсан ч яалаа. Гэтэл тэд тэгсэнгүй. Эмзэглэж байгаа гэж юу гэх вэ. Бүхэл бүтэн хэвлэлийн бага хурал зарлаж ирээд л “У.Хүрэлсүх дарга Н.Энхбаяртай уулзаагүй. Энэ бол албан ёсны тайлбар” хэмээв. Намын дарга хийгээд Ерөнхий нарийн бичгийн даргын зөрчлийн тухайд ч тэр адилхан. “Тэр хоёр хэн хүнээс ч илүү эвтэй байгаа. Нөхөрлөлийнх нь дундуур зүү орох ч зайгүй” гэх маягийн тайлбарыг уриалгахан гэгч нь өгч байсан. Хөндлөнгийн нүдээр харахад дээрх хоёр эмгэний яриаг сонссон Балдан гэгч эр эхнэрээ өөрийнхөө өмнөөс явуулан “Балдан бид хоёр салахгүй. Өчигдөр орой манайх нам тайван байсан” гэж хэлүүлж байгаатай агаар нэг санагдана.
Энэ сэдэвтэй хамтатгаад Ерөнхий сайд асан С.Баярын саяхан хэвлэлд өгсөн нэг ярилцлагыг ч онцлоход буруудахгүй. Тэрхүү ярилцлагадаа “Би У.Хүрэлсүх, С.Батболд хоёрыг зөрчилтэй байгаа гэж хэвлэлээр бичээд байхаар хоёуланг нь дуудаж уулзсан. Хоёулаа л надад тийм юм байхгүй гэж хэлсэн” гэсэн байв. Хэвлэлийг шүүмжлээд байдаг хэрнээ хэвлэлийнхээ үгээр өөрсдөө улс төр хийдгийн бодит жишээ энэ. Тэгээд нөгөө л Балдангийн тухай үдэш, орой болсныг анзаарахгүй хов ярьж суугаа хичээл насны хоёр эмэгтэй шиг түүнийгээ хэвлэлд яриад л. “Би тийм яриа гараад байхаар нь тодруулж асуусан. Тэгсэн чинь үгүй гэж байна лээ” гэх маягтай. Уг нь том улстөрчид иймэрхүү ярианаас холуур байж, цаагуураа ярьсан ч ил гарган задлах шаардлага байхгүй баймаар. Гэтэл тэд тэгдэггүй. Үндсэн фигур нь ердөө л хов ярьдаг авгай нар шигээ болчихсон.

УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн байна. “Намайг Ерөнхий сайд өрөөндөө дуудаж уулзсан. Би хэлэх үгээ хэлсэн” гэж ирээд л томорно. Уг нь тэдний яриа тэндээ л үлдэх ёстой. Гэтэл тэгдэггүй. Байгаагаасаа том харагдах гэсэн хүсэл нь тэднийг яг л хов ярьж, ээж, ааваараа өмгөөлүүлэн үеийнхэнтэйгээ муудалцдаг хүүхэд шиг харагдуулах болсоор удаж буй. Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэх засаглалыг огцруулах саналаа өргөн барих яриаг тойрсон ямар их шуугиан үүсэв. Ерөнхий сайд нь “айсандаа” Монголын эдийн засгийг тэнгэрт цойлуулахаа хүртэл амласан. Тэр хооронд нь нөгөө 20 гишүүний олонхи нь хов ярих маягтайгаар улс төр хийж, өөрсдийгөө бие даасан том улстөрч болохоо батлан харуулах оролдогыг гаргууд сайн хийсэн. Энэ үед гүйцэтгэх засаглал бүхэлдээ тэдний хов ярианд татагдан орж, бүр хөрөнгө оруулагч талтай хамтарсан мэдэгдэл хүртэл гаргаад авсан. Гэтэл бодит байдал дээр Засгийн газрыг огцруулах санал дээр 20 биш ердөө хоёр гуравхан гишүүн л тууштай зогсч байгаа нь өдгөө ил болсон. Магадгүй тэрхүү дуулиант 20-ийг 40 гээд биччихсэн бол бүр ч  олон үзэгдэлтэй жүжиг үзэх байсан биз. Энэ бол Монголын хов тойрсон, хов хөөцөлдсөн улс төрийн жишээ. Тийм ч учраас тэд “Хов ярья” хэмээн биесээ уриалж, түүндээ ороогдож амьдрахыг илүүд  үзэхийн хэрээр хөгжил дэвшлийн тухай ойлголт энд мардагдаж орхисон нь ойлгомжтой.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж