-Нэр бүхий 20 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэхээр болсон. Гэтэл сүүлийн үед олонхи нь энэ саналыг дэмжээгүй талаар мэдээлэх боллоо. Таны хувьд Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж байгаа юу?
-Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр бид нар хатуухан шаардлага тавьчихсан байгаа. Би хувьдаа Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжиж байгаа. УИХ-ын тухай хуульд ч Засгийн газрын тухай хуульд ч тэр энэ талаар тодорхой заалтууд бий. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагчдыг өмгөөлсөн мэдэгдэл хийлээ. Засгийн газар гадаадын нэг аж ахуйн нэгжтэй нийлээд “УИХ-ын 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн” гэж байгаа нь маш зохимжгүй. Цагаан цаасан дээр хараар “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын талын эзэмших 34 хувийг 50 болгох” гэж бичсэн байгаа. Энэ заалт чухам яаж хэрэгжсэн юм бэ. Тиймээс үүнд тайлбар авах, Ерөнхий сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа.
-Засгийн газрыг огцруулахад доод тал нь 19 гишүүн санал нэгдсэн байх ёстой. Тиймээс дээрх тооны гишүүний дэмжлэгийг авч чадахгүй нь тодорхой болсон учраас Үндсэн хуулийн болон УИХ-ын тухай хуулийн дагуу шаардлагаа тавихаар болсон юм уу?
-Гарын үсэг зурах хүний тоо хамаагүй. Тоо олон, цөөн байхаас үл хамаарсан хуулийн заалт байна гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т заасны дагуу Ерөнхий сайд ажлаа үүргийн дагуу хийж чадаж байна уу, үгүй юү гэдгийг хэлэлцэх эрх УИХ-д нээлттэй. Тиймээс ч энэ заалтын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Огцруулах шаардлагыг 2-3 гишүүн эсвэл тав, арван гишүүн нийлээд тавих нь ч бүрэн эрхийн асуудал. Гол нь үүнд гадна, дотнын хүмүүс сандраад байгаа нь сонин байна. Энэ бол Монгол төрийн дотоод асуудал шүү дээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд УИХ-аар олон ч Засгийн газар, сайд нарыг огцруулах тухай хэлэлцсэн дээ. Огцрох үедээ огцроод, зарим үед огцроогүй. Энэ бол Монгол төр бэхжих, чадамж суух, ажиллах ур чадвар нь сайжрах, хөгжих, бэхжихтэй холбоотой зүйл л байгаа юм. Тиймээс ч Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
-Шаардлагаа яг хэзээ өгөх юм бэ?
-Өнөөдрийн хувьд холбогдох зүйлийг судлаад явж байна. Гэхдээ ойрын хугацаанд шаардлагаа өгнө.
-Ер нь та бүхний эцсийн зорилго юу вэ. Засгийн газрыг огцрууллаа гээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах юм болов уу?
-Монголын төр байх газраа байж, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ёстой. УИХ гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянах, гүйцэтгэлийг нь зохион байгуулахыг шаардах, хийлгүүлэх бүрэн эрхтэй. Миний хувьд хамгийн их санаа зовж байгаа зүйл бол “Монголчууд их амархан даа. Аргалж болдог юм. Хэдэн дарга нартай нь хэл, амаа ололцож болно” гэдэг гадныхны хандлага цаашид ч байсаар байх вий гэдэгт байгаа юм. Монгол бол асар их баялагтай орон. Уул уурхайн салбараар хөгжлийнхөө гарцыг тодорхойлчихсон. Оюутолгойгоос гадна стратегийн ач холбогдол бүхий 15-16 ордтой. Дахиад стратегийн ач холбогдолтой байж болох 15-20 орчим томоохон ордуудыг нээсэн гэж дуулдах юм. Монгол Улс Латин Америк, Африкийн буурай хөгжилтэй улс орнуудын эмгэнэлт хувь заяаг давтахгүй, тойрч гарах ёстой. Тиймээс улсын хөгжил, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын тулд анхны томоохон хөрөнгө оруулалтын гэрээг хаанаас нь ч харсан ашигтай байдлаар л хийх гэсэн юм. Үүнийг зөв хийж чадвал дараа, дараагийн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийгээд явчихна.
-“Айвенхоу Майнз” ч тэр, Засгийн газар ч тэр УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлчихсэн гээд байна шүү дээ?
-“Эрх зүйн орчныг бий болгох” гэдэг зүйлийг хэрэгжүүлээгүй. “Хөрөнгө оруулалтын тухай хуульд 30 жил гэж заасан байгаа. Бид энэ хүрээнд гэрээгээ байгуулсан” гээд байгаа юм. Бүгд л ингэж ярьж байна. Уг нь “Эрх зүйн орчныг бий болгох” гэдэг үгийг Засгийн газар маш сайн ойлгож байх ёстой. Өөрсдөө ч хэрэглэж чаддаг юм. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчдад тааламжтай, ашигтай байх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулиудад өөрчлөлт оруулахдаа үүнийг ашигладаг нь харамсалтай. Оюутолгойн гэрээг байгуулах үеэр асуудлаа их л уриалгахан, шуурхай оруулж ирж байсан. Тухайлбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэсэн. Газар, зам, ус ашиглахтай холбогдсон хуулиудыг хөрөнгө оруулагчдад тааламжтай байдлаар өөрчилж, шинэчлэх санааг хурдан, шуурхай оруулж ирж байлаа. Энэ арга барил, сэтгэлгээгээрээ Хөрөнгө оруулалтын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд байдаг 30 жил гэдгийг 15, 20 эсвэл 25 болгож өөрчилж яагаад болоогүй юм бэ. Тийм биз. Яагаад ганцхан 30 жил гэдэг хугацааг хөдөлгөөгүй үлдээчихээд байгаа юм.
-Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа гишүүдийг “Сонгуулийн өмнө улс төр хийж байна” гэж шүүмжлэх хүн олон байна?
-Бид улс төр хийгээгүй. Оюутолгойн гэрээг 2009 оны гуравдугаар сарын 4-нд өргөн барьсан байдаг. Бид тэр мөчөөс энэ талаар ярьж эхэлсэн. Тэгэхээр гурван жил улс төр хийсэн болж таарч байгаа биз. Харин ч ингэж ярьсны хүчинд хөрөнгө оруултын гэрээ дүр төрхөө олсон. Олон улсын хэм, хэмжээнд дөхөж очсон гэж хэлж болно. Анх хөрөнгө оруулалтын гэрээ гэж сонин юм өргөн барьж байсан. УИХ-ын хуулиар батлуулахаар олон улсын гэрээ, эрх зүйд байдаггүй хэм хэмжээ, стандарт бус санал орж ирсэн. Тиймээс “Байдаг л нэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын гэрээг яахаараа Монгол Улсын хуулиар батлах гээд байгаа юм бэ” гэж байж одоогийн түвшинд хүргэсэн. Үүнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй л дээ. Бас УИХ-ын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Монголын талын эзэмших хувийг өөрчлөхтэй холбоотой хуулийн төслүүдийг удаа дараа өргөн барьсан байдаг. Хэлэлцэхгүй өнгөрөөсөөр өдий хүрсэн хэрэг. Иймэрхүү юм болоод байгаа юм. Шаардлагаа одоог хүртэл сулруулахгүй байгаа нь амьхандаа Засгийн газартаа туслах гэсэн ухаантай юм шүү.
-Яаж туслах гэсэн хэрэг вэ?
-“УИХ-ын гишүүд шахаж, шаардаад байна. Гэрээг улам тодорхой болгоё, хэлэлцье” гэх болов уу гэж бодсон. Бид гэрээг яг одоо цуцалж, хөрөнгө оруулагч компанийн үйл ажиллагааг зогсооё гээгүй. Хэний ч амнаас ийм үг гараагүй. Харин ч “Засгийн газар хөрөнгө оруулагч талтай олон удаа гэрээ, хэлцэл хийхээр нүүр нь улалзаад байдаг бол гишүүдийн шаардлага, хэлсэн үгэн дээр дөрөөлөөд “Манайх парламентын засаглалтай улс. Парламентын 20-ийн 20 гишүүн шаардлага тавиад байна. Бидэнд хэцүү байна шүү дээ” гээд гэрээгээ эргэж харах талаар яриасай” гэж бодсон.
-Үүнийг Засгийн газар ойлгоогүй байх нь ээ?
-Тийм бололтой. Оюутолгойд оруулсан анхны хөрөнгө оруулалтаа нөхөх нь 5-10 жилийн хугацаа шаардах асуудал. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байхаас хамаарна. Ямартай ч үнэ өсөөд л байх бололтой юм. Тиймээс бид “Анхны хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөний дараа Оюутолгойгоо хувь тэнцүүхэн ашиглаад явъя” гэсэн санаа гаргасан хэрэг. Түүнээс биш “Яг одоо ингэ, тэг” гэсэн хатуу шаардлага тавиагүй юм шүү дээ. “Айвенхоу Майнз”-ынхан ч үүнийг сайн мэдэж байгаа. Нэр хүндтэй, олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд уул уурхайн ил тод байдлыг их эрхэмлэдэг. Үлгэр жишээ, сайн дуурайлал үзүүлэхийг ч хичээдэг. Энэ агуулгаараа хөрөнгө оруулагчид УИХ-ын 57 дугаар тогтоолыг маш сайн мэдэж байгаа. Тиймээс “УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравт “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 34 хувийг 50 болгох” гэж заасан байна. Үүнийг хэдүүлээ яах вэ” гэж ярих ёстой юм л даа. “Үүнийгээ тав эсвэл 15 жилийн дараа хэрэгжүүлье” гэдэг ч юм уу. Ингэж хоёр талаасаа санаачилга гаргах ёстой байсан. Гэтэл одоо “57 дугаар тогтоолыг биелүүлсэн” гэж ярьж байгаа нь харамсалтай.
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлэх хүртэл шаардлагаа тавих уу?
-Нэр бүхий 20 гишүүн “Тогтоолын заалтыг биелүүлээгүй, болоогүй” гэж үзэж байна. Хэрэгжүүлэхгүй бол заалтыг хэрэгжүүлэхийг шаардсаар л байх болно.
-Та бүхний Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж, дэмжлээ гэж бодъё. Гэтэл “УИХ-ын сонгууль болох хугацаа ойртож байгаа энэ үед улс орны ажил цалгардана. Дараагийн Засгийн газрыг байгуулах гэж хугацаа алдана” гэж шүүмжлэх хүн олон байна?
-Асуудлыг аль өнцгөөс нь авч үзэх вэ гэдэг л байгаа юм. Жишээ нь, 2007 онд, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед нам нь хурлаа хийгээд даргаа өөрчилсөн. Улмаар “Намын дарга Ерөнхий сайдын ажлыг хамт хийдэг” гээд сонгуулийн өмнөхөн Засгийн газрыг огцруулж байсан. Тэр үед улс орны эдийн засаг, нийгмийн асуудал хоцрогдохгүйгээр хэвийн явж байсан юм. Тэгэхээр яаж ойлгож, яаж тайлбарлахаас л шалтгаална. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талаас нь яриад байгаа. Энэ бол цоо шинэ үзэгдэл биш шүү дээ. Ардчилсан төр засгийг байгуулсан сүүлийн 20 жилд иймэрхүү зүйл болсоор ирсэн. Гажууд юм биш. Төр, ард түмний эсрэг хийсэн үйлдэл байхгүй. Монгол төрийн ажил үргэлжлээд явна. Шинэчлэлт, өөрчлөлтөө хийгээд явдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэчнээн ч Засгийн газар байгуулагдсан юм, бүү мэд. Бараг 10 гаруй байх шүү. Түүнээс болоод төрийн ажил цалгардсан зүйл огт байхгүй. Тэгэхээр УИХ үүнийг хэлэлцэх л хэрэгтэй. Хэлэлцээд “Огцруулахгүй” гэвэл тэр л биз.
-Ардчилсан намын бүлэг хуралдаад “Сонгуулийг 26 тойргоор явуулах саналтай байгаа”-гаа хэлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ дахь МАН-ын бүлэг 48:28 гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Харин би хувь хүнийхээ хувьд энэ хувилбарыг “ухралт” гэж үзэж байгаа. Тойрог томорч байх ёстой. Ингэж байж сонгуулийн саналд мөнгөний нөлөөлөл орох нь багасна. Ардчилсан намын бүлгийн саналаар бол нэг аймаг нэг тойрогтой байх нь. Нэг аймагт мөнгө тараах, 48 жижиг тойрогт мөнгө тараах гэдэг огт өөр. Завхан аймаг 45 мянган сонгогчтой, 24 сумтай. 48:28 гэсэн хувилбараар явбал 22 мянга 500 сонгогч нэг тойрогт ногдож байна. Хамгийн олон буюу 25 хувь дээр нэмэх нь нэг хувийн санал авбал ялна гэсэн үг. Нэг ёсондоо 5500 хүний санал авсан хүн гараад ирэх магадлал өндөр. Нэр дэвшигчид говь талдаа дөрвөн сум, хангай талдаа 2-3 суманд сайн ажиллавал 25 хувиас дээш хувийн санал авах боломжтой гэсэн үг.
-Харин намын бусад гишүүд энэ саналыг хэрхэн хүлээж авах бол?
-Манай намын бүлэг шийдвэрээ гаргасан. Гишүүний хувьд тэрхүү шийдвэрийг л дагана. Гэхдээ “Сонгуулийг мөнгөнөөс хол байлгая” гэвэл тойргийг томсгох хэрэгтэй. Жижигсгэсэн тойргоор сонгууль явуулбал захын хүн 3-4 суманд сайн ажиллах талаар бодож эхэлнэ. Нэр дэвшигчдийн тоо замбараагүй их болно. Төрд хэрэгтэй хүнийг сонгохоосоо илүү мөнгөтэй хүнийг сонгох магадлал нь өндөр болно гэсэн үг. Хоёр намын бүлэг хэлэлцээд тойргоо 2008 онд сонгууль явуулсан тойргийн тооноос илүү битгий нэмээсэй гэж бодож байна. Намын бүлгүүд үүнийг сайн ярих ёстой. Уул уурхайн салбарт гадны томоохон хөрөнгө оруулагчдын нөлөө хүчтэй орж ирж байна. Ийм үед Монгол шиг жижиг улсад сонгуульд зарцуулах мөнгө гадны хэн нэгний халаас, түрийвчний буланд нь л хэвтэж байгаа бизээ. Мөнгөний нөлөөгөөр янз бүрийн эрх ашгийг төлөөлөх хүмүүс гарч ирнэ. Харин тойрог том байвал нөлөөлөл нь харьцангуй багасах юм.
"Улс төрийн тойм" сонин