Цагдаагийн байгууллагын хууль маргаан дагуулав?

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагын хууль маргаан дагуулав?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Эдгээр хэд хэдэн хуулийн төслийг Засгийн газрын төвшинд боловсруулсан бөгөөд Монгол Улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхэд хүчний байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар тусгажээ. Тодруулбал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг дан ганц цагдаагийн байгууллага өөрсдийн хүчээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд Засгийн газар асуудлыг авч хэлэлцээд Онцгой байдлын ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас хүч татахаар тусгасан байна. Энэ нь дараах шалтгаантай холбоотой аж. Тухайлбал, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед гал гардаг. Галыг аюулгүй болгохын тулд Онцгой байдлын хүчийг татахаас аргагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хувьд дээрх нөхцөл байдал үүссэн нөхцөлд онц байдал зарлаж, хоригдлуудыг ангиас нь гаргахгүй байх тал дээр бүх талын хүч анхаарлаа хандуулна. Дэлхийн улс орнуудад олныг хамарсан үймээний үеэр хоригдлуудыг оргуулж үймээнд татан оролцуулж ноцтой ажиллагаануудыг гардан зохион байгуулуулдаг тул түүнээс сэргийлж дээрх заалтыг оруулжээ. Харин Хил хамгаалах байгууллагын хувьд хил дээр үүсч болзошгүй эмх замбараагүй байдлыг зохицуулахад оролцоно. Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт ихэссэнээр хилийн боомтууд дээр төвлөрөл бий болсон байна. Хэрэв олныг хамарсан эмх замбараагүй байдал хилийн бүсэд үүсэхэд хилчид түүнийг зохицуулахаас аргагүй гэнэ. Гэвч төсөлд нийгмийн хэв журам алдагдаж “Цагдаагийн байгууллага өөрийн хүчээр зохицуулах боломжгүй нөхцөлд Хилийн цэргийг татан оролцуулна” гэж заасан нь гишүүдийн дунд маргаан дэгдээлээ. Дээр нь ийм нөхцөл байдал үүсэхэд цагдаа галт зэвсэг ашиглахаар тусгасан нь буруу алхам болж байна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр сануулав. Тэрбээр “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэж юуг хэлэх талаар төсөлд нарийвчлан заагаагүй. Тухайн үеийн үзэмжээр үзнэ гэж байгаа. Дээр нь хил манах цэрэг ард түмнийхээ эсрэг зогсох болж байгаа нь юу гэсэн үг вэ. Цагдаа нар яагаад усан буу, нулимс асгаруулагч, бороохой ашиглахгүй галт зэвсэг ашиглах эрхийг олгох гээд байна вэ” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор Хүний эрхийн дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус бүр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд хүчний байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй ажиллагаа, дээр нь ямар эрх үүргээр ажиллах вэ гэдэг нарийн заалт байгаагүй тул энэ бүхнийг хууль эрх зүйн хүрээнд тусгаж өгөх ёстой гэж заасан. Энэ дагуу Засгийн газар хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ер нь дэлхийн аль ч орон цагдаатай. Галт зэвсэг хэрэглэдэг, тусгай хэрэгслээ бүсэлчихсэн явж байдаг. Хэдэн нөхөр ард иргэд рүү шууд буудаад эхэлбэл цагдаа тэдэн рүү ус шүршээд зогсож байх уу. Норвеги улсад саяхан ямар үйл явдал болов. Монгол Улс шиг тайван орон. Гэтэл ганц нөхөр 70 орчим иргэнийг буудаад хөнөөчихлөө. Энэ бүхэнд УИХ өөрсдөө хариулт өгөх байлгүй. Монголын төр ямар ч нөхцөлд ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Ийм эрх зүйн орчинг УИХ дахь Ардчилсан нам, МАН бүрдүүлж өгөх ёстой. Ялж, ялагдаж сурах сэтгэлийн тэнхээтэй болж, ард түмнийг үймүүлэхээ болих хэрэгтэй” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хилийн бүсэд үймээн гарахад түүнд Хилийн цэрэг оролцож зохицуулахаас аргагүй. Улаанбаатар хотод нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхэд хилийн цэргийнхнийг татан оролцуулна гэвэл буруу. Мөн Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхныг татан оролцуулна гэвэл бас л буруу алхам болно. Тийм учраас дээрх байгууллагууд хэрхэн ажиллах вэ гэдгийг нарийвчлан зааглаж өгөх ёстой” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг дээрх төслийг Засгийн газарт буцааж, гишүүдийн хэлээд байгаа асуудлыг нарийвчлан тусгасны дараа УИХ төслийг хэлэлцэх ёстой гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Төслийг буцаана гэдэг нь өөрөө ийм хууль батлахыг хүсэхгүй байна гэсэн үг. Тийм учраас байнгын хорооны төвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төслийг сайжруулах чиглэлээр УИХ өөрөө ажиллах ёстой гэв. Эцэст нь гишүүд нэгбүрчлэн саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад олонхи нь ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ажлын хэсэг асуудлыг дахин нягталж боловсруулсны дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж “Хэлэлцэх эсэхийг” шийдэхээр тогтов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж