Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Клодоалдо Угеней аравдугаар сарын 15-19-нд Улаанбаатар хотноо ажиллах хугацаандаа Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Б.Одонжилтэй хоёр талын болон харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хооронд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.
Мөн УИХ дахь Монгол, Бразилийн бүлгийн дарга Ш.Сайхансамбуу, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БСШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Наранцогт нар Бразилийн Элчин сайд Клодоалдо Угенейг тус тус хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.