Хэрүүл дагуулсан 350 төгрөгийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Хэрүүл дагуулсан 350 төгрөгийг хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэх гэж байна. Хуралдааны  эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцаалах юм байна. Ц.Нямдорж сайд дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачлан боловсруулсан “1996 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг оруулах ажээ.

Хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Хөрөнгө гаргах тухай, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай, Жагсаалт шинэчлэн батлах тухай, Хөтөлийн  “Цемент шохой” ТӨХК-ийн дулааны станцын талаар авах зарим арга хэмжээний тухай, Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Гадаад харилцааны сайдын оруулах нууц асуудал, Төв аймгийн Засаг даргын мэдээлэл, Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын тухай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай зэрэг асуудалтай танилцах юм байна.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хооронд хэрүүл дагуулаад буй Хүний хөгжил сангаас эх орны хишиг, хувийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож байгаа үйлчилгээний талаар танилцах ажээ. Түүгээр 350 төгрөгийн хураамжийг хэрхэх талаар ярилцах бололтой байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж