БНХАУ-ын Шанхай хотод болсон талбан теннисний эрэгтэйчүүдийн “Shanghai Rolex Masters” тэмцээн боллоо. Нийт 3,24 сая ам долларын шагналын сантай тэмцээн сонирхолтой үйл явдлаар дүүрэн болсон. “Их дуулга”-ын 10 түрүүтэй Испанийн Рафаэль Надаль гуравдугаар тойрогт Германы Флориан Майерт 6:7, 3:6-аар хожигдсон нь том дуулиан байв. Испани эрээс гадна Шанхайд дээгүүр өрсөлдөнө гэж хэмээгдэж байсан Францын Жо-Вильфред Цонга, Чехийн Томаш Бердых, АНУ-ын Энди Роддик нар хагас шигшээд шалгараагүй нь тэмцээн хэрхэн өрнөснийг илтгэнэ. Шигшээ тоглолтод Их Британийн Энди Мюррей, Испанийн Дэвид Феррер нар тунан үлдсэн нь теннис сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Учир нь Мюррей тус тэмцээнд түрүүлэх аваас дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэх байв. Тэрбээр үүргээ амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 7:5, 6:4-өөр ялан алдарт Рожер Федерерийн байрыг булаалаа. “Швейцарь цаг” ийнхүү найман жилийн дараа чансааны эхний гурваас хасагдаж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2003 оны зургадугаар сард чансааны дөрөвдүгээрт бичигдэж байжээ.
Б.Зүчи
"Өдрийн шуудан" сонин